О.МИШЭЭЛ: Маш их бэлтгэл, ухаан, тэвчээр шаарддаг учраас математик сонирхолтой

 Олон улсын математикийн 61 дүгээр олимпиадыг энэ сарын 21-22-нд зохион байгуулжээ. Цахим хэлбэрээр болсон уг уралдаанд 100 гаруй орны 600 орчим хүүхэд оролцон, манай улс багийн дүнгээр 29 дүгээр байр эзэлсэн. Улмаар “Шинэ Монгол” сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч О.Мишээл нийт оролцогчдоос дөрөвт эрэмбэлэгдэн, алтан медаль хүртсэн юм. Тэрбээр өмнө нь дээрх олимпиадын бага, дунд ангийнхны төрлөөс алт, мөнгө, хүрэл, ахлах ангийнхны өрсөлдөөнөөс хошой хүрэл медаль авч байсан, Монголын математикийн олимпиадын хорооны шигшээ багийн гишүүн билээ. О.Мишээлтэй ярилцлаа.

...Шийдэгдээгүй, өгөгдөл нь тун сонирхолтой бодлого цөөнгүй бий. Өнгөц харахад энгийн мэт боловч хариултыг нь олж чаддаггүй тооолон юм билээ. Улмаар тухайн бодлогыг бодохын тулд шинжлэх ухааны нээлт хийн, шинэ салбар үүсгэсэн тохиолдлууд ч байдаг...

-Анх удаа цахим олимпиадад оролцов уу. Хэдэн бодлогыг хэр хугацаанд бодох ёстой байсан бэ?

-Өнгөрсөн долдугаар сард цахим олимпиадад оролцсон болохоор энэ удаагийнх хоёр дахь нь байлаа. Сурагчид камерын дор, хянагч багшийн дэргэд хоёр өдөрт, гурван бодлогыг дөрвөн цаг 30 минутад багтаан бодох ёстой байв. Тэгээд бодлого бодсон цаасыг скайнердан шүүгчид рүү илгээсэн. Би 100 оноо авахаас 99.5 гэсэн үнэлгээгээр дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэн, алтан медалийн болзол хангасан.

-Өмнө нь олон улсын болон Монголд зохион байгуулсан олимпиадуудаас цөөнгүй медаль хүртэж, амжилт үзүүлж байжээ. Хэддүгээр ангиасаа тооны хичээлдээ түлхүү шамдаж, бэлтгэл хийж эхэлсэн бэ?

-“Соёмбо” сургуульд нэгдүгээр ангид орсон үеэс л тоонд дурласан гэхэд болно. Эрдэмтэй багш нарынхаа дэмжлэгээр бэлтгэлээ базаасаар 12 дахь жилдээ уралдаан, олимпиадад оролцож байна.

-Математик бол шинжлэх ухааны хаан гэсэн үг бий. Юу нь чамд таалагддаг вэ?

-Миний бодлоор тоо, бодлого гэдэг бол санаа. Сонирхолтой, хүнд, адармаатай санаануудыг цифр, үсэг болон бусад хэлбэрт оруулан дэвшүүлдэг гэсэн үг. Тэгээд тэр санааг “хөөх”, баяжуулах, хариулт олох учиртай бол бодох, шийдэлд хүрэх гэх мэтээр ажилладаг гэж болно. Хүнд бодлогууд бодож, зөв хариуг нь олсны дараа сэтгэл хангалуун болдог.

-Өдөрт хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Монголын математикийн олимпиадын хороонд харьяалалтай хүүхдүүдээр нэгдсэн бэлтгэл хийлгэдэг. Бид долоо хоногийн 2-3 өдөр, өдөрт 3-4 цаг хичээллэдэг. Үүнээс гадна сургууль дээрээ багштайгаа байнга давтлага хийдэг юм. Гэртээ ч тоогоо бодно. Яг төдөн цаг гэж хэлэхэд бэрх.

-Олон улсын цөөнгүй эрдэмтэн, судлаач, оюутан ухаанаа уралдуулаад ч хариултыг нь олоогүй бодлого, тоонууд байдаг. Тийм бодлого бодож байв уу?

-Сонирхож байсан. Гэхдээ “том” бодлогын хариуг олох гэж оролцож, тууштай “хөөцөлдөж” байгаагүй. Шийдэгдээгүй, өгөгдөл нь тун сонирхолтой бодлого цөөнгүй бий. Өнгөц харахад энгийн мэт боловч хариултыг нь олж чаддаггүй тооолон юм билээ. Улмаар тухайн бодлогыг бодохын тулд шинжлэх ухааны нээлт хийн, шинэ салбар үүсгэсэн тохиолдлууд ч байдаг. Ийм ээдрээтэй, хүнээс маш их цаг, бэлтгэл, оюун ухаан, тэвчээр шаарддаг учраас л математикийн хичээл сонирхолтой.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгчид чинь аль орны хүүхдүүд байдаг бол. Мөн дотооддоо өрсөлддөг хүүхдүүд бий байх.

-Хятад, энэтхэг, солонгос, америк хүүхдүүд мундаг. Ер нь азиуд олон улсын тэмцээнд амжилттай оролцдог. ОХУ, ХБНГУ-аас ч сайн тоочид ирдэг. Үүнээс гадна энэ олимпиадаас мөнгөн медаль хүртсэн нэгдүгээр сургуулийн сурагч М.Өнөболд, “Сант”-ын А.Нямдаваа зэрэг сайн математикч, өрсөлдөгч бий. Бид нэг үеийнхэн төдийгүй найзууд.

-Тэмцээнд оролцохоор цөөнгүй улсад очиж байжээ. Сэтгэлд чинь хамгийн их хоногшсон нь аль орон байв?

-Бага ангиасаа эхлэн олон улсын тэмцээнүүдэд оролцсон учраас цөөнгүй оронд очиж үзсэн. Сэтгэлд хамгийн тод үлдсэн улс нь Румын, Британи, Тайланд.

-Ирэх жил сургуулиа төгсөх нь. Ямар мэргэжил эзэмшихээ шийдсэн үү?

-Одоохондоо шийдээгүй. Математик, физик, хими, эдийн засаг, сэтгэл зүй сонирхолтой санагдаад байгаа. Мэргэжил сонгох л хамгийн хэцүү юм шиг байна. Ямар мэргэжил сонговол хүмүүст, улс оронд маань хэрэгтэй бол гэж бодохын зэрэгцээ сонирхолтой байх уу, би амжилт гаргаж чадах болов уу гээд бодох зүйл их бий.

-Сэтгэл зүйн салбар чамд сонирхолтой санагддаг гэлээ. Энэ талаар тодруулаач?

-Хүний уураг тархи, сэтгэл зүй хэрхэн ажилладгийг ул суурьтай судалж үзвэл сонирхолтой биш гэж үү. Нэг хүн тэнгэр лүү ширтээд зогсож байхад хажууд нь очсон өөр хүн, улмаар гурав, дөрөвдөгч хүн ч шалтгааныг нь ололгүй эхний хүнийг дуурайн, хардаг гэсэн. Бас ямар нэгэн осол гарч, хүн гэмтэхэд тухайн үйл явдлыг олон хүн харж байвал хэн ч туслахгүй байх, нэг хүн ойрхон байвал шууд туслах магадлалтай талаар уншиж байсан юм. Эдгээрээс улбаалан ямар учир шалтгааны улмаас хүн энэ мэт үйлдэл хийдэг бол гэх мэтээр сонирхох зүйл их байна.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ. Аль зохиолчийн бүтээлд дуртай вэ. Үлгэр дуурайл авч, хүндэлж явдаг олон хүн бий юү?

-Уран зөгнөлт зохиол болон математикийн чиглэлийн ном унших дуртай. Сүүлд Харри Поттерын цувралуудыг англи хэлээр уншсан. Ширээний ном гэхэд болно. Хүндэтгэж, үлгэр дуурайл авдаг хүн олон бий. Юуны түрүүнд багш нараа нэрлэнэ. Батцэнгэл, Батбаяр, Лхагвадулам, Базараа гээд чадварлаг олон багшаар тоо заалгаж байлаа. Мөн манай сургуулийн, намайг бэлтгэдэг Д.Алтангэрэл гэдэг үлгэр жишээч, чадварлаг багш бий. Ер нь би сайн багш нараар хичээл заалгадаг, мөн аав, ээж минь дэмжиж тусалдаг тун азтай хүүхэд.

-Олон улсын олимпиадуудын зааврыг ямар хэлээр бичдэг вэ. Монголоос өөр хэдэн улсын хэлээр ойлголцож чадах вэ?

-Англи хэлэндээ сайн, төвөггүй ойлгодог гэж болно. Бодлогын зааврыг англи болон оролцогчийн эх хэлээр бичдэг. Заавар, өгөгдлөө буруу, дутуу ойлгочих вий гэж их болгоомжилдог учраас хоёр хэлээр нь харьцуулж уншаад боддог. Япон хэл бага зэрэг мэднэ.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Дуртай спорт бий юү?

-Надад зав чөлөө төдийлөн гардаггүй. Сургууль, гэр, бэлтгэлийн хооронд явсаар өдөр өнгөрчихдөг. Шаардлагагүй тохиолдолд гэрээсээ бараг гардаггүй. Гэхдээ сайн алхдаг гэж боддог. Бусдаас хурдан алхдаг. Иймээс алхах нь миний хувьд спортоор хичээллэхтэй адилхан.

О.Мишээлийг зургаа дахь жилдээ бэлтгэж буй “Шинэ Монгол” сургуулийн математикийн багш Д.Алтангэрэлээс цөөн асуултад хариулт авлаа.

-Таны шавь О.Мишээл энэ жилийн олимпиадад дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдлээ. Түүний урд БНХАУ-ын гурван хүүхэд жагссан юм билээ.

-Би “Шинэ Монгол” сургуулийг дөнгөж байгуулахад буюу 20 жилийн өмнө багшаар ажилд орж байв. Шавь, бид хоёр сургуулийнхаа 20 жилийн ойд ийм амжилтаар бэлэг барьсандаа сэтгэл хангалуун байна. О.Мишээл маань энэ удаагийн олимпиадад дөрөвдүгээрт жагссан нь өмнө нь алтан медаль хүртэж байсан монгол хүүхдүүдийн амжилтыг ахиулсан үзүүлэлт боллоо. Тодруулбал, олон улсын олимпиадаас алт, мөнгө, хүрэл медалийг цөөнгүй хүүхэд хүртдэг. Эхний 30 хүүхэд алт, удаах 30 нь мөнгөн медаль хүртэнэ гэх мэтээр бодлогын гүйцэтгэлээр нь байр эзлүүлдэг юм. Өмнө нь алтан медаль авсан манай оролцогчдоос дөрөвт жагссан хүүхэд байгаагүй.

-Олон улсын олимпиадад амжилттай оролцох, улмаар медаль хүртэнэ гэдэг бол тухайн улсын хүүхдүүд, залуу үеийнхэн хэр зэрэг оюуны чадамжтай, сайн багштай, бэлтгэл сайтайг илэрхийлдэг байх, тийм үү?

-Тийм ээ. Манай сурагчид олон зуун сая хүн амтай Хятад, Орос, Энэтхэг, Тайландын хүүхдүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөж, медальт байрт шалгарч буй нь үнэхээр бахархууштай. Аль ч улсын хүүхдүүдээс математикийн салбарт дутахгүй гэдгээ харуулж байгаа хэрэг. Хүн амын тоотой харьцуулбал магадгүй бид тэднээс оюуны илүү өндөр чадамжтай ард түмэн гэхэд болно.

Авьяастай, мэрийлттэй хүүхдүүдийг олж, олон жил тэднийгээ дасгалжуулж, бэлтгэж авах нь хамгийн чухал. Математикийн олимпиадад оролцдог хүүхдүүдийг стандарт бус сэтгэлгээтэй гэхэд болно. Тооны хичээлийн хөтөлбөрөө төвөггүй ойлгодог, онц сурдаг хүүхэд бүр олимпиадын бодлого бодож чадахгүй байх нь бий. Тухайн хүүхэд математикаар хичээллэвэл амжилт үзүүлж чадах, эсэхийг багш нар нь мэдэрч, сонгож, бэлтгэлээ эхлүүлдэг. Гэхдээ ямар ч хүүхдийг тоонд дуртай болгох, аль ч салбарт амжилт үзүүлэхүйц, чадварлаг иргэн болгох боломж бий.

-Хүүхдүүдийг тоотой олон жил нөхөрлүүлэх, хүсэл, зоригийг нь мохоолгүй удирдан, чиглүүлж, сургах хэцүү байх. Мөн олон улсын тэмцээн, уралдаанд оролцох зардлыг хэрхэн олдог юм бэ?

-Багш бүрийн арга барил өөр. Мэргэшин судалж буй хичээлийнх нь “гоо сайхан, амт”-ыг хүүхдүүдэд ойлгуулж, мэдрэмжтэй, нягт нямбай ажиллавал сурагчид залхахгүй. Нэгэн хэвийн, олон бодлогоор хүүхдүүдийг “дарах” нь тоонд сонирхолгүй болгох магадлалтай. Математикийн хичээлээ сайн ойлгодог хүүхдүүд нямбай, аливааг олон талаас нь бодож, зөв шийдвэр гаргах чадвартай болдог. Мөн ар гэрийн дэмжлэг, өөрийнх нь идэвх чармайлт тун чухал. О.Мишээл болон олимпиадад амжилт гаргадаг бусад хүүхдийн тоо бодсон дэвтэр хэдэн зуугаар тоологдоно.

Бага, дунд ангийнхны дунд зохион байгуулдаг олон улсын олимпиадад хүүхдүүд зардлаа өөрсдөө гаргадаг. Зардал мөнгөгүйн улмаас сүүлийн хоёр жил монгол сурагчид оролцож чадаагүй. О.Мишээл бид хоёрыг манай сургууль, зарим хувь хүн, байгууллага дэмждэг учраас явж чадсан. Үргэлж тусалж, хүүхдүүдийг маань урамшуулдаг “Космо” компанийн хамт олонд баярлаж явдгаа илэрхийлье.

-Математикийн хичээлийн хөтөлбөрийг нийт сурагчид хэр ойлгодог гэж та боддог вэ. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг харахад өндөр оноо авдаг хүүхэд цөөн байдаг.

-Монголын математикийн сургалт муу биш. Тиймээс ч олон улсын уралдаанд хүүхдүүд маань амжилттай оролцоод байгаа юм. Харин сурах бичгүүдийн агуулгыг богино хугацаанд өөрчилдөг, дунд, урт хугацааны бодлого хэрэгжүүлэхгүй байгаа нь тоо гэлтгүй бусад хичээлийн сургалтын чанарыг бууруулах нэг шалтгаан болж буй. Улмаар энэ нь хүүхдүүдийн мэдлэг, сурлагын чанарт сөргөөр нөлөөлдөг гэж боддог. Олимпиадад оролцогчдын хувьд хамгийн өндөр түвшний сургалтын материалыг ашиглахын зэрэгцээ гадаад багш нарын эрхлэн гаргасан, шигшмэл номуудыг үздэг.

-Таны бусад шавь дотоод, гадаадын олимпиадад ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Цөөнгүй хүүхэд хот, улсын олимпиадад эхний байрууд эзэлж, түрүүлж байсан. Шавь Э.Намуунгоо маань бага, дунд ангийнхны олон улсын олимпиадаас мөнгөн медаль хүртсэн. Өдгөө Харвардын их сургуульд тэтгэлэгтэй суралцаж байгаа. Ер нь олон улсын түвшний томоохон тэмцээн, олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд дэлхийд нэр хүндтэй, их сургуулиуд урилга өгч, тэтгэлгээр суралцахыг санал болгодог. Шавь нар нь сайн явах, амжилт үзүүлэхийг харах л багш хүний хамгийн том бахархал шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)