О.МӨНХСАЙХАН: “Дордуулсан долоо”-г хүчингүй болговол эрх мэдэл нэг хүний гарт төвлөрч, ноцтой хямрал үүснэ

“Дордуулсан долоо” гэгддэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаар нэр бүхий зургаан иргэн дөрвөн тусдаа мэдээлэл ирүүлсний дагуу Цэц маргаан үүсгээд бараг хоёр сар боллоо. Эл нэмэлт, өөрчлөлт 20 жилийн дараа, хоёр дахиа Цэцэд “дуудагдаж” буй нь энэ. 20 жилийн өмнө ч, дараа ч Цэцэд хандсан хүмүүсийн аль аль нь “дордуулсан долоо” Үндсэн хуулийн 1.2, 68.1, 70.1 болон холбогдох бусад заалтыг зөрчсөн гэж үзжээ. Цэц нэгэнт маргаан үүсгэсэн бол дунд суудлын хуралдаанд 30 хоногийн дотор бэлтгэх ёстой. Хэрэв маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрх хугацаанд амжихгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болдог. Цэц тун удахгүй дунд суудлын хуралдаанаа хийж мэдэх эл асуудлын талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.

-“Дордуулсан долоо” Үндсэн хуульд хэрхэн орж ирсэн талаар мэдээлэл өгөхгүй юү. Эдгээр нэмэлт, өөрчлөлтийг шүүмж лэх хүн олон ч нарийн учрыг ялгаж, гадарладаг нь цөөн байж мэдэх юм.

-1996-1998 онд үүссэн улс төрийн хямралыг шийдвэрлэх зорилгоор Үндсэн хуульд 1999 оны арванхоёрдугаар сарын 24-нд анх удаа долоон багц асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эдгээр нь процедурын болон агуулгын хувьд Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээллийг нэр бүхий зургаан иргэн тус тусдаа Цэцэд гаргасан байдаг. Процедурын зөрчил гэдгийг хуулийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах журам талаас нь ойлгож болно.

1999 оны арванхоёрдугаар сарын 23-нд УИХ-ын гишүүд төсөл өргөн барьж, хэлэлцэх асуудлын дараалалд ч ороогүй байсан нэмэлт, өөрчлөлтийг маргааш нь шууд баталсныг мэдээлэл гаргагчид буруушаасан. Иргэд, УИХ-д суудалтайгаас бусад нам, судлаачдад саналаа илэрхийлэх боломж олгоогүй. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгын талаарх саналаа Цэц УИХ-д өргөн мэдүүлж болохоор Үндсэн хуулийн 68.1-т заасан байдаг. Энэ боломжийг ч Цэцэд олгоогүй гэх мэт үндэслэлийг тэд гаргаж тавьсан. Мөн зохих процедурын дагуу баталсан, эсэхээс үл хамааран агуулгаараа Үндсэн хууль зөрчсөн гэж иргэд үзсэн.

Процедурын хувьд Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц 2000 оны гуравдугаар сарын 15-нд дүгнэсэн. Дээр дурдсан 68.1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжийг Цэцэд олгоогүй, Үндсэн хуулийн 1.2, 70.1-тэй харшилдана гэж маш ерөнхий дүгнэлт хийсэн байгаа юм. УИХ-ын, УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын, УИХ-ын хуралдааны дэгийн болон Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл өргөн мэдүүлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Агуулга талаас нь тавьсан үндэслэлийг хэлэлцээгүй.

Цэцийн энэ дүгнэлтийг УИХ хэлэлцэлгүй, хойш тавьсан. 2000 оны сонгууль ч болж, МАХН (одоогийн МАН) үнэмлэхүй олонх, 72 суудал авав. Ингээд анхдугаар чуулганаараа Цэцийн дээрх дүгнэлтийг хэлэлцэн, протокол гаргасан. УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж Цэцэд тайлбарлахдаа “Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хадгална. Нийт гишүүнийхээ дөрөвний гурваас доошгүйн саналаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталдаг. Нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд харшилсан гэж шийдвэрлэсэн нь Цэц бүрэн эрхдээ үл хамаарах асуудлаар дүгнэлт гаргасан хэрэг. Тиймээс УИХ дээрх дүгнэлтийг зөвшөөрөх, эсэх талаар шийдвэр гаргахгүй” гэсэн байдаг. Гэсэн ч Цэц 2000 оны арваннэгдүгээр сарын 29-нд тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ процедурын шинжтэй өнөөх ерөнхий үндэслэлүүдийг дурдаад, хүчингүй болгосон. Харин маргааш нь өмнөхтэй яг адил төслийг УИХ-ын гишүүд санаачилж, Засгийн газар болон Цэцэд илгээсэн. Тэдгээр байгууллага ч төслийн талаарх саналаа ирүүлсэн бөгөөд 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд МАХН-ын 68 гишүүн санал нэгтэй баталсан. Дөрвөн гишүүн эсэргүүцлээ илэрхийлж, хуралдаанд ирээгүй. Ерөнхийлөгч Н.Багабанди хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй.

-Эдгээр нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн олон иргэн Цэцэд мэдээлэл гаргаж ирсэн. Гэхдээ энэ удаагийнх шиг маргаан үүсгээгүй.

-2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Цэцийн шийдвэрт дурдсан шаардлагыг хангасан гэж үзэх үндэстэй. Өөрөөр хэлбэл, төслийг Цэц рүү илгээсэн. Цэц ч саналаа УИХ-д ирүүлсэн. Ерөнхийлөгч, Засгийн газарт ч хүргүүлж, саналаа өгөх боломж олгосон байна. Мөн дээр дурдсан хэд хэдэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж Цэц шийдвэртээ бичсэн ч чухам алийг нь яаж зөрчсөн талаар огт дурдаагүй. Нэгэнт Цэц ийм бүрхэг шаардлага тавьсан учраас УИХ ерөнхийлөн ойлгож, төслийг хоёр дахь удаагаа өргөн барьснаас хойш 14 хоногийн дараа баталсан. Тэгэхээр 2000 оны нэмэлт, өөрчлөлт процедурын хувьд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхэд хэцүү. Тийм ч учраас УИХ 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа 1999 онд гаргасан алдаагаа засаж, Цэцээс санал авсан тул энэ нь Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн маш тодорхой магадлалыг Цэц 2006 онд гаргасан. Энэ магадлал нь одоо ч хүчин төгөлдөр. 20 жилийн дараа маргаан үүсгэх, хүчингүй болгох үндэслэл одоо харагдахгүй байна.

2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан процедурыг одоо нарийн харвал Үндсэн хуулийн 1.2, 3.1-т заасан зарчмыг тухайн үед хэр хангасан нь эргэлзээтэй. Гэвч энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа эдгээр зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчилсан хуулийн зохицуулалт дутмаг, туршлага нимгэн байсантай холбоотой. Мөн зарим нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь хууль хэлбэртэй байх ёстой гэдэг бол нэг хэсэг нь заавал тийм байх албагүй гэдэг. Хууль хэлбэрээр батлах ёстой гэж үзлээ ч 2000 оны нэмэлт, өөрчлөлт хууль хэлбэрээр батлагдаагүй нь түүнийг хүчингүй болгох хэмжээний ноцтой зөрчил биш. Мөн эдгээрийг 1996-2000, 2000-2004 оны УИХ дамжин баталсан учраас иргэдийн хүсэл зоригийг тодорхой хэмжээнд илэрхийлсэн гэж үзэж болно.

Харин өнгөрсөн гуравдугаар сарын эхээр маргаан үүсгэснээ Цэц цахим хуудсаараа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн нь ховор үзэгдэл л дээ. Ингэж мэдээлж байсныг нь санахгүй байна. Маргаан үүсгэчихээд чимээгүй байж байгаад, долоо хоногийн өмнө тов зарлаад, хуралдчихдаг. Энэ удаа бидэнд судлах, саналаа хэлэх боломж олголоо.

-Процедурын хувьд ийм байж. Одоо агуулга талаасаа илүүтэй хөндөгдөж мэдэх юм. Эдгээрийг “дордуулсан” гэдэгтэй санал нийлдэг үү?

-1992 оны Үндсэн хуулийн дагуу парламентын тогтолцоотой гэж манай судлаачдын дийлэнх нь үздэг. Зарим нь хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэж хэлдэг. Парламентын тогтолцоо нь ард түмнээс сонгогдсон парламент дахь олонх Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа байгуулдаг онцлогтой. Засгийн газар нь парламентын олонхын итгэлийг даахгүй бол түүнийг огцруулж, улс төрийн хариуцлага хүлээлгэдэг. Ерөнхийлөгчийн тогтолцоо гэдэг нь ард түмнээс шууд, эсвэл шууд бус замаар сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газрыг байгуулдаг бөгөөд парламентаас тусдаа, бие даасан шинжтэй. Парламентын зүгээс Ерөнхийлөгчийг огцруулах бараг боломжгүй. Хагас Ерөнхийлөгчийнх болоод ирэхээрээ дээрх хоёр тогтолцооны аль алиных нь шинжийг агуулж, Засгийн газар байгуулагдахын тулд парламентын олонх төдийгүй Ерөнхийлөгчийн итгэлийг олсон байхыг шаарддаг. Үндсэндээ аль нэгнийх нь итгэлийг даахгүйд хүрвэл Засгийн газар огцрох нөхцөл үүснэ гэсэн үг. Минийхээр эдгээрийн гурав нь хагас Ерөнхийлөгчийн тал руу хэлбийсэн тогтолцоог парламентынх болгосон ач холбогдолтой.

-Аль гурав нь вэ?

-Нэгд, 1992 оны Үндсэн хуулийн 33.1.2-оор Ерөнхийлөгч УИХ-д олонх болсон намтай, аль нь ч олонх болоогүй бол намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох, Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулдаг байсан. Ерөнхийлөгч “зөвшилцөх” гэдгийг тохиролцох гэж ойлгож байв. Тиймээс ч УИХ дахь олонхын санал болгосон хүнийг Ерөнхийлөгч дэмжихгүй бол УИХ руу оруулдаггүй байсан. Жишээлбэл, 1996-2000 онд Ерөнхийлөгч Н.Багабанди УИХ дахь олонхоос Ерөнхий сайдад санал болгосон Г.Ганхуяг, Д.Ганболд нарыг УИХ-д оруулахаас удаа дараа татгалзаж байсан гэдэг. 

Үүнийг 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч УИХ дахь олонхоос Ерөнхий сайдад дэвшүүлсэн хүнийг тав хоногийн дотор УИХ-д оруулах үүрэгтэй болгож өөрчилсөн. Мөн Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах заалтыг хассан. Тэгэхээр Ерөнхий сайдыг томилох, огцруулах шийдвэр гаргахад Ерөнхийлөгчийн хэт оролцоог халж, УИХ-ын олонход хариуцуулсан нь хагас Ерөнхийлөгчийн тогтолцооноос парламентынх руу ойртсоны илэрхийлэл. Герман, Эстони зэрэг парламентын тогтолцоотой улсад парламент дахь олонх Ерөнхий сайдыг томилох, огцруулах шийдвэр гаргадаг бөгөөд Төрийн тэргүүн ёсчлох төдий оролцоотой. Хоёрт, Үндсэн хуулийн 22.2-т зөвхөн УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь санал нэгдсэн тохиолдолд УИХ тарахаар заасан байсан бол 2000 оныход Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Ерөнхийлөгч парламентыг тараах зохицуулалт нэмсэн. 

Үүнийг Герман, Унгар, Эстони зэрэг парламентын тогтолцоотой улсад ч хэрэглэдэг. Парламентын хэрэгжүүлдэг чухал чиг үүргийн нэг бол Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг байгуулах явдал. Хангалттай хугацааны дотор энэ үүргээ хэрэгжүүлээгүй УИХ-ыг тараах үүргийг Ерөнхийлөгчид ногдуулсан нь УИХ-ыг илүү хариуцлагажуулсан. Гуравт, Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д өргөн мэдүүлдэг байсан. Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй тохиролцох ёстой, үгүй бол саналаа УИХ-д оруулж чадахгүй нөхцөл үүссэн. Тухайлбал, 1998 онд Ерөнхий сайд Батлан хамгаалахын болон Боловсролын сайдад санал болгосон хүмүүсийг Ерөнхийлөгч дэмжээгүй тул өөр хүмүүсийг санал болгож байж. 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр үүнийг засаж, долоо хоногийн дотор Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй бол Ерөнхий сайд танхимын сайд нараа өөрөө УИХ-д өргөн мэдүүлэхээр өөрчилсөн. Жишээлбэл, 2017 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад санал болгосон ч Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжээгүй. Гэхдээ Ерөнхий сайд түүнийг томилуулах саналаа УИХ-д өргөн мэдүүлсэн. Парламентын тогтолцоотой улсын хувьд олонх болсон нам Ерөнхий сайдаа томилж, Засгийн газрын тэргүүн нь танхимын гишүүдээ өөрөө бүрдүүлэхэд мөн чанар нь оршдог атал манайд Ерөнхийлөгч зөвшөөрсний дараа л УИХ-д оруулж байсан. Мөн Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-д оруулдаг байсныг хассан.

-Бусад өөрчлөлтүүдийн тухайд юу хэлэх вэ?

-Хал балгүй хоёр өөрчлөлт бий. Тодруулбал, Үндсэн хуулийн 24.1-т УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс дэд дарга сонгох заалт оруулсан. УИХ-д наймаас дээш суудал авсан намаас нэг дэд дарга томилдог болсон нь цөөнхийн оролцоог хангасан хэлбэр. Нөгөөх нь УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд 50-иас доошгүй ажлын өдөрт чуулах заалт. 1992 оны Үндсэн хуулиар 75-аас доошгүй өдөр чуулах зохицуулалттай байсан ч ирц бүрддэггүйтэй холбоотойгоор ингэж өөрчилсөн гэж шүүмжлэгддэг. Ер нь парламент чуулах хугацааг Үндсэн хуульд ингэж нарийн заах нь ховор. Тэгээд ч 50-иас доошгүй гэж заасан учраас илүү олон өдөр чуулахыг нь хориглоогүй, нээлттэй.

-Тэгвэл хоёр нь асуудалтай байж таарах нь.

-Парламентын тогтолцоотой улсад байдаг жишгээр хийсэн ч Монголынхоо онцлогийг харгалзаагүйгээс болж асуудал үүсгээд буй хоёр зүйл бий. Тодруулбал, “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн өөрчлөлтийг 29.1-т оруулсан. 1992-1996 онд УИХ-ын гишүүн сайдаар ажиллахыг хориглоогүй байсан ч 1996 оны сонгуульд “Ардчилсан холбоо” эвсэл 76 суудлын 50-ийг нь авч ялсны дараа иргэн Д.Ламжав “УИХ-ын гишүүн сайд болох нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн Цэцэд хандсан. Үүнийг нь Цэц хүлээн авч, хүчингүй болгосноор УИХ-д олонх болсон нам, эвслийн лидерүүд Ерөнхий сайд, сайдаар томилогдох, бодлого гаргаж хэрэгжүүлэх замыг нь хаасан. 

Өөрөөр хэлбэл, УИХ-д нэр дэвшээгүй, дэвшсэн ч ялагдсан хоёрдугаар эгнээнийхэн Ерөнхий сайд, сайд болж, парламентын олонхоос авах дэмжлэг нь хэврэгшсэн. Улмаар Засгийн газраа удаа дараа огцруулсан. Парламентын тогтолцоотой Англи, Япон, Герман, Эстони зэрэг улсад парламентын гишүүн сайдын алба хавсрахыг зөвшөөрдөг. Заримд нь бүр ийм байхыг шаарддаг. Харин, Австри, Норвег, Бельги гэх мэт оронд үүнийг хориглодог. Парламентын гишүүдийн тоо нь 120-иос дээш байгаа нөхцөлд энэ нь асуудал үүсгээд байдаггүй. Гэвч УИХ 76-хан гишүүнтэй. Өнөөдөр гэхэд л Засгийн газрын танхимд Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байна. УИХ-ын 15 гишүүн сайд болчихоор гүйцэтгэх эрх мэдэл УИХ-д нөлөөгөө тэлж, эрх мэдлийн зааг бүдгэрч байгаа.

УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонх буюу 51-ээс доошгүй нь цуглаж, ирц бүрдэн, үүний талаас илүү нь буюу 26-гаас доошгүй хүний саналаар хууль баталдаг зохицуулалттай байсан нь хямрал үүсгэсэн. “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авсан ч 25 суудалтай МАХН-ынхан О.Дашбалбар гуайн хамт хурал хаяад гарахад УИХ-ын ажил гацаж, шийдвэр гаргаж чадахгүйд хүрсэн. Олонх цөөнхийнхөө хамааралд орсон гэсэн үг. Үндсэн хууль л зөрчөөгүй бол нэгэнт иргэдээс мандат авсан олонх зөв ч бай, буруу ч бай бодлогоо тодорхойлж, хариуцлага хүлээх ёстой. Парламентын тогтолцоонд олонх нь шийдвэрээ гаргадаг, цөөнх нь хяналтаа тавьдаг жамтай атал тэр үед энэ зарчим хэрэгжих боломжгүйд хүрч, Үндсэн хуулийн хямрал үүссэн. Тиймээс гишүүдийн олонх буюу 39-өөс доошгүй нь ирснээр ирцийг хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах өөрчлөлтийг Үндсэн хуулийн 27.6-д оруулсан. Ингэснээр 20 гишүүн хууль батлах боломж бүрдсэн. Хэт цөөхүүлээ хууль баталдаг болсон нь хуулийн чанарыг муутгахаас гадна зүй бус нөлөөлөлд орох, иргэдийн оролцоо алдагдах гэх мэт эрсдэл үүсгэж байгаа.

-Агуулгын хувьд Үндсэн хуульд нийцэж буй, эсэхийг Цэц одоо хянах боломжтой юу?

-Цэц 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр маргаан үүсгэхээс татгалзсан 2006 оны магадлалдаа “1999 оны нэмэлт, өөрчлөлтийн агуулгын гэх зөрчлөөр маргаан үүсгээгүй, Цэцийн дунд болон их суудлын хуралдаанаар агуулгын асуудлыг хэрэгсэхгүй болгосон”, “Эл нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 69.4-т заасны дагуу Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй тул түүний агуулгыг хянах эрх хэмжээ Цэцэд олгогдоогүй” гэж тодорхой бичсэн. Тийм учраас уг нэмэлт, өөрчлөлтийг 2000 оны арванхоёрдугаар сард шууд буюу агуулгаар нь дахин сэргээсэн гэх нь утгагүй. Өөрөөр хэлбэл, Цэц нэмэлт, өөрчлөлтийн агуулгыг нь хянахтай холбоотой асуудал нь шинэ маргаан. Ингэж хяналаа гэхэд жин банг нь тааруулах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол ердийн хууль биш. 

Өндөр босгоор батлагдаж Үндсэн хуулийн нэг хэсэг болдог. Тэгэхээр нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн бусад заалттай зөрчилдвөл хүчингүй болгох уу гэсэн асуулт гарч ирнэ. Үүнийг маш өргөн утгаар ойлгож, хүчингүй болгодог болбол ард түмэн зайлшгүй шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулж чадахгүйд хүрнэ. Харин Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, бүтцийг ноцтойгоор зөрчсөн нэмэлт, өөрчлөлт байгаа тохиолдолд агуулгын хувьд Цэц Үндсэн хууль зөрчсөн гэж шийдэж болох юм. 1996-2000 онд үүссэн хямралыг шийдэхэд чиглэсэн дээрх долоон нэмэлт, өөрчлөлтөд алдаа бий ч Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, бүтцийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл бага. Тиймээс Цэц 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг агуулгын хувьд хүчингүй болгож болохгүй. Тэгээд ч эдгээр нэмэлт, өөрчлөлтийг бараг 20 жил мөрдөж байна. Хуулийн заалтууд Үндсэн хуулийн 24.1, 33.1.2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг зөрчсөн гэж 2005, 2017 онд Цэц дүгнэж, улмаар тухайн заалтуудыг хүчингүй болгож байв. Энэ нь Цэц нэмэлт, өөрчлөлтүүдийг шууд бусаар хүлээн зөвшөөрч ирсний нотолгоо.

-Цэц “дордуулсан долоо”-г хүчингүй болгочихвол ямар үр дагавартай вэ?

-УИХ болон Ерөнхийлөгчийн хооронд 1996-2000 онд үүссэн хямрал дахин сэргэнэ. 2020 онд УИХ-д ямар ч нам олонх болсон бай Ерөнхий сайд, сайдаа Ерөнхийлөгчтэй тохиролцохгүйгээр томилж чадахгүй болно. Мөн УИХ-ын хуралдааны ирцийг бүрдүүлж чадахгүйд хүрэх эрсдэлтэй. Хамгийн гол нь өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд баталсан хууль тогтоомж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн бүхий л үйл ажиллагаа Үндсэн хуулийн бус байсан мэт ойлгогдоно. Ингэж бүхнийг харлуулах ноцтой үндэслэл алга. Тэгээд ч эдгээрийг хүчингүй болгож болохгүй маш ноцтой шалтгаан сүүлийн 20-иод жилийн хугацаанд үүсчихээд байна.

-Тэр ноцтой шалтгаан нь юу гэж?

-Манай Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасанчлан Засгийн газарт чиглэл өгөх, ҮАБЗ-ийг тэргүүлэх, улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг УИХ-тай зөвшилцөж томилох гэх мэт гүйцэтгэх эрх мэдэл рүү орсон бүрэн эрхүүдтэй. Хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд ч хууль санаачлах, хориг тавих гэх мэт бүрэн эрх бий. Мөн Монгол Улсын бүх шүүхийн шүүгчийг, мөн Дээд шүүхийн шүүгчдийн олонхын саналаар нэр дэвшүүлсэн шүүгчийг ерөнхий шүүгчээр нь томилдог. Гэтэл Үндсэн хуульд байхгүй маш олон бүрэн эрхийг 2000 оноос хойш үе үеийн Ерөнхийлөгчийн үед нэмж, хуулиар баталгаажуулсан ч буцаагаад хасаж чаддаггүй. 

Тухайлбал, Ерөнхийлөгч Н.Багабандийн үед Хүний эрхийн үндэсний комиссын гурван гишүүний нэгийг, Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед АТГ-ын дарга, дэд дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг нэр дэвшүүлэх, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед шүүгчдийг шилж олох үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүх гишүүнийг томилох бүрэн эрхийг Төрийн тэргүүнд тус тус олгосон. Ерөнхийлөгч Шүүхийн ёс зүйн хорооны дарга, гишүүнийг ч томилдог болсон. Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд сонгогдож, хоёр дахь жилдээ ажиллаж байгаа ч эрх мэдлээ нэмэгдүүлээд амжсан. Тэр нь Ерөнхийлөгчийн тэргүүлдэг ҮАБЗ-өөс ямар ч үндэслэл дурдахгүйгээр зөвлөмж гаргахад Монгол Улсын ямар ч шүүгчийг түдгэлзүүлэх, аль ч шүүхийн ерөнхий шүүгч төдийгүй улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг огцруулах боломж бүрдсэн. 

1992-2000 онд Ерөнхийлөгч шүүгчийг зөвхөн томилдог байдаг бол одоо тэднийг сонгон шалгаруулах, түдгэлзүүлэх, хариуцлага тооцоход нөлөөлөхүйц эрх мэдэлтэй болчихжээ. Бүх прокурорыг мэргэжлийн босоо удирдлагаар удирддаг, аль ч прокурорт сахилгын арга хэмжээ авах бүрэн эрхтэй улсын ерөнхий прокурорыг томилоод зогсохгүй бүрэн эрхийг нь дуусгавар болгоход нөлөөтэй. Уг нь парламентын тогтолцоотой улсын хувьд ҮАБЗ-ийг Ерөнхий сайд толгойлоод, Засгийн газрын түвшинд сайдуудтайгаа мэдээлэл солилцох, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар хамтарч ажиллах, зөвлөлдөх хэлбэрээр ашигладаг. Гэтэл манайд ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч тэргүүлж, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг оруулчихдаг. 1992 оноос хойш ҮАБЗ Үндсэн хуулиар олгогдоогүй маш их эрх мэдлийг албан болон албан бусаар авч хэрэгжүүлдэг болчихлоо. Төмөр замыг ийшээ тавь, тэнд нэг хот барь гэх мэтээр Засгийн газарт ямар бодлого боловсруулахыг нь зааж буйг харлаа. Тодорхой албан тушаалтанд хариуцлага тооцох, хууль батлах даалгаврыг зөвлөмж нэрээр УИХ-д өгдөг болж байна. Гуравхан хүний түвшинд хаалттай шийдвэрлэж, тулгах зарчмаар ажиллах боллоо. 2000 оны өөрчлөлтийг хүчингүй болгочихвол Ерөнхийлөгчийн гарт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл төвлөрнө. Төрийн эрх мэдлийг нэг хүнд ингэж төвлөрүүлбэл урвуулан ашиглагддаг, дур зоргоороо авирладаг. Үндсэн хууль хэвээрээ мэт харагдах ч эрх мэдлийн төвлөрөл бий болж, магадгүй засаглалын хэлбэр өөрчлөгдөж мэдэхээр байна.

-Өнгөрсөн хугацаанд хүлээж авалгүй явж ирсэн асуудлаар Цэц яагаад гэнэт маргаан үүсгэв, ямар хүмүүс мэдээлэл гаргав гээд хардах үндэслэл байгаа л юм байна.

-Цэцэд мэдээлэл гаргуулж, уг өөрчлөлтийг хүчингүй болгох нь Ерөнхийлөгчид ашигтай учраас энэ тал дээр анхаарч байж магадгүй гэх хардлага төрж байна. Одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг УИХ-ын дарга байх үед УИХ-аас нэр дэвшүүлэн, Цэц рүү томилсон хүн уг маргааныг үүсгэсэн юм билээ. Мөн энэ УИХ-аас Цэц рүү 2013 онд томилсон өөр нэг гишүүн 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн гэж ярьж ирсэн. Түрүү жил Ерөнхийлөгчийн санал болгосон гурван хүнийг Цэцийн гишүүнээр томилсон гэх мэтээр хардах үндэслэлүүдийг нэрлэж болно л доо. Гэхдээ тэд, ер нь Цэцийн бүх гишүүн Үндсэн хуульт ардчиллынхаа амин сүнсийг хадгалж үлдэх, эсэхтэй холбоотой ийм чухал асуудалд хараат бусаар хандаж, тал талын үндэслэл, үүсэх үр дагаврыг тооцож, шийдвэр гаргана гэж найдаж байгаа.

-Сүүлийн жилүүдэд яригдаж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хязгаарлах заалт тусгасан гэж сонссон.

-Уг төслийн 2019 оны хувилбарт Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах гэхээс илүүтэй бусад хуулиар нэмж олгосон, Үндсэн хуульд байхгүй бүрэн эрхийг нь хасахаар тусгасан байна. Уг нь Засгийн газарт чиглэл өгөх, хууль санаачлах эрх мэдлийг нь хасаж, хуулиар нэмж бүрэн эрх олгохыг хориглож байж л парламентын тогтолцоотой улсын Ерөнхийлөгчийн “Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч” гэх байр сууринд очно. Үүнийг одоо уг албыг хашиж буй хүнд зориулж яриад байгаа юм биш. Миний хувьд өмнөх Ерөнхийлөгчийн үед буюу 2015 онд ч эрх мэдлийг нь нэлээд хумих шаардлагатай тухай хэвлэлд ярилцлага өгч, нөхөдтэйгөө хамтран ном ч хэвлүүлж байлаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 2015 оны намрын, 2017 оны хаврын хувилбаруудад Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэлээд хязгаарлах агуулга байсан.

-Тэгвэл “дордуулсан долоо”-гоос асуудал дагуулаад байгаа хоёр заалт таны ярьсанчлан засагдахаар туссан уу?

-Туссан. Энэ нь ч 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг Цэц хүчингүй болгож болохгүй өөр нэг чухал үндэслэл юм. 2015 оноос хойш боловсруулж буй төслүүдэд дээрх хоёр алдааг засах хувилбаруудыг багтааж ирсэн. Тухайлбал, “давхар дээл”-ийг зохист хэмжээнд байлгах үүднээс Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын дөрвөн гишүүнийг УИХ-ын гишүүн байж болохоор оруулсан. Мөн УИХ хуулийн эцэслэн батлах босгыг нийт гишүүний олонх буюу 39-өөс дээш саналаар шийдвэрлэхээр төсөлд тусгасан. Ардчиллын замаар буюу парламент нь 1992 оны Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлалыг тодруулсан цөөн нэмэлт, өөрчлөлт оруулаад, тууштай сахиад явбал бид урагшилна. Харин 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг тэр чигээр нь хүчингүй болгочихвол дахиад л 1996 он руу буцаж, бужигнаж, маш ноцтой хямрал бий болохоор харагдаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)