Пакистаны таван одтой зочид буудалд халдлаа

Пакистаны өмнөд нутгийн Белужистан мужийн Гвадар хот дахь таван одтой, тэнгэр баганадсан зочид буудалд зэвсэглэсэн гурван босогч халдсаны улмаас нэг хүн амь эрсэджээ. Тодруулбал, халдлагад өртсөн “Pearl continental” зочид буудлын хамгаалагч амиа алдсан аж. Хэргийн газрыг бүрэн хаасан аюулаас хамгаалах хүчнийхэн гэмт этгээдүүдийг зочид буудлын хамгийн дээд давхарт бүсэлсэн байгаа гэнэ. Буудлын үйлчлүүлэгчдийг халдлага эхлэх үед амжилттай нүүлгэн шилжүүлсэн байжээ.

Хятад болон бусад улсын хөрөнгө оруулагчдыг онилсноо уг халдлагыг зохион байгуулсан, салан тусгаарлах үзэлтнүүдийн “Белужистаныг чөлөөлөх арми” бүлэглэл мэдэгдсэн байна. Боомт Гвадар хот нь Хятадын 2013 онд эхлүүлсэн, “Нэг бүс, нэг зам” төслийнчухал хэсэг аж. Энэ төслийн хүрээнд Хятад улс дэлхийн янз бүрийн бүс нутагт бараа, бүтээгдэхүүнээ хүргэх далайн болон хуурай замын сүлжээ байгуулж буй билээ. Өнгөрсөн сард тус мужид зорчигчид бүхий автобусанд халдсаны улмаас 14 хүн амиа алдсан. Эл халдлагын хариуцлагыг мөн л “Белужистаныг чөлөөлөх арми” хүлээсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)