О.Насанбурмаа, Э.Бэхбаяр нар “Монголиа опен”-д тав дахиа түрүүлэв

Спортын хорхойтнууд өнгөрсөн амралтын өдрүүдэд чөлөөт бөхийн спортоор “амьсгалж” өнжив. Учир нь ес дэх удаагийн “Монголиа опен” олон улсын тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж, есөн орны 300 гаруй бөх зодоглолоо. Тэмцээний эхний өдөр эрэгтэй (57, 65, 74, 86, 97 кг), эмэгтэйчүүдийн (50, 55, 59, 65, 72) тус бүр таван жингийн барилдаан болсноос наймд нь монгол хүчтэн түрүүлж, онцгой байсан бол 65 кг-д Япон, 74 кг-д ОХУ-ын тамирчин алтан медаль хүртэв. 

Тэднээс Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Э.Бэхбаяр нар “Монголиа опен”-д тав, ДАШТ-ий хүрэл медальт Б.Шоовдор, ОХУ-ын Арсалан Будажапов гурав, “Хилчин”-ий З.Болортунгалаг хоёр дахиа, бусад нь анх удаа түрүүллээ.

Зарим жингийн сонирхолтой барилдааныг тоймлон хүргэе.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, түүнийг таван жилийн өмнө дэлхийн дэвжээнд ялж, хүрэл медаль авсан, Беларусийн В.Андреев, ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга тэргүүтэй олон шилдэг барилдсан. Ялангуяа анх удаа нэг жинд хүч сорьсон дэлхийн медальт хоёр монгол бөхийн өрсөлдөөн олны анхаарлыг бүр ч их татав. Энэ өдөр Э.Бэхбаяр онцгой байлаа. 

ДАШТ-ий хошой хүрэл медальт тэрбээр эхний тойрогт хэдхэн хоногийн өмнө Монголд болсон 23 хүртэлх насны ангиллын Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Чинзоригийг 7:1, удаах даваанд Беларусийн Владислав Андреевийг 7:2-оор ялж, түүнд дэлхийн медалиа алдсан даагаа нэхэв. Улмаар энэ жилээс жин уруудан, 57 кг-д өрсөлдөж буй Т.Түвшинтулгыг 3:0, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, ОХУ-ын Петр Константиновыг 4:0-ээр өвдөг шороодуулж, улсынхаа дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр “Монголиа опен”-д таван жил дараалан түрүүлж байгаа нь энэ.

86 кг-д хүч сорьдог Монголын шилдэг бөхийн нэг нь яах аргагүй ОУХМ О.Үйтүмэн. Азийн наадмын дэд аварга, Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай тэрбээр Монголынхоо дэвжээнд анх удаа түрүүлэв. “Монголиа опен”-ы хошой мөнгө (2013, 2017), хүрэл (2012, 2015) медальтай тэрбээр аваргын төлөөх барилдаанд ОУХМ Г.Ганхуягийг ялав. Г.Ганхуяг тус тэмцээнд ийнхүү хоёр жил дараалан үзүүрлэсэн бол эл жинд барилдсан, 18 настай Э.Батмагнай “Монголиа опен”-оос анхны медалиа хүртлээ.

Хөнгөн жинд барилддаг Монголын шилдэг болох Э.Нарангэрэл тэмцээнийг өнжин, Ц.Намуунцэцэг бэртлийн улмаас барилдаагүй. Тэдний эзгүйд эмэгтэйчүүдийн 50 кг-д хэн түрүүлэх нь сонирхол татаж байв. Шилдгүүдийн ширүүн өрсөлдөөн дундаас өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгөн медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин, спортын мастер Б.Чимгээ, өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий медальт, спортын мастер Н.Анударь нар онцгойрч, аваргын төлөө өрсөлдөв. Тэд энэ жил И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-д учраа таарахад Н.Анударь ялсан. Харин энэ удаа Б.Чимгээ түүнээс даагаа нэхэж, “Монголиа опен”-д анх удаа түрүүлэв.

Дандаа монгол бөхчүүд барилдсан 72 кг-д ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа түрүүлэхдээ бүх өрсөлдөгчөө цэвэр ялав. Ингэснээр “Монголиа опен”-д тав дахиа түрүүлэв. Түүнд тус тэмцээний хоёр мөнгө, нэг хүрэл медаль бий. Эл жинд үзүүрлэсэн “Алдар”-ын Г.Ариунжаргал, гуравдугаар байрт шалгарсан “Хангай хайрхан уул” клубийн Н.Загардулам, Сэлэнгэ аймгийн Ц.Хулан нар “Монголио опен”-оос анхны медалиа энгэртээ зүүлээ.

Сонины дугаар шилжих мөчид эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд үргэлжилж байв.

ТЭМЦЭЭНИЙ ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:

Эрэгтэйчүүдийн 57 кг: 1.Э.Бэхбаяр (Монгол) 2.Петр Константинов 3.Тамир Гармаев (хоёул ОХУ), Т.Түвшинтулга (Монгол)

65 кг: 1.Риома Анракү (Япон) 2.Д.Тэнгис 3.Т.Тулга, Б.Нэмэхбаяр (бүгд Монгол)

74 кг: 1.Арсалан Будажапов 2.Евгений Жербаев (хоёул ОХУ) 3.Яжүро Ямасаки (Япон), Г.Шижир (Монгол)

86 кг: 1.О.Үйтүмэн 2.Г.Ганхуяг 3.Б.Нямбаяр, Э.Батмагнай (бүгд Монгол)

97 кг: 1.Ө.Батзул (Монгол) 2.Такэши Ямагүчи (Япон) 3.Л.Төртогтох, П.Өсөхбаатар (хоёул Монгол)

Эмэгтэйчүүдийн 50 кг: 1.Б.Чимгээ 2.Н.Анударь 3.Б.Мөнхнар (бүгд Монгол), В.Чепсаракова (ОХУ)

55 кг: 1.Б.Дөлгөөн 2.Б.Болор-Эрдэнэ 3.Э.Сумъяа (бүгд Монгол)

59 кг: 1.Б.Шоовдор (Монгол) 2.Лили (БНХАУ) 3.А.Батцэцэг, Н.Энхтуяа (хоёул Монгол)

65 кг: 1.З.Болортунгалаг 2.Х.Болортуяа 3.Э.Цэвэгмид (бүгд Монгол)

72 кг: 1.О.Насанбурмаа 2.Г.Ариунжаргал 3.Н.Загардулам, Ц.Хулан (бүгд Монгол)


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)