О.Магнай: Л.Болд гишүүн амар сайхандаа жаргаарай

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хуралд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга О.Магнай нар байлцлаа. 

О.Магнай "УИХ-ын гишүүн Л.Болд намын гишүүнчлэлээс гарах өргөдлөө өгсөн. Намын дүрэмд зааснаар бүртгэж авсан намын анхан шатны байгууллага шийдвэр гаргах ёстой. Ойрын хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 05-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаас өмнө Л.Болд гишүүний асуудлыг шийдвэрлэнэ. Л.Болд гишүүнд хандаж хэлэхэд "Үүнд эмзэглээд байх асуудал байхгүй. Нэг сар хүрэхгүй хугацааны дотор таны асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлэнэ. Амар сайхандаа жаргаарай, та" гэж хэлмээр байна. 

С.Эрдэнэ даргыг солих яриа байхгүй. Дүрмийн хувьд ч боломжгүй. С.Эрдэнэ дарга 2020 онд намаа удирдан сонгуульд орж, ард түмнээрээ дүнгээ тавиулна. 

Өнгөрсөн жил Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд намын ротацид ороогүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Иймээс яг энэхүү асуудлаар намын зүгээс ямар нэгэн уулзалт хийгээгүй. Хувь хүнийх нь байр суурь ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсангүй. Харин асуудал дууссаны дараа уулзах байх. Ер нь АН гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч улс төрийн шалтгаанаар хамгаалахгүй. Бид хууль хяналтын байгууллагад итгэж байгаа. Тэд хийх ёстой ажлаа хийг. Хэрэв Монголчууд бид өөрсдөө хууль хяналтынхаа байгууллагад итгэхгүй юм бол гадныхан хэрхэн итгэх юм бэ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг МАНАН бүлэглэл, шударга бусын хонгил гэж ярьж байгаа. Тухайн үед жагсаал, цуглаан болж таван сайхан залуу амь насаа алдсан. Тэгэхэд АН-ын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг таван сайдын суудал авч байсан. Нэг ёсондоо нэг хүний амийг нэг сайдын суудлаар сольж авч байсан харамсалтай хэрэг гарч байсан. Би үүнд одоо ч харамсдаг. Гэхдээ эдгээр хүний амнаас МАНАН гэдэг үг гарч байгаад илүү ихээр харамсаж байна. Өнөөдөр ямар хүмүүс нийлэхээрээ МАНАН болдог, Л.Болд, У.Хүрэлсүх нийлэхээрээ МАНАН болдоггүй гэсэн үг байхгүй. Эдгээр нөхөд тэрүүхэн хавьдаа жижиг МАНАН үүсгэчихээд л явж байна. Харин С.Эрдэнэ гэдэг хүн АН-ын даргаар ажиллаж байх хугацаандаа АН, МАН-тай хамтарч Засаг байгуулах хэмжээний хамтын ажиллагааны асуудал байхгүй гэдгээ өөрөө хариуцлагатайгаар мэдэгдсэн. Иймд одоогийн АН, МАН-тай жижиг, том МАНАН байгуулах хэмжээний яриа, хэлэлцээр хийхгүй гэдгийг мэдэгдэж байна.

Бидний хувьд Н.Алтанхуяг даргатай үл ойлголцол байхгүй. Харин Н.Алтанхуяг даргын хувьд байгаад мэдэгдэл хийж байх шиг байна. Манай нам 200 мянган гишүүнтэй. Түүний мэдэгдлийн дараа намын олон мянган гишүүн захиа ирүүллээ. Намын дарга байсан хүн намын даргын сунгаанд уначихаад хариуцлагагүй юм ярьж байгаад харамсаж байгаа. "Би ялагдвал бүгд ялагдах ёстой" гэж хандаж болохгүй. 

ЖДҮХС-гийн зээлд холбогдсон манай намын гишүүн н.Батчимэг гэж хүн байгаа бол бид яг одоо цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)