О.ЯНЖИНЛХАМ: Дасгалжуулагчаа солих шийдвэр гаргах амаргүй байсан

Буудлагын эмэгтэй тамирчдаас О.Янжинлхамыг спорт сонирхогчид андахгүй. Түүнийг “Мэргэн буудагч” болсон үеэс нь дэмжиж, оролцсон тэмцээн бүрийг нь алгасалгүй үзсээр ирсэн хүн олон. Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д онч сорихдоо 20 гаруй удаа аваргалж, дээд амжилтыг хэдэнтээ шинэчилсэн юм. Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл, оюутны ДАШТ-ээс алт, хүрэл, оюутны универсадаас хүрэл, Дэлхийн цэргийн (CISM) VI наадмаас алтан медаль өвөртөлсөн амжилттай. Үе үеийн шилдэг тамирчдыг дэлхийд таниулсан “Алдар” спорт хороогоор овоглодог түүнийг “Залуус” буландаа зочноор урилаа.

-“Токио-2020” олимп болтол буудлагын спортынхонд эрх олгох тэмцээнгүй. Гэхдээ дэлхийн цом, олимпын өмнөх сорил тэмцээнтэй. Та оролцох уу?

-Оролцоно. Олимпын эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн өнгөрсөн аравдугаар сард Катарын Дохад болсон. Энэ онд эрх олгох тэмцээнгүй ч ирэх сард Энэтхэгт болох дэлхийн цом, дөрөв, тавдугаар сард Германд олимпын өмнөх сорил тэмцээнтэй тул оролцохоор бэлтгэлээ базааж байна. Миний хувьд шинэ оны өмнө болсон Монголын буудлагын холбооны цомын тэмцээнүүдэд оролцож, 2019 оны УАШТ-д түрүүлэн, өмнөх амжилтаа шинэчлэн тогтоолоо. Буудлагын тэмцээнүүдээс Азийн тамирчид олимпын олон эрх авсан. “Токио-2020” олимпын наадамд Европын тамирчдаас илүү азийнхан хоорондоо ширүүн өрсөлдөх байх.

-Та буудлагын спортод хөл тавьж, “Снайпер” клубээс амжилтынхаа гарааг эхэлсэн. Афины олимпын буудлагын тэмцээнийг аав тань зурагтаар үзчихээд охиноо энэ спортоор хичээллүүлэхээр шийдсэн гэдэг бил үү?

-2004 онд Афины олимпын буудлагын тэмцээнийг аавтай хамт зурагтаар үзэж суутал 18 настай гадаадын тамирчин охин түрүүлж байхыг хараад ямар гоё спорт вэ гэж бодож суусан. Олимп өндөрлөсний дараахан сонин дээр буудлагын спортод сонирхолтой хүүхдүүдийг сонгон шалгаруулж авна гэсэн зар хэвлэгдсэн байхыг олж уншаад аавд үзүүллээ. Энэ спортоор хичээллэхээр аавыг дагуулаад “Снайпер” клубт очиж билээ. Тэр үед энэ клуб Баянгол дүүргийн 77 дугаар сургуулийн урлагийн зааланд байрладаг байв. Эргэлзэх юмгүй хичээллэхээр бүртгүүлж, Г.Мөнх-Очир, Ц.Мөнх-Эрдэнэ багшийн шавь болж, буудлагын спортод 2005 онд хөл тавьсан. Тэр үед гар буу моодонд орж, урт бууны төрөлд цэц сорих хүн тун цөөн байсан юм даг. Багшийнхаа үгэнд орж урт буугаар хичээллэсэн. Миний зан чанартай хамгийн ойрхон спорт бол буудлага байлаа. Дайчин, аливаа зүйлээс шантарч буцдаггүй зан минь тамирчны замыг сонгоход нөлөөлсөн. Намайг дөнгөж хичээллэж байх үед буудлагын хувцас хэрэглэл, буу, сум ховор байв. Аав, ээж намайг ойлгож, дэмждэгийн хүчинд тамирчин болсон. Шигшээ багийн тамирчин болоогүй байхдаа гэрийнхнийхээ хамаг мөнгийг тэмцээний зардалд зориулчихдаг байсан болохоор амжилт гаргаж, баярлуулахыг их хичээнэ. Би олон даваа туулж, шигшээ багт багтаж билээ. Тамирчин болсноос хойш Азийн АШТ, ДАШТ, Дэлхийн цом, Оюутны ДАТШ, Оюутны универсад наадам гээд олон тэмцээнд онч сорьсон. Хамгийн анх 2009 онд Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, шагналынхаа салхийг хагалсан юм. Үүнээс хойш медалийн буухиагаа таслалгүй өнөөг хүргэлээ.

-“Алдар” спорт хороо алдартнуудыг төрүүлдэг гэдэг үг бий. Та энэ байгууллагаар овоглодог. Босгоор нь алхахыг хүсдэг олон тамирчин байдаг ч шалгуурт нь тэр бүр тэнцдэггүй гэсэн.

-Би “Алдар” спортоор хороогоор овоглоод 12 жил болжээ. 2008 оны хавар Бүх ард түмний спартакиад болоход тус спорт хорооны өмнөөс буудлагын тэмцээнд оролцож, энэ томын айлын халуун ам бүлд багтсан. Буудлагын тамирчид тэр тэмцээнд багаараа түрүүлсэн юм. “Алдар”-ын тамирчин болсноос хойш миний амжилт ахисан. 2008 он надад аз, амжилт дагуулсан жил байв. Бээжингийн дэлхийн цом, олимпын өмнөх сорилго тэмцээнд оролцож, ОУХМ цолны болзол биелүүллээ. Гадаадын тэмцээнд болоод Бүх ард түмний спартакиадад түрүүлбэл энэ цолны болзол биелүүлдэг юм. 2015 онд БНСУ-д зохиосон Дэлхийн цэргийн (CISM) VI наадмын буудлагын тэмцээнд манай тамирчид багаараа алтан медалийн эзэн болж, олон улсын буудлагын амжилтыг эвдэж байснаа одоо ч мартдаггүй.

НАМАЙГ БУУДЛАГЫН СПОРТОД НӨХӨР МИНЬ БУЦААЖ АВЧИРСАН

-ОУХМ Ж.Ганхуяг дасгалжуулагчийн удирдлагад олон жил хичээллэсэн. Өнгөрсөн жилээс Б.Сугар багшийн шавь боллоо. Орчноо сольж, өөр арга барилаар бэлтгэл хийе гэж бодов уу. Ийм шийвдэр гаргах танд амаргүй л байсан байх.

-Буудлагын спорт маш нарийн техниктэй. Дасгалжуулагч, ОУХМ Ж.Ганхуяг багшийн удирдлагад 10 жил хичээллэж, олон тэмцээнд оролцож, амжилтын зам тууллаа. Өнгөрсөн он жилүүд надад сайхан дурсамж үлдээсэн. Нэг багшаар олон жил заалгасан болохоор өмнөхөөсөө өөр шинэлэг зүйл эрэлхийлж байлаа. Ж.Ганхуяг багштай ярилцаж зөвлөлдөөд шийдвэр гаргасан. Гэхдээ дасгалжуулагчаа солих шийдвэр гаргах надад амаргүй байсан. Тухайн үед багш минь надад жаахан гомдсон болов уу. Дараа нь дэмий ч солив уу даа, хэрэггүй юм боллоо гэж олон сар бодож, сэтгэл эмзэглэж явсан. Ж.Ганхуяг багш буудлагын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг юм. Бэлтгэл хийх арга барилыг тамирчдад багш минь бүх талаас заадаг бол Б.Сугар дасгалжуулагч сэтгэл зүйтэй ойр ажилладаг. Тухайлбал, буудахдаа юу анхаарах вэ, бэлтгэлд ямар сэтгэл зүйтэй ирэх вэ гэх зэргээр тэмцээнд хэрэг болох зөвлөгөө өгдөг.

-Та ээж болж, буудлагын спортоос түр завсарласан. Эргээд ирэхэд тань бүх зүйл өмнөх шигээ хэвийн байсан нь уйтгартай санагдсан хэрэг үү?

-Ээж болоод гурван жилийн дараа буудлагын спортдоо эргэн ирэхдээ шинэ орчин, арга барил хүсэж байгаагаа мэдэрсэн. Бэлтгэл хийсэн ч ахиц гарахгүй нэг хэвийн байсан тул уйтгартай санагдсан тал бий. Залуу тамирчин байхдаа зөвхөн амжилтын төлөө зорьдог байж. Эмэгтэй хүн гэр бүлтэй болохоороо өөрчлөгддөг юм билээ. Амжилт гэхээсээ илүү надад энэ спортоос суурь болох юу байна вэ, орчноо солиод үзье, өөрийн үгүйлж байгаа зүйлд анхаарал хандуулъя гэж бодсон. Сэтгэл зовниж явсан өдрүүд аажмаар алсран тайвширлаа. Б.Сугар багштай уулзахад “Чи өөрөө л мэд, энэ бол чиний шийдэж, сонгох асуудал. Багш нь чамайг ирвэл дуртай хүлээж авна” гэсэн. Хоёр багш минь өмнө нь “Снайпер” клубийг анх байгуулахад дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. Тиймээс би нэгээс нөгөө клубийн багш руу очсон гэсэн үг. Энгийн хүмүүст бол багшаа өөр дасгалжуулагчаар сольсон мэт ойлгогдох байх. Одоо гэр бүл, бэлтгэл сургуулилалт, тэмцээнд амжилт гаргах гээд аль алинд нь анхаарал хандуулж байна. Заримдаа энэ бүхнийг амжуулах хэцүү санагддаг. Нөхөр минь усан спортоор хичээллэдэг. Тамирчин болохоор намайг бүх талаар дэмжиж, урагшлуулдаг юм. Би бага охиноо төрүүлээд буудлагын спортоос зодог тайлахаар шийдсэн. Эргэлзээ тээсэн хүнд үед нөхөр дэмжиж, урам хайрласнаар хүсэл мөрөөдөл минь эргэж сэргэсэн. Тамирчны амьдрал хэцүү санагдаагүй ч буудлагаар үргэлжлүүлж хичээллэх хүсэл тэр бүр төрөхгүй байлаа. Намайг энэ спортод нөхөр минь буцааж авчирсан.

-Спортод гэр бүлээрээ хөл тавьсан хүн олон байдаггүй. Таны нөхөр Б.Дөлгөөнийг “Рио 2016” олимпод оролцож байсныг санаж байна. Буудлагын спортод буцааж авчирсан нөхөртөө одоо баярладаг биз дээ.

-Тийм ээ, миний сэтгэл рүү өнгийж, нээлттэй ярилцан зөвлөдөг хүн бол нөхөр минь. Намайг энэ зангаараа татсан. Сэтгэлээр унасан үед тамирчдын тэмцээнд амжилт гаргаж буй бичлэгүүдийг үзүүлдэг байлаа. Тамирчин хүн хэчнээн сөхөрсөн ч дахин босох сэтгэлийн тэнхээтэй байж амжилт гаргадаг гэдгийг надад их ойлгуулсан. Шагналын тавцанд медалиа зүүгээд баярын нулимстай зогсож байгаа тамирчныг хараад өөрийн эрхгүй сэтгэл огшдог байв. Тэгээд л нөхөртөө “Би чиний зөвлөгөөг хүлээж авлаа. Буудлагын спортоо орхихгүй, эргээд хичээллэе” гээд амлаж билээ. Манай нөхөр “Рио 2016” олимпод усанд сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд өрсөлдсөн. 2008-2015 онд улсын аварга, 2014 онд Сингапурт болсон АШТ-ээс хүрэл медаль зүүсэн. ДАШТ, Азийн АШТ Азийн наадам, Оюутны универсад, Дэлхийн цомын тэмцээнд эх орноо төлөөлж өрсөлдсөн. Ирэх сард Малайзын Куала-Лумпур хотод болох олимпын эрх олгох тэмцээнд өрсөлдөнө.

“АВАХЫГ ХҮСВЭЛ ӨГЧ СУР” ГЭДЭГ ҮГ СПОРТОД Ч ГЭСЭН ХЭРЭГЖДЭГ

-Тамирчдын амьдрал тэмцээнээс тэмцээний дунд өрнөдөг болохоор энэ нөхцөл байдалд одоо хэдийн дассан байлгүй.

-Одоо дасчихжээ. Жирийн гэр бүлээс тамирчных олон зүйлээр өөр. Спортын талбарт амжилтын төлөө хамтдаа зүтгэж байгаа тул нэгнээ ойлгож, дэмжих тал дээр илүү. Хоёулаа тамирчин болохоор ар гэрийн ажил орхигдох гээд байдаг талтай. Биднийг завгүй үед охин дүү минь хүүхдүүдийг минь харж их тус болдог. Дүүгийнхээ ачаар бэлтгэл сургуулилалтаа сэтгэл тайван хийж байна. Манай буудлагын тамирчид усанд их сэлдэг. Сүүлийн үед нөхрийнхөө зөвлөснөөр усан спортоор хичээллэж байгаа. Усан сэлэлт спортын олон төрлийн суурь болдог гэдгийг хичээллэх явцдаа мэдсэн. Энэ спортоор хичээллэхэд гар хүчтэй болохоос гадна нурууны булчинг суллаж өгдөг, уушгины багтаамж сайжирч, амьсгаа задардаг. Эрүүл мэнд, гоо сайханд ч тустай. Нөхөр минь буудлагын спорт сонирхон хичээллэж, хийн гар бууны 10 метрийн дасгалд цэц сорьдог болоод байгаа.

-Буудлага сэтгэл зүйн спорт. Тамирчны зан чанар, мэдрэмжээс бүх зүйл шалтгаалдаг. Тэмцээнд бөх, бокс, тулааны спортынхон шиг сэтгэл хөдлөл гаргаад байдаггүй нь ажиглагддаг.

-Буудлагын спортод ялгарах онцлог бий. Тэмцээнд тайван байж, анхаарлаа төвлөрүүлэн оролцдог болохоор дуугүй талдаа. Энэ утгаар яривал сэтгэлийн хөөрөл багатай. Тэмцээний талбарт тамирчин өөрөө өөртэйгөө өрсөлддөг.

Буудлагын спортоор хичээллэсэн тамирчин өөрийгөө ялан дийлэх чадварт түрүүлж суралцдаг юм. Намайг хүмүүс “Чи буугаа бариад галын шугам руу орохдоо шал өөр хүн болчихдог. Харц тань энгийн үеийнхээсээ илүү зоримог, шийдэмгий харагддаг” гэж хэлдэг. Би тамирчин болсноосоо хойш өөртэйгөө их ярилцдаг болсон. Надад олон хүн “Би буудлагаар хичээллэж үзмээр байна, эсвэл хүүхдээ хичээллүүлье” гэдэг. Тамирчин болоход таван сар биш таван жил хичээллэж байж амжилт гаргаж эхэлнэ. Багш буу шагайлгаад хөл чилтэл зогсооход хэцүү санагддаг байлаа. Ард зогсоод сумаа тоолоход нь одоо л буудуулах нь дээ гэж эргэж хараад баярладаг байв. Багш нар минь биднийг тамирчин болох суурийг ингэж сайн бэлдсэн. Намайг буудлагаар хичээллэхэд хамгийн их урам өгч урагшлуулсан нэг хүн байдаг юм. Манай “Снайпер” клубийн дасгалжуулагч Т.Баяржаргал багш биднийг шагайлга хийлгээд, дараа нь кросст гүйлгэнэ. Гүйж ирчихээд буугаа мөрлөөд зогсож байтал “Манай О.Янжинлхам сайн тамирчин болноо” гэж хэлсэн. Тэр үед буудлагаар хичээллээд удаагүй байсан болохоор амжилтын тухай нэг их төсөөлдөггүй байв. Багшийг тэгж хэлснээс хойш тууштай хичээллэсэн. Үг хүчтэй, хүний сэтгэл зүйд нөлөөлж, урам, зориг хайрладаг юм байна гэдгийг тэгэхэд мэдэрч билээ.

-Та 10 метрийн хийн, мөн 50 метрийн урт бууны гурван байрлалаас (суугаа, хэвтээ, босоо) 60 сум буудах дасгалд онч сорьдог. Сүүлийн үед ямар фирмийн буугаар тэмцээнд оролцож байна вэ ?

-Би гурвуулангаар нь хичээллэдэг. Сүүлийн үед холимог багийн төрөлд ч цэц сорьж байгаа. Буудлага техникийн спорт тул хичээллэх, тэмцээнд оролцоход өртөг өндөртэй. Би хийн бууны 10 метрийн дасгалд Германы “Walther”, 50 метрийн урт бууны гурван байрлалаас 60 сум буудах дасгалд Швейцарын “Bleiker“ брэндийн буугаар өрсөлддөг. Швейцарын “Bleiker брэндийг буу худалдаж авахад наад зах нь 25, “Wal¬ther”-ийнх таван сая төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Өнгөрсөн жил хувцас хэрэглэл, буугаа солилоо. “Авахыг хүсвэл өгч сур” гэдэг үг спортод ч гэсэн хэрэгждэг юм шүү дээ.

-Буудлагаар хичээллэх сонирхолтой залуус байдаг ч замын дундаас буцах нь их. Спортод тэвчээр зааж үлдэхээс гадна сэтгэлийн хөөрлөөр хандаж болдоггүйг хичээллэх явцдаа мэдрээд шантардаг юм шиг санагдсан.

-Буудлагын спортод нас харгалздаггүй. Авьяастай бол хэн ч хэдэн насандаа хичээллэж болно. Энэ спортоор хичээллэхэд биеийн болоод сэтгэлийн тэвчээрт суралцахаас гадна аливаад төвлөрөн, оновчтой шийдвэр гаргах, амжилтад хүрэх урам зориг өгдөг. Амжилт хурдан, удаан гаргах нь тухайн тамирчны ур чадвараас шалтгаална. Үнэнийг хэлэхэд би буудлагын спортод унаж, босож ч үзсэн. Тиймээс тамирчин хүн өөртөө үргэлж дүгнэлт хийдэг байх ёстой. Өөртөө бардаж, өрсөлдөгчөө басвал амжилт өссөн шигээ амархан буурдаг. Амжилт гаргах амархан ч, хэвээр нь хадгалж үлдэх амаргүй. Унасан бол босож сурах чадварыг өөртөө заавал суулгах хэрэгтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)