О.САЙХАНЖАРГАЛ: Уул дуудаж байгааг зөн совингоороо мэдэрдэг

Мөсөнд авиралтыг дэлхийн олон орны залуус сонирхон хичээллэж, орчин үеийн спортын нэг чухал төрөл болгон хөгжүүлж байна. Эл спорт нь тамирчдын хурд, ур чадвар, тэсвэр хатуужлыг шалгахаас гадна нэгнээ хүндэтгэх, харилцан ойлголцох, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог онцлогтой. Азийн наадмын хөтөлбөрт спорт авиралт багтаж, 2022 онд Бээжинд болох өвлийн олимпын тоглолт, Токиогийн зуны олимпын наадмын төрөлд албан ёсоор багтсан юм. Монголын уулчдын үндэсний холбоо (МУҮХ)-ны тамирчид гадаад, дотооддоо болсон мөс, хад, уулын авиралтын тэмцээнд амжилттай оролцсоор байна. Үүний нэг жишээ нь ОУХМ Н.Хэрлэн, спортын мастер Б.Ариунбаяр нар БНСУ-ын Чонгсон хотод зохион байгуулсан мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хурдны төрөлд түрүүлсэн нь Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн.Тэгвэл тэдэн шиг мөс, хад, уулын спортоор хичээллэн амжилт гаргаж яваа тамирчин бол уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор”, “Х tеam” клубийн гишүүн, спортын мастер О.Сайханжаргал. Тэрбээр клубийнхээ сонирхол нэгтэй залуустай хамтран бүтээсэн “White stuppa” буюу “Цагаан суварга” баримтат киногоороо уулчдын аз туршсан адал явдалт амьдрал, алдаа оноо, авирах замд тохиолдох саад бэрхшээлийг яаж даван туулж, оргилыг эзэлдэг, өчүүхэн алдаа гаргахад л амь эрсдэх өндөр оргил руу тэдний сэтгэл хэрхэн татагддагийг харуулсан юм. Түүнийг “Залуус” буландаа урилаа.

-Уулын спортод хөл тавьсан таны түүх сонирхолтой санагдсан. Улаанбаатар хотын унаган хүүг өндөр уулс өөртөө татсан нь гайхал төрүүллээ.

-Их сонин тохиолдлоор уултай нөхөрлөсөн. Хүүхэд байхдаа спорт сонирхдоггүй, гэртээ компьютер тоглож өнждөг байлаа. Манайхан намайг дэлгэцнээс холдуулах гэж янз бүрийн арга хэрэглэсэн. Тэгээд нэг санаа олсон нь спортоор хичээллүүлэх байв. Ховд аймгийн Мөнххайрхан ууланд авируулахаар “Сутайн бор” клубийн тамирчидтай намайг хүчээр шахам явууллаа. Хотод өссөн надад өндөр ууланд халуун зунаар цас орох нь сонин санагдаж билээ. Тэр үед би авиралгүй буцахдаа дараа заавал гарна гэсэн бодолтой ирсэн. Дараа нь Увс аймагт орших Хархираа Түргэний уулст авирсан. Тэндээс ирсэн даруйдаа дасгалжуулагч, ОУХМ Д.Батжаргал багшийн удирдлагад спорт авиралтаар хичээллэсэн юм. Мөс, хад, уул, спорт авиралтын тэмцээн хаана болно тэнд оролцдог боллоо. Гэрийнхэн минь одоо миний хичээллэдэг спорттой эвлэрсэн. Би сонирхдог спортоо хобби болгож, ажил, амьдралаа залгуулж яваа.

-Спорт авиралтаар хэдэн жил хичээллээд л БНХАУ-ын Шанхай хотод болсон оюутны ДАШТ-д ОУХМ Н.Хэрлэнтэй хамт оролцсон байх аа?

-Тэгсэн. Биднийг оролцсон тэр жил спорт авиралтын төрлөөр оюутны ДАШТ-ийг анх удаа зохион байгуулсан юм. Тухайн үед би МУБИС-ийн биеийн тамир, Н.Хэрлэн ШУТИС-ийн дулааны инженерийн ангид суралцдаг байв. Намайг тэмцээнд оролцохоор бэлтгэл хийхэд багш нар минь ойлгож, хичээлээс чөлөөлдөг. Харин Н.Хэрлэнг зарим багш нь “Чи ингэж сурахын хэрэг юу байна, ууландаа очиж амьдраач” гэж зэмлэдэг байсан гэдэг.

-Монголын тамирчид мөсөнд авиралтын төрлөөр Ази, ДАШТ-д оролцсон ч эхний жилүүдэд амжилт гаргаагүй. Гэхдээ богино хугацаанд өөрсдийгөө хөгжүүлж, одоо Азийн орнуудын тамирчидтай хүчтэй өрсөлддөг боллоо.

-Бид тэмцээнд ямар хувцас өмсөж, ямар багажтай оролцдогийг ч хүртэл анх мэддэггүй байлаа. Азийн болоод Дэлхийн цом, ДАШТ-д оролцохдоо МУБИС-ийн авиралтын найман метр хананд бэлтгэл хийж байгаад л явна. Гадаадад 16 метр өндөр хананд анх авирахдаа их сандарсан. Байр эзэлсэн тамирчдыг хараад өөрийн эрхгүй шар хөдөлнө. Дараа жилийн тэмцээнд бэлтгэлээ сайн базааж байгаад амжилт гаргана даа гэж бодож Монголдоо ирдэг ч стандартад нийцсэн ханагүй болохоор урамгүй санагддаг байлаа. Гурав дахь жилийнхээ тэмцээнээс бүх зүйлийг мэддэг болж, хамт хичээллэдэг тамирчдаа авч явж оролцуулдаг болсон. Тэмцээний үед хувцас, багаж хэрэгслийн зургийг авч, бичлэг хийн, хэрэгтэй зүйлээ бичиж тэмдэглэдэг байлаа. Эх орондоо ирээд гадаадын тамирчид амжилт гаргахад юу нөлөөлж байгааг сайтар судалсан. Эхний хэдэн жил тэмцээнд амжилт гаргаагүй ч хичээл зүтгэлийнхээ хүчинд ур чадвараа ахиулсан. Өнгөрсөн жилийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Н.Хэрлэн, эмэгтэйчүүдээс Б.Ариунбаяр нар Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ.

-Монголын тамирчид ОХУ-ын Киров хотын авиралтын баазад хамтарсан бэлтгэл хийдэг болсон нь амжилт гаргахад нөлөөлсөн үү?

-Бидний бэлтгэл хийхийг Оросын дасгалжуулагчид хараад эхэндээ шоолонгуй ханддаг байлаа. Заримынх нь амнаас ёжилж, егөөдсөн үг сонсоно. Сүүлдээ найрсаг харилцдаг болсон. Манайхан тамирчидтай нь бэлтгэл хийж, туршлага багагүй хуримтлуулсан. Хойд хөршийнхөн мөсөнд авиралтыг спортын нэг төрөл болгож хөгжүүлсэн. Европын орнуудаас Орос, Азиас БНСУ, Ираны тамирчид хүчтэй өрсөлддөг. Сүүлийн үед Хятадын тамирчид хүч түрэх боллоо. Өмнөд хөршийнхөн тамирчдаа дэмжин, спорт авиралтын бэлтгэлийн томоохон бааз байгуулж, дэлхийн алдартай, туршлагатай дасгалжуулагчдыг эх орондоо урин ажиллуулж байна. Манайхан эхний жилүүдэд тэмцээнд дасгалжуулагчгүй оролцсон. Өөрсдөө хоолоо хийж, өөртөө сэтгэлзүйч болно. Бидний тэмцээнийг үзэхээр ирдэг нэг ч хөгжөөн дэмжигч байдаггүй байв. Энэ бүхнийг бэрхшээлд бодож, шантраагүй. Тамирчдаа дэмжиж байгаа улсын хөгжөөн дэмжигчдийг хараад атаархдаг л байлаа. Сүүлийн жилүүдэд биднийг дэмжих баг, дасгалжуулагчтай явдаг болсноор тэмцээнд урам зоригтой өрсөлддөг болсон. Манай эрэгтэй тамирчид 2018 онд БНСУ-д зохион байгуулсан тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн нь анхны том амжилт. Биднийг гадаадын тамирчид 2016 оноос өрсөлдөгчийн нүдээр харж эхэлсэн. Өмнө нь эд тэмцээнд оролцоод л буцдаг юм гэсэн байдлаар ханддаг байлаа.

-Та сүүлийн үед уул руу тэмүүлж, өндөр оргилуудад авирах болжээ.

-Би уулын спортоор түлхүү хичээллэж байгаа. Спорт авиралтаар хичээллэдэг залуу тамирчдаа дэмжиж, бэлтгэл хийлгэдэг. Бидний мэдэхгүй, чадахгүй, туршлагагүйгээсээ болж гаргадаг байсан алдааг залуус минь хойшид бүү давтаасай гэсэндээ зааж, зөвлөж байна.

ХИЙМОРИО СЭРГЭЭЖ, АЗАА ҮЗЭХ НЬ УУЛЧДЫН СОНИРХОЛ

-Өөртэйгөө хүсэл сонирхол нэгтэй “Х теam” клубийн залуустай хамтран “Цагаан суварга” баримтат кино хийж, олны хүртээл болгосон. Бүтээлээрээ уулчдын адал явдалт амьдрал, авирах замд тохиолдох саад бэрхшээлийг тэсвэр хатуужлаар хэрхэн даван туулж, оргилд гардгийг харуулсан байна билээ.

-Монголд өмнө нь уулчдын авиралтыг дүрсжүүлж, баримтжуулсан нь ховор. Тэдэн хүн тийм оргилд гарчээ гэсэн мэдээ төдий л байдаг. 1970-1980 оны үед уулчид ямар оргилд хэрхэн гарсан талаарх тэмдэглэл, ном товхимол алга. Тиймээс уулын спортын тамирчдад судалгаа хомс. Судалгааны архивтай болохоор хобби нэгтэй уран бүтээлч залуустай хамтран “White stuppa” баримтат кино хийсэн юм. Өнгөрсөн нэгдүгээр сард нээлтийг нь УИД-ийн “I сinema”-д хийхэд олон хүн сонирхож үзсэн. Бид мэргэжлийн уран бүтээлч биш учраас алдаа, оноо бий байх. Тиймээс дараагийн бүтээлээ мэргэжлийн түвшинд хийхийг хичээнэ. Үүнээс өмнө “Half eye” хэмээх баримтат кино бүтээж, үзэгчдийн харсан, мэдэрсэн зүйл үүний талд нь ч хүрэхгүй шүү гэсэн санаа илэрхийлсэн юм. Уулын спорт эрсдэл ихтэй. Спортын зарим төрөлд алдсан алдаагаа засаад амжилт гаргаж болдог бол уулынхад алдаа, оноо нь анхынх бөгөөд сүүлчийнх байдаг. Тэгэхээр амжилт, эрсдэлийн аль алиных нь замд уулчдын амьдрал өрнөдөг гэсэн үг. Өвөл эхлэхтэй зэрэгцээд оргилуудад авирна. Энэ нь хийморио сэргээх, нөгөө талаар азаа үзэх хобби нь юм. Тэдний амьдрал, амжилт, алдаа нэг шугам дээр байдгийг хүмүүст ойлгуулахыг хичээсэн нь тэр.

-Та “Монголиа экспедишн” аяллын компанид хөтөчөөр ажилладаг байх аа?

-Гавьяат тамирчин Б.Гангаамаа эгчтэй хамт “Монголиа экспедишн” компанид хөтөчөөр ажилладаг. Сүүлийн үед уулын спортын тамирчидтайгаа дотно нөхөрлөж, ажил хэргийн холбоотой байгаа. Уулчид оргилд авирахад ус, салхи нэвтэрдэггүй хувцас хэрэглэлээс гадна аюулгүй байдлыг хангах чанартай багажтай байх ёстой. Манай гэрийн нэг өрөө уул, мөс, хаданд авирахад өмсдөг зориулалтын хувцас, багаж хэрэгслээр дүүрсэн. Таван цүнх хувцас, багажийг маань манайхан харчихаад “Чи авиралтын багаж хэрэгслээ хадгалдаг тусгай өрөөтэй бол” гэдэг юм.

-Нам гүм орчин хүнийг тайвшруулж, тайтгаруулдаг. Ууланд авирах нэг бодлын сайхан амралт болдог уу?

-Хүнийг дуу чимээ, нийгмийн таагүй уур амьсгал, уур бухимдал, стресс маш их ядраадаг. Миний алжаал тайлдаг орчин уул болсон. Ууланд авирахгүй хэдэн сар болбол агаар, салхи, ойн үнэрийг нь өөрийн эрхгүй үгүйлдэг. Хүмүүс суурьшмал амьдралд амархан дасдаг. Ууланд авирч байх эхэн үедээ цахим хуудастаа зургаа оруулах гэж яардаг байлаа. Сүүлийн үед утаснаас холдож, аль болох тайван амрахыг хичээдэг болсон. Намайг уул дуудаж байгааг зөн совингоороо мэдэрдэг. Шөнө зүүдэлж, барааг нь харахыг хүснэ, хурдан явмаар санагдана. Уул заримдаа сайхан угтана, хааяа уурлаж буцаана. Энэ бүхэн уулчныг сорьж буй шалгуур юм. Уулчин уулаа мэдэрч сурах хэрэгтэй. Цаг агаар, уур амьсгал, байгалийн үзэгдлээр уул хэрхэн дохио өгч буйг мэдрэх ёстой. Уулын спортынхон “Авирахаас буух нь хэцүү” гэж ярьдаг. Хүн ямар ч саадыг даваад оргилд гардаг. Гарахдаа маш их хүч зарцуулдаг. Буухдаа яардаг, бас ядардаг. Яарснаасаа болж алдаа гарган эрсдэх тохиолдол бий. Цас орохоор мөс, хад, ууланд авирахаар сэтгэл догдолдог. Өндөр оргилд гарчихаад орчныг ажиглаж зогсоход үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжийг уулчин хүн бусдаас илүү мэдэрдэг юм. Би Швейцарын өндөр оргилуудын нэг, далайн төвшнөөс дээш 4300 метрт оршдог Пилатуст авирах бодолтой байгаа. Энэ оргил аюул ихтэй ч ямар ч улиралд дэлхийн уулчдын анхаарлыг татсаар ирсэн. Дэлхийн ноён оргилууд шиг нэг их алдартай биш ч шоколад дээрх дүрснийхээ ачаар олны сонирхлыг татсаар л байгаа. Миний ажиглаж харснаар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын уул, мөсөнд авиралтын тамирчид өндрийн бэлтгэл хийдэг. Оргил руу авирах тусам агаар сийрэг болж, хүчилтөрөгч багасдаг юм. Хүчилтөрөгч багатай орчинд бэлтгэл хийхээр эрс сайжирч, тэмцээнд өмнөхөөсөө илүү амжилт гаргадаг талтай.

-Манай тамирчид өвөл хаданд авирах бэлтгэл хийх амаргүй гэж ярьдаг. Гэхдээ Монголд энэ төрлийг хөгжүүлэх боломж бий. Спорт авиралтын багажуудыг хаданд бэлтгэл хийхдээ ашиглаж болмоор санагддаг.

-Улаанбаатар хотын ойролцоо авиралтын хана байдаггүй. Тиймээс миний ойрын зорилго бол мөсөнд авиралтын хана босгох. Өвөл усны нөөцөд тулгуурлаад хиймэл хана босгох боломжтой. Орхоны Улаан цутгалангийн хүрхрээг хөлдөхөөр мөсөнд авиралтын тамирчид тэмцээн зохион байгуулдаг. Энэ тэмцээнд 2013-2018 он хүртэл оролцсон. Тэмцээн зохион байгуулахад анхаарах зүйл бий. Хүрхрээний мөс байгалийнх учраас тэмцээн эхлэхээс өмнө сайтар цэвэрлэж, тамирчдын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Мөсөнд авиралтын тэмцээн болдог орны мөснөөс Монголынх маш хатуу байдаг. Дөчин градусын хүйтэнд манай тамирчид багажаа мөсөнд хүчтэй цохин, арай гэж зоож байхад гадаадын тамирчид зөөлөн мөстэй харьцдаг. Спортын энэ төрлөөр хичээллэдэг тамирчид мөсөө мэдрэх нь чухал байдаг юм. Цаг агаар, уур амьсгалын онцлогоос хамаарч Орос, Хятад, Монголын мөсний бүтэц өөр. Хамгийн гоё мөстэй орон бол Орос. Дэлхийн мөсөнд авиралтын тэмцээний хананы мөсийг -6-7 градус байхаар тохируулж босгодог. Тамирчид зөөлөн, хатуу гээд аль алинд нь бэлтгэл хийх хэрэгтэй. Хаана ч өрсөлдөхөд энэ нь туршлага болно.

АМЖИЛТ ГАРГАХ АРГАА ОРОСУУД БИДНЭЭС НУУЦЛАХ БОЛСОН

-Мөс, спорт авиралтаар хүчтэй өрсөлддөг орнуудын тамирчид ямар бэлтгэл түлхүү хийж, тэмцээнд оролцдог вэ?

-Ираны тамирчид хүчний бэлтгэл түлхүү хийдэг. Тэд хурдны төрөлд амжилт төдийлөн гаргадаггүй нь тэмцээний явцаас ажиглагдсан. Мөсөнд авирах бэлтгэл сайтар базаадаг улсын тамирчдын хүчний бэлтгэл дутуу нь анзаарагддаг. Тэгэхээр аль алийг нь хослуулах хэрэгтэй. Үүнд дасгалжуулагчийн ур чадвар, туршлага их нөлөөлнө. Мөсөнд авирах тэмцээн дотроо хурд, техникийн төрөлтэй. Хурдны төрөлд өрсөлддөг тамирчны хөдөлгөөн шаламгай, техникийнх удаан, тэсвэртэй байх шаардлагатай. Монголд хад, мөсөнд авирах нь хөгжиж буй залуу спорт ч манай тамирчид сүүлийн үед амжилт гаргаж байгаа. Миний хувьд хурд, техникийн төрлөөр бэлтгэл хийдэг. Багийн амжилтад энэ төрлүүдийн оноо чухал нөлөө үзүүлдэг юм. Азийн орнуудаас Иран, Монголын тамирчид хурдны төрөлд хүчтэй өрсөлддөг. Миний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Дэлхийн цом, ДАШТ-д олон удаа түрүүлсэн ОХУ-ын алдартай тамирчин Николай Кузовлев.

-Манайхан Ираны тамирчидтай дотно нөхөрлөдөг тухай сонссон. Хүчтэй өрсөлдөгчөөсөө суралцах зүйл бэлтгэлийн үед бишгүй гардаг биз?

-Бид хойд хөршийн авиралтын баазад Ираны тамирчидтай хамт бэлтгэл хийдэг. Оросууд эхэндээ бэлтгэл хэрхэн хийж, амжилт гаргах талаар нэг бүрчлэн зааж өгдөг байсан бол сүүлийн үед нууцлах болсон. Учир нь бид тэдэнтэй хүчтэй өрсөлддөг болсон болохоор тэр шүү дээ. Орчиндоо амархан дасан зохицож, хүний заасныг хурдан сурдаг давуу тал монголчуудад бий. Эрс тэс уур амьсгалд амьдардаг болохоор хүйтэнд тэсвэртэй. Гэтэл дулаан уур амьсгалтай орны тамирчид бээрчихсэн багажаа ч барьж чадахгүй шахам байхад бид хантааз, цамцтай зогсож байдаг. Монголд өвөл мөсөнд авиралтын олон улсын тэмцээн зохион байгуулахад хамгийн тохиромжтой. Тамирчид байгаль, өссөн орчныхоо давуу талыг ашиглаад амжилт гаргах бололцоотой. БНСУ халуун, чийглэг уур амьсгалтай тул нэгдүгээр сард мөс нь хөлддөг. Тиймээс тамирчид нь мөстэй харьцах бэлтгэл цөөн хийж, техникийн бэлтгэлд анхаарлаа хандуулдаг. Тэгвэл Орост арваннэгдүгээр сараас гуравдугаар, Монголд аравдугаар сарын сүүлчээс дөрөвдүгээр сар хүртэл мөс хөлддөг. Өвлийн спортын төрлүүдээс Монголд мөсөнд авиралт богино хугацаанд ахицтай хөгжиж байгаа. Тэгэхээр тамирчдаа төр, засаг, спортын холбоод дэмжин, шигшээ баг, эсвэл түр шигшээ баг бүрдүүлээд бэлтгэл хийх стандартын ханатай болгочихвол манайхан хэдэн жилийн дараа зуны, өвлийн олимпод амжилт гаргаж чадна.

-Манай тамирчдад тулгардаг хамгийн том бэрхшээл юу байдаг вэ?

-Мөс, спорт авиралтын тамирчдад тулгамддаг олон асуудлын нэг бол зардлын мөнгө. Гадаадын тэмцээнд оролцохын тулд мөнгө олох гэж хэдэн тийшээ гүйсээр бэлтгэл хийх зав гардаггүй. Тиймээс зарим тамирчинд тулгамдаж буй асуудал нь нэг талаар дарамт болдог .

-Өмнө нь эцэг, эхчүүд хүүхдээ “Энэ спортоор хичээллэх хэрэггүй, амжилт гаргасан ч дэмжих байгууллагагүй” гэж цааргалдаг байсан. Тэгвэл спорт авиралт олимпын наадмын төрөлд багтсанаар олны хандлага өөр болсон шүү дээ.

-Тийм ээ, хүмүүсийн хүлээж авах хандлага өмнөхөөсөө өөр болсон нь анзаарагддаг. Залууст “Хэрвээ мөс, хаданд авиралт, уулын спортоор хичээллэхийг хүсэж байгаа бол өөртэйгөө сонирхол нэг хүмүүстэй нэгдээрэй. Уул руу нэг зүглэсэн хүн хэзээ ч буцдаггүй юм. Тиймээс үргэлжлүүлэх, эсэхээ шийдэх хэрэгтэй. Энэ спортод хөл тавибал тууштай бай. Бидний хичээллэж байх үеийнхээс мөс, спорт авиралт хөгжсөн тул бүх мэдээллийг интернэтээс авах боломжтой. Аливаа спортод хөгжсөн хойно нь бус хөгжиж байхад нь хичээллэж, хамт урагшлах ёстой юм. Спортоор хичээллэдэг болгон мэргэжлийн тамирчин болох албагүй. Сонирхлоо хобби болгож болно. Спорт авиралтаар хичээллэсэн тамирчин өөрийгөө нээж, олон талаар хөгжүүлж чаддаг юм шүү” гэж хэлье. Энэ ташрамд, уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубийн хамт олон, дасгалжуулагч, тамирчдад, намайг энэ спортод хөл тавихад чиглүүлсэн Д.Батжаргал багшдаа, Монголын уулчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор А.Батсүх, Олон улсын уулчдын холбооны залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан нарт талархаж явдгаа уламжилъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)