О.ГЭРЭЛ: Монголын геологийн шинжлэх ухааныг дэлхийн тавцанд гаргах гэж их хичээсэн

“Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман ботийг бүтээхэд оролцож, Төрийн соёрхол хүртсэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУТИС-ийн багш, профессор, шинжлэх ухааны доктор О.Гэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 53 жил багшилж, Монголын геологичдыг бэлтгэх, энэ салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тэргүүлэгч эрдэмтдийн нэг билээ.

-Танд Төрийн соёрхол хүртсэнд баяр хүргэе. Төрийн соёрхлоо гардаж авсан үеийн сэтгэгдлээ хуваалцаач?

-Би “Монголын геологи ба ашигт малтмал” найман ботийн нэг ботийг эрхлэн бичсэн хүн. “Интрүзив чулуулаг” хэмээх гуравдугаар ботийг нь шавь нартайгаа хамтарч бүтээсэн юм. Өөрөөр хэлбэл, төрмөл чулуулгийн судалгааны бүтээл. Энэ бүтээлийг хийхэд эмэгтэй голдуу зургаан шавь маань харамгүй тусалсныг дурдах нь зүйтэй. Бидний бүтээлийг төр, засгаас өндрөөр үнэлсэнд баяртай байна. Геологийн шинжлэх ухааныг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Геологи бол дэлхийн түүхийн тухай шинжлэх ухаан юм. Ашигт малтмалын ордыг хайж олдог нь бол геологич. Тиймээс чухал шинжлэх ухаан. Уурхайчид бол ордыг ашигладаг хүмүүс. Манай улсын төрмөл чулуулгийн тухай анхны номыг ЗХУ-ын эрдэмтэд, судлаачид 1973 онд хэвлүүлсэн. Бид ботидоо 1973 оноос хойших төрмөл чулуулгийн судалгааны материалыг нэгтгэж оруулахыг хичээсэн. Энэ ботийг 2009, хоёрдугаар хэвлэлийг 2012 онд хэвлүүлсэн юм. Нийт 30 гаруй жилийн судалгааны материалыг нэгтгэсэн гэсэн үг.

-Таны бичсэн ботиос эрдэс чулуулгийн талаар ямар мэдээлэл авах боломжтой вэ?

-Манай нутаг дэвсгэрт өргөн тархсан олон чулуулгаас 40 хувийг нь төрмөл чулуулаг эзэлдэг. Төрмөл чулуулагтай холбоотой ашигт малтмалын олон орд үүсдэг юм. Зэс, молибден олборлож буй Эрдэнэтийн овоо, Оюутолгойн орд гарал үүслийн хувьд төрмөл чулуулагтай холбоотой. Үүнээс гадна газрын гүний тогтоцын талаар мэдээлэл өгдгөөрөө энэ чиглэлийн судалгаа их чухал. Төрмөл чулуулаг газрын гүнээс гардаг. Бид газрын гүний талаар сайн мэдэхгүй. Гүн рүү хамгийн гүнзгий өрөмдсөн тохиолдол нь 12 километр. Тиймээс бид газрын гүний талаар сансар огторгуйтай адил шууд биш ойлголт авдаг. 

Төрмөл чулуулгаас авсан мэдээллээр газрын гүний даралт температур, найрлагыг тодорхойлдог. Газрын гадаргууд өрнөж буй үйл явц гүнтэй нь холбоотой. Орчин үед судалгааны олон арга бий боллоо. Тэр аргуудыг хэрэглэж, чулуулгаар дамжин газрын гүнийг судалдаг хэрэг. Зүйрлэвэл, төрмөл чулуулгийг газрын гүнийг судлах судар гэж хэлж болно. Онолын болон практик ач холбогдолтой судалгааны чиглэл. Галт уул дэлбэрэхэд төрмөл чулуулаг газрын гадаргад ил гардаг, эсвэл гүндээ царцдаг. Манайх газрын гадаргад ил гарсан ордыг ашиглаж байгаа. Цаашдаа газрын гүнд үүссэн ордыг ашиглах нь тодорхой болж байна. Монголын хувьд Оюутолгойн ордын 1300 метрийн гүнээс зэс олборлох гэж буй анхны тохиолдол болно.

-Газрын гүнд ямар эрдэс чулуулаг байгааг гадаргын хэв шинжээр тогтоох нь бас сонирхолтой ажил байх шүү.

-Газрын гадаргад тогтсон чулуулгийн байдал, хувирал эсэхээс хамаарч орд байж магадгүй гэж тогтоодог. Тэгээд өрөмдөж дээж авч судална. Ашигт малтмал илэрвэл нөөцийг нь тогтоодог. Харин ашиглах нь уурхайчдын ажил гэж түрүүн хэлсэн. Геологи нэг талаар хүнд ажил. Нөгөөтээгүүр сонирхолтой. Бид газрын гадарга, бас гүнд нь юү байгааг мэддэг. “Нууц товчоо”-г уншаад, Чингисийн үе, XIII зууны түүх ийм байжээ гэсэн ойлголт авна. Тэгвэл бид тэрбум жилийн настай зүйлийн түүхийг судалдаг хүмүүс. Учир нь дэлхийн нас дөрвөн тэрбум гаруй жил. Хоёр зуун сая жилийн настай хөдөлгөөн, үзэгдлийг мэргэжлийн хэлээр бид залуу гэж үздэг. Бидний бүтээлийг Монгол орны төрмөл чулуулгийн судалгааг бүхэлд нь хамруулсан гэж ойлгож болно. Гэхдээ бүрэн судалчихсан гэсэн үг биш. Жил бүр шинэ зүйл гарч ирж байна. Мөн чулуулгийн найрлагыг судлах шинэ аргачлал бий болж, технологи нь ч боловсронгуй болж байгаа. Орчин үеийн аргачлал хурдтай, нарийвчлал сайтай болсон. Дэлхийд ч төрмөл чулуулгийн мэдээлэл их бий. Төрмөл чулуулгийг судлах нь дэлхий даяар өрнөж буй үйл явц. Монголынх бусдаас ялгарах онцлогтой гэж ойлгож болохгүй.

-“Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман ботийг уншчихвал эх орныхоо геологи, ашигт малтмалын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авна гэж ойлгож байна. Манай улсад уул уурхайн салбар хурдтай хөгжиж байгаа. Энэ ч үүнээс та бүхний бүтээлийг төр үнэлсэн болов уу?

-Зөв дүгнэлт байна. Ерөнхийлөгч Х.Баттулга уул уурхай, ашигт малтмалын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөрөө Төрийн соёрхолт, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Бямба, Хөдөлмөрийн баатар, геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц нарыг саяхан томиллоо. Үүнийг геологийн салбарын ач холбогдлыг үнэлсний илэрхийлэл гэж харж байна. Найман боть бол монголчуудын төрөлх хэлээр бичигдсэнээрээ давуу талтай. Монголын геологи, ашигт малтмалын мэдээлэл өмнө нь гадаад, тухайлбал, орос хэлээр их хэвлэгдсэн байсан. Мөн найман ботийг дагалдаж, геологийн олон зураг гарсан. Шинэ орд нээхэд бас тус дөхөм болно гэж бодож байна.

-Монголын газар нутагт геологийн судалгаа бага хийсэн гэж нэг хүн ярихыг сонссон. Үнэхээр бага судалсан хэрэг үү?

-Тэгж үзэж болохгүй. Геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг энэ онд тэмдэглэх гэж байна. Тэгэхээр 80 жил системчилсэн судалгаа хийсэн гэсэн үг. Нутаг дэвсгэртээ эхлээд 1:1 000 000-ын масштабтай геологийн зураглал хийсэн. Одоо 1:200 000-ын масштабтай геологийн зураглал хийгээд дууссан. Чухал газрууддаа 1:50 000-ын масштабтай геологийн зураглал хийлээ. Европын жижиг нутаг дэвсгэртэй орон манайхаас илүү нарийвчлалтай судалгаа хийсэн байж таарна. Гэхдээ манайд судалгаа огт хийгээгүй гэж хэлж болохгүй. Дэлхийд нэртэй Оюутолгой, Тавантолгойн ордыг нээлээ. Бас Эрдэнэтийн овоог нэрлэж болно. Олон жижиг ордыг нээгээд, заримыг нь ашиглаж байна. Эрдэмтэд геологийн судалгааны өдий, төдий бүтээл гаргасан. 

Тухайлбал, Шинжлэх ухааны академийн геологийн хүрэээнгээс геологипалеонтологи, геофизикийн маш олон судалгаа хийсэн. Нийт 70 гаруй боть хэвлүүлсэн байдаг. Мэдээжийн хэрэг ямар ч орныг геологийн судалгаагаа 100 хувь хийсэн гэж хэлж болохгүй. Аргачлалтай холбоотойгоор шинэ зүйл гарч ирж л байдаг. Сансрын зураг ашиглах гэх мэтээр геологийн судалгааны аргачлал маш их хөгжиж байна. Олон улсын геологийн холбооны сүлд дээр “Алхаар ба ухаанаар” гэж бичсэн байдаг. Би Олон улсын геологийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Үүнийг сольё. Геологийн шинжлэх ухааны аргачлал, технологи асар их хөгжчихлөө” гэсэн санал гаргаж байсан. Гэтэл дэлхийн геологичид зөвшөөрөөгүй. Геологийн судалгаанд ажиглалт маш чухал байдаг л даа.

-Олон улсын геологийн холбоонд 100 гаруй орон гишүүнээр элссэн байдаг. Энэ том холбооны дэд ерөнхийлөгчөөр хэдэн жил ажилласан бэ. Монголоос өөр хүн ажиллаж байсан уу?

-Дөрвөн жил ажилласан. Монголоос би л ганцаараа дэд ерөнхийлөгчөөр ажилласан юм билээ. Олон улсын геологийн холбоонд аль болох олон орны төлөөлөл ажиллах ёстой гэсэн бодлого баримталдаг. Мөн англи хэлтэй байх шаардлагатай. Бас жендерийн асуудлыг авч үздэг. Намайг англи хэлтэй, эмэгтэй хүн гээд дэд ерөнхийлөгчид нэрийг минь дэвшүүлсэн байх. Аз тохиож тэр албан тушаалыг хашсан гэж боддог. Эмэгтэй геологич цөөн. Би үүнээс өмнө Олон улсын геологийн шинжлэх ухааны хөтөлбөрийн эскпертийн бүлэгт ажиллаж байсан. Арав орчим жил ажилласан юм. Тэр ч бас нөлөөлсөн байх. Миний нэрийг Чех улс дэвшүүлсэн. Монгол Улс тухайн үед Олон улсын геологийн холбооны гишүүнээр элсээгүй байсан. Би Чехийн Прага хотод Карлын их сургуулийг төгссөн хүн. Тэгээд намайг дэвшүүлсэн болов уу. Би Олон улсын геологийн холбоонд олон улсын 50 гаруй байгууллагыг хариуцаж ажилласан. Монголын геологийн хөгжлийн талаар олон газарт лекц уншсан. Тэнд ажиллаж байхдаа Монголоо таниулахын тулд аль болох их мэдээлэл өгөхийг зорьдог байж. Багш учраас лекц унших нь түвэг багатай байсан байж ч мэднэ.

-Карлын их сургуулийг геологичоор төгсөж ирээд л багшилсан уу?

-Карлын их сургуулийг 1964 онд төгсөж ирээд геологийн лабораторит нэг жил ажилласан. Тухайн үед Чехийн геологичид Эрдэнэтийн овоо ордыг нээсэн юм. Ордын чулуулгийн петрографийн бичиглэл хийж, нэг жил ажилласан хэрэг. Дараагаас багшилж эхэлсэн. Монголын геологичдын олонхыг бэлтгэхэд ажил, амьдралаа зориуллаа. Монголын геологийн тэнхимийг анх МУИС-ийн дэргэд 1960 онд байгуулсан байдаг. Дараа Политехникийн дээд сургууль, ШУТИС болж хөгжсөн. Би геологийн тэнхимийн эрхлэгчээр 30 жил ажилласан.

-53 жил багшилсан танд яагаад гавьяат багш биш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол олгосон юм бол?

-Бодлогын асуудал л байсан болов уу. Зарим багш эрдэм шинжилгээний бүтээл багатай, сурах бичиг ихтэй байдаг. Би 350 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл гадаад, дотоодод хэвлүүлсэн хүн. Тиймээс ийм шагналд тодорхойлох боломжтой байсан биз. Монголын геологийн шинжлэх ухааныг дэлхийн тавцанд гаргах гэж их хичээсэн. Олон улсын төсөл олныг удирдсан. Тэр хүрээндээ олон хүн гадаад явуулсан.

-Монголын геологичдын чадал, чансаа дэлхийд аль түвшинд явж байгаа гэж дүгнэх вэ?

-Багшилж эхэлснээс хойш чанарт их анхаарсан. Чанар бол хамгийн чухал. Тухайн үед ном сурах бичиг муутай, голдуу гадаад хэлээр байсан. Гадаадын нэр хүндтэй, сайн сургуультай харьцуулж, шүүмжлэх тохиолдол гардаг байлаа. Монголд 1990 оноос хойш геологи, уул уурхай хурдтай хөгжиж эхэлсэн. АНУ, Канад, Австралийн хайгуулын компаниуд орж ирсэн. Хүний нөөцийн хэрэгцээ их болсон. Манай сургууль хангаж амжихгүй байлаа. Тухайн үед геологийн англи хэл гэсэн хичээлийг хөтөлбөртөө оруулж байлаа. Манай төгсөгчид гадаадын компаниудад ерөөсөө гологдоогүй. Одоо ч гологддоггүй гэж боддог. Одоо Оюутолгой, Тавантолгой зэрэг дэлхийн хэмжээний төсөл, олон жижиг уурхайнуудад манай төгсөгчид ажиллаж байгаа. Бусдаас хол хоцроод, гологдоод байгаа юм байхгүй. Би 1996 онд Английн иргэн, дэлхийд нэртэй зөвлөх Ричард Силитоу гэж хүнийг урьсан. Манайд ирээд байгууллага бүрээс хүн оролцуулсан экспедиц зохион байгуулаад сар аялсан юм. Тэр хүн “Та нартай ажиллахад их таатай байлаа. Болгарт, Кубад ажилласантай адилхан байна. Оросын школын геологичид байна гэж ойлголоо. 

Сайн геологичидтой юм” гэж хэлээд буцсан. Оросын школ сайн. Яагаад гэвэл том газар нутагтай улс учраас тэр. Газар нутаг том байх тусам сонирхолтой геологийн тогтоц, томоохон ордтой байдаг. Ийм нөхцөлд сургалт нь муу байх учиргүй. “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман ботийг бүтээсэн найман хүнээс нэг нь бурхан болсон. Тэднээс би Чехэд, нэг нь эх орондоо, бусад нь Орост геологи хайгуулын сургууль төгссөн хүмүүс. Монголын урдаа барьдаг бүх геологчид Орост төгссөн байгаа биз. Оросынх математик, хими, физикийн суурь сайтай, практик мэдлэг сайн олгодог сургалт байдаг юм. Манайд геологийн сургалтыг анх зохион байгуулахад оросын загварыг ашигласан. Одоо олон багш гадаад, дотоодод төгсөж эрдмийн зэрэгтэй болсон. Залуу байхад их мэддэг юм шиг санагддаг байлаа. Одоо судалсан шинжлэх ухааныхаа талаар ямар олон зүйл мэдэхгүй байна гэж дотроо боддог юм. Уг нь би их сургаалиа сайн төгссөн, Орост эрдмийн зэргээ хамгаалсан. Гэхдээ 20 жил ажиллаж байж л боломжийн багш болдог юм билээ. Би 47 настай анх компьютер хэрэглэж үзэж байлаа. Миний үеийн хүмүүсийн олонх нь компьютер хэрэглэдэггүй. Би байнга хэрэглэдэг. Мэдээллийн технологи эрт нэвтрэхгүй яасан бол гэж боддог. Дэд докторын зэрэг хамгаалахдаа өрөөний талыг эзэлсэн том машинаар тооцоолол хийж байлаа. Мэдээллийн технологийн эд шидийг хожуу ч гэсэн үзсэндээ маш их баярлаж явдаг.

-Геологичид судалгаа хийхийн тулд маш их аялдаг. Та эх орноороо хэр их аялсан бэ?

-Увс аймагт очиж үзээгүй. Бусад нутгаараа явсан. Бас мэргэжлийнхээ чиглэлээр 35 оронд очиж үзсэн байдаг. Олон улсын хурал, чуулганд оролцох гэх мэтээр их явдаг байлаа. Хурлын дараа тухайн орондоо геологийн хээрийн аялал хийсэн тохиолдол олон бий. Хээрийн аялалаар геологийн судалгаанаас гадна орд үзүүлдэг. Нэг оронд олон удаа очсон тохиолдол ч бий. Геологичид их энгийн хүмүүс. Байгальтай харилцдаг учраас сайхан хүмүүс байдаг юм. Дэлхийн геологичид бүгд ижил.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)