О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар нарыг хооронд нь уулзуулахгүй

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын захирал Ц.Пүрэвтүвшин, ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар нарт таслан сэргийлэх (хилээр гарахыг хориглох, цагдан хорих зэрэг) арга хэмжээ авхуулах санал нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уржигдар хүргүүлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Гэвч дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар шүүгчээс татгалзсанаар хурлыг хойшлуулсан юм. Харин тус шүүхийн ерөнхий шүүгч нь өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсанаар өчигдөр хэлэлцсэн байна. Улмаар дээрх гурван хүнийг хилээр гарахыг хориглох, хооронд нь уулзуулахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Өмнөх өдөр нь дээрх хүмүүстэй хамт яллагдагчаар татагдсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт тус банкны удирдах албан тушаалтнуудтай уулзуулахгүй байхаар шүүх захирамж гаргаад буй билээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн мягмар гаргийн шөнө 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн бие муудсан гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан ч хорих байгууллагын эх сурвалжууд түүнийг эрс няцаасан юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)