О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээнийг залуу тамирчид өнгөллөө

ДАШТ-ий хошой мөнгө, Дэлхийн цомын хүрэл, Азийн наадмын алт, Зүүн Азийн наадмын аварга, Монгол Улсын долоон удаагийн аварга Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Спортын төв ордонд боллоо. 12 дахь удаагийн тэмцээнийг нь үзэхээр түүний анхны багш О.Мөнхбат, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга болон үе үеийн тамирчид, гэр бүлийнхэн нь, “Аваргууд” академийн хамт олон, найз нөхөд, шавь нар нь хүрэлцэн ирсэн байлаа. 

Тэмцээний салхийг 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан хагалав. 57 кг-д 23 бөх хүч сорьсноос “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ З.Занабазар, 65 кг-д 24 бөх барилдахад “Хүч” спорт хорооны Т.Тулга, 74 кг-д 14 бөх зодоглоход “Хангарьд” клубийн тамирчин, ОУХМ З.Сумъяабазар нар түрүүлж алтан медалийн эзэн боллоо. Жин өгсөх тусам өрсөлдөх бөхчүүдийн тоо цөөрч, 86 кг-д 12 тамирчин ур чадвараараа өрсөлдөв. Тэднээс 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Г.Ганхуяг бусдыгаа хошуулчилсан бол 97 кг-д есөн бөх барилдаж, Баянхонгор аймгийн тамирчин, ОУХМ Э.Батмагнай түрүүлсэн нь үзэгчдийн анхаарлыг ихэд татав. 19 настай тэрбээр амжилтаараа илүүрхэж, өсөх ирээдүйтэй гэдгээ харууллаа. Сонины дугаар шилжих мөчид тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан хараахан өндөрлөөгүй байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)