О.Баяндалай: Дэлхийд танигдсан уулсын оргилд дугуйтайгаа гарах зорилго бий

Дугуйгаар Монгол орноо тойрон аялсан О.Баяндалай хүсэл байвал чадал байдгийн жишээг харуулснаараа хүмүүсийн сайшаалыг хүртээд буй. Тэрбээр эх орныхоо үзэсгэлэнт байгальтай танилцахаар аадар бороо, аагим халууныг үл тоон одоогоос хоёр сар гаруйн өмнө аяллаа ганцаараа эхлүүлжээ. “Аtilla” группийн аялагч, түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө аяллаа амжилттай дуусгасанд баяр хүргэе. Дугуйтай 21 аймгаар аялах шалтгаан юу байв?

-Би дугуй унах дуртай хүүхэд байлаа. Багаасаа л Монголоо тойрон аялах мөрөөдөл тээж явсан юм. Харин энэ жил Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрынхан дэмжлэг үзүүлснээр 25 насандаа мөрөөдлөө биелүүлэх боломж бүрдлээ. Бага зардлаар 21 аймгаа тойрон аялж болдгийг харуулах зорилгоо биелүүлэв. 6300 км замыг хоёр сар 11 хоногт туулжээ.

-Хэдэн төгрөг аялалдаа зарцуулсан бэ?

-Аялаад ирсний дараа хамтран ажиллах санал надад тавьсан учраас зардлын тухай хэлэх боломжгүй. Хэдэн төгрөг зарцуулж, яаж аялах боломжтой талаар телевизийн нэвтрүүлэг хийх гэж байгаа юм. Үүнд зориулж хэд хоногийн дараа дахин аялахаар төлөвлөөд байна.

-Ганцаараа дугуйтай аялна гэдэг амаргүй байх. Аяллын хамгийн хүнд, бартаатай зам хаана байв?

-Баруун аймгуудын зам жаахан бартаатай. Зам гэхээс илүүтэй цаг агаар, байгалийн үзэгдэл хүндхэн даваа байлаа. Гэхдээ “Хүннү Монгол” компанийнхны бэлэглэсэн наранд халдаггүй, усны хамгаалалттай хүрмийн ачаар сайн яваад ирлээ. Наранд түлэгдэж, бороонд норох асуудал үүссэнгүй. Харин салхи шуурга нүүр нүдгүй балбаж, зарим нутагт цас орсон. Замдаа олон зүйлтэй учирлаа. Архангай аймгийн Цэнхэр сумд явж байхдаа “Лексус-570” маркийн автомашин жижиг тэрэгтэй мөргөлдөж, таван хүн газар дээрээ нас барсан байсныг харлаа. Түүнээс гадна замд таних, танихгүй хүмүүс их дэмжсэн. Энэ ташрамд “Аtilla” группийнхэн болон бусад бүх хүнд талархсанаа илэрхийлье. Могой миний дугуйг ороож хэвтсэн хоёр ч тохиолдол гарсан. Урт хорхойтой таарах сайн гэж нутгийн олон хүн бэлэгшээдэг юм билээ. Тиймээс ч аялах явцдаа дандаа сайн, сайхан хүмүүсээр хүрээлүүлсэн байх.

-Цаашдын зорилго нь юу вэ?

-Дугуйн спортоор хичээллэх нь эрүүл мэндэд сайнаас гадна цаг, заваа зөв боловсон өнгөрүүлэхэд ач холбогдолтой. Энэ спортоор хичээллэхийн давуу талыг олон нийтэд сурталчлах зорилгоо үргэлжлүүлнэ. Зөвхөн дугуй гэлтгүй бокс, ууланд авирах зэрэг экстрим спортоор хичээллэдэг. Дэлхийд танигдсан уулсын оргилд дугуйтайгаа гарна гэсэн зорилго бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)