О.Орхон: Тусгай хүчнийхнийг дайчилж, онц ноцтой гэмт хэрэгтэн баривчилж байгаа мэтээр авч явсан

Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнгөрсөн өдрүүдэд болсон сэтгэл сэртхийлгэм үйл явдлын талаар мэдээлэх гэж байна. Юуны өмнө энэ үйл явдлыг улс төрийн зорилготой үйл явц гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгийн дахин хуваарилалтын дор явагдаж байгаа арга хэмжээ гэж үзэхээр өөр аргагүйд хүрлээ.

Учир нь гуравдугаар сарын 5-ны өдрийн баривчилгааг бүгд харсан байх. Өмнгөрсөн онд Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор намайг нэг удаа дуудаж, гэрчийн мэдүүлэг авч байсан. Үүний дараа дахиж албан ёсоор дуудаж мэдүүлэг авах талаар огт мэдэгдээгүй. Гэтэл тухайн өдөр гэрээсээ ажил руугаа явах замд урьдчилж мэдэгдэлгүй гэнэтийн, хууль бус ажиллагаа явуулсан. Мэдүүлэг авахын тулд надад урьдчилан сануулах эсвэл зарлан дуудаж ирүүлэх гэх мэт хуулийн дагуу боломж, бололцоо байсаар байтал шууд тусгай хүчний байгууллагыг дайчилж, онц ноцтой гэмт хэрэгтэн, террористыг баривчилж байгаа мэт авч явсан. Хамгийн гол нь ямар хэргээр авч явж байгаагаа мэдэгдээгүй.

Л.Оюун-Эрдэнэ сайд өмнөх өдөр нь О.Орхон, Пүрэвтүвшин мэтийн залуусыг шоронд хоригдох гэж байгаад харамсаж байна хэмээн мэдэгдсэн. Тус мэдэгдлийнхээ дараа өдрийн өглөө нь шууд ажиллагаагаа явуулсан нь хүний эрхэнд шууд халдсан үйлдэл болсон.

Бид улс төрийн золиос болж байна. Учир нь Монголын улс төрд байсан, байсаар ч байгаа өндөр албан тушаалтнууд өнөөдөр нийгэмд болж бүтэхгүй бүхний ард нэг банк, нэг байгууллага, хүн байгаа мэтээр ухуулга явуулж байна. Шүүхээр хууль бус ажиллагаа гэдэг нь нотлогдож бид өчигдөр суллагдсан.

Л.Оюун-Эрдэнэ сайдын нийтэд ил болгосон протокол, санхүүгийн схем нь саяхан ил болж байгаа зүйл биш. 2016 онд нууцаас гарч, тухайн үедээ сайтуудад эх хувиараа нийтлэгдсэн байгаа. Схем ч тухайн үеийн ажлын хэсгээс гаргаж байсан. Схем нь ч хууль хүчний байгууллагаар нотлогдсон баримт биш. Санхүүгийн схем дотор худал баримтууд олон бий нь харагдсан. Харин үүний үнэн бодитой мэдээллийг ирэх долоо хоногт өгнө. Энэ дээр харилцагчийн нууцтай холбоотой олон нууц байгаа. Схемд ашигласан материалууд бол хууль шүүхийн байгууллагуудын олж авсан зүйл.

ХХБ-ыг хэдэн зүйл ангиар буруутгаж байгаа. Юуны түрүүнд их хэмжээний санхүүжилт хийгдсэн гэж буруутгасан. Бид байгуулагдсан цагаасаа хойш жижиг, том бүхий л ажлуудыг санхүүжүүлж ирсэн. Энэ бол бидний баримталж ирсэн зарчим юм" гэлээ.

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн Гүйцэтгэх дэд дарга Р.Коппа “Эрдэнэтийн 49 хувийн худалдан авалтын механизын талаар мэдээлэл хүргэе. Энэ нь АНУ-д маш түгээмэл ашиглагддаг санхүүжилтын механизм юм. Олон улсад үүнийг LBO буюу зээлээр худалдан авах процесс хэмээн нэрлэдэг. Тухайлбал, аливаа нэгэн компани өөр нэгэн компанийг худалдан авахдаа хувьцаа болон ирээдүйн мөнгөн урсгалыг барьцаалаад зээл авч, тухайн компанийг худалдаж авдаг юм. Үүнийг удаан хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй компанийг худалдаж авахдаа ашигладаг.

Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын өмч болж байгаа нь чухал. Би гадны хүн учраас улс төртэй холбоотой асуудлаар коммент өгмөөргүй байна. 

Харин гадны хөрөнгө оруулагчид Монголд болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (50)