Палестинчуудад туслах агентлагийг АНУ санхүүжүүлэхээ болив

Палестины дүрвэгсдэд туслах, ажил олгох асуудал хариуцсан НҮБ-ын Ойрхи Дорнодын агентлагийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа санхүүжүүлэхээ болихоор шийджээ. Тус улсын Төрийн департаментын хэвлэлийн албаны удирдагч Хезер Науэрт ийн мэдэгдсэн байна. “Нэгдүгээр сард бид 60 сая доллар өгөхдөө дахин ийм тусламж үзүүлэхгүй гэдгээ анхааруулсан” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Үүнээс өмнө Трампын зарлигаар АНУ-ын эрх баригчид Палестинд 200 сая долларын тусламж үзүүлэхээс татгалзсан. Үүнд Газын зурвасын байдал нөлөөлснийг тэмдэглэхдээ Палестины ХАМАС хөдөлгөөн хүмүүсийн амь насанд заналхийлж, хүмүүнлэгийн болон эдийн засгийн байдлыг муутгаж байгааг онцолсон байна.

Вашингтон өнгөрсөн жил тус агентлагт төсвийх нь бараг тал орчим хувийг буюу 350 сая гаруй доллар шилжүүлжээ. Харин одоо санхүүжилтээ зогсоосноор тусламжийн уг байгууллага санхүүгийн хүнд байдалд орж, Ойрхи Дорнодын бүс нутгийн угийн хүнд байдал улам муудаж, хүчирхийлэл, ялангуяа Газын зурваст газар авна хэмээн “Washington post” тэмдэглэв.

“АНУ-ын сүүлд гаргасан шийдвэрүүд Палестины ард түмэнд халдсан, НҮБ-ын шийдвэрийг үл хайхарч буйн илрэл” хэмээн Палестины Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Набиль Абу Рдаинах мэдэгдсэнийг “Reuters” уламжилжээ.

“АНУ хэдэн арван жил улс төр, санхүүгийн дэмжлэг үзүүлснийхээ дараа ийм шийдвэр гаргасанд НҮБ-ын Ойрхи Дорнодын агентлаг харамсаж байна” гэж тус агентлагийн албан ёсны төлөөлөгч Крис Ганнес твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Бидний барьж байгуулсан сургууль, эмнэлэг, яаралтай тусламжийн хөтөлбөрийг найдваргүй, итгэл үл хүлээнэ гэж мэдэгдэхийг тэрбээр хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. НҮБ-ын агентлагийн ачаар Ойрхи Дорнодод хэрэгжүүлсэн боловсролын хөтөлбөр хүний боломжийг хөгжүүлэх талаар хамгийн өндөр үр дүн үзүүлснийг Дэлхийн банк үнэлснийг Крис Ганнес нэмж хэлсэн байна.

Одоо тус байгууллага хандивлагчдаас тусламжаа нэмэхийг уриалах гэнэ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш АНУ-ын гаргасан шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлээд, санхүүжилтийг гүйцээхэд туслахыг бусад улсад уриалжээ.

Араб, Израилын 1948 оны мөргөлдөөний улмаас орон гэр, амь зуух зүйлгүй болсон Палестинаас дүрвэгч арабуудад туслахаар 1949 оны арванхоёрдугаар сарын 8-нд баталсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолын дагуу Палестины дүрвэгсдэд туслах, ажил олгох асуудал хариуцсан НҮБ-ын Ойрхи Дорнодын агентлагийг байгуулсан аж. Тус байгууллага Палестины дүрвэгсдийн эрхийг хамгаалж, тэдэнд боловсрол эзэмшиж, эмнэлгийн үйлчилгээ, хүмүүнлэгийн тусламж, нийгмийн халамж эдлэхэд тусалдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)