О. Анужин: Жизель шиг хайрлах юмсан

Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан УДБЭТ-ын гоцлол бүжигчин, Олон улсын ''А'' зэрэглэлийн уралдааны хүрэл цом, тусгай шагналын эзэн О.Анужинтай ярилцлаа. Баярын өдрөөрөө ч завгүй ажиллаж байгаа түүнийг Щопениана балетаа тоглоод гарч ирэхэд нь ярилцах боломж олдсон юм.

-Юуны түрүүнд танд "Дэлхийн бүжгийн өдөр"-ийн мэнд хүргэе. УДБЭТ-ын хамт олон энэхүү тэмдэглэлт өдрийг нийгэмд чиглэсэн тоглолт зохион байгуулж байгаа юм байна. Хэрхэн баярлах гэж байгаа талаараа уншигчидтай маань хуваалцаач?

-Өнөөдөр бид Аутизмтай хүүхдүүдэд зориулан Ф.Шопен ”Щопениана”, Л.Минкус “Пахита” балетаа толилууллаа. Маргааш (өнөөдөр) бид Дэлхийн бүжгийн өдөрт зориулан "Балетын үдэш" гала тоглолтоо тавих болно. 16 шилдэг номероо толилуулах бидний тоглолт аутизмтай хүүхдүүд болон тэдний эцэг эхэд, сэтгэлийн дэм өгнө гэж найдаж байгаа.

-Гаднаас нь харахад хэвийн мэт байдаг ч бусадтай ойлголцож чаддаггүй тэгсэн хэрнээ ямар нэг зүйл маш онцгой мэдэрхүйтэй Аутизмтай хүүхдүүдийн ертөнцийг үзэх үзэл сонирхолтой санагддаг юм. Үгэнд ордоггүй зөрүүд гэгддэг тэдгээр хүүхдүүд та бүхний тоглолтыг үзээд томоотойгоор барахгүй, биширчихсэн сууж байгааг нь хараад үзэгчдийнхээ оршихуйд сонгодог урлаг хүчтэй нөлөө үзүүлж чадах юм даа гэж бодож суулаа.

-Аутизмтай хүүхдүүд маш мэдрэмжтэй үзэгчид ч байж болох юм. Үзэгч маань хэн ч байлаа гэсэн бид хамгийн сайнаараа хичээж тоглодог. Багш минь "Чи хэн ч байж болно. Гэхдээ хүн шиг л байгаарай" гэж захидаг юм. Үүнтэй адилхан үзэгчид минь хэн ч байж болно. Бид аль чадахаараа оюуны цэнгэл эдлүүлэхийг хичээдэг.

-Та олон улсын балетын "А" зэрэглэлийн уралдаанд хүрэл цом, тусгай шагнал хүртсэн УДБЭТ-ын үнэ цэнэтэй бүжигчин. Таны гаргасан энэхүү амжилтыг 35 жилийн өмнө Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин Ю.Оюун 1981 онд Япон улсад болсон Олон улсын тэмцээнд амжилттай оролцож, гурван хүрэл медаль авсан түүхтэй дүйцэхүйц гэж үнэлдэг юм билээ. Сонгодог урлагт хөл тавиад хэр удаж байна вэ?

-Сонгодог урлагт хөл тавиад 13 жил болжээ. Би 15 настайгаасаа хойш УДБЭТ-даа гэрээтээр ажиллаж эхэлсэн. Одоо энэхүү босгыг даваад найман жил өнгөрсөн байна. Энд маш өндөр цензурыг биднээс шаарддаг тул түүнд нь хүрэх гэж хичээсний маань л үр дүн болов уу

-Та олон орны бүжигчидтэй мөр зэрэгцэн бүжиглэсэн туршлагатай юм билээ. Яг ямар ямар оронд очиж туршлага судалсан бэ? Тэдэнтэй харьцуулахад бид юугаараа дутуу болон давуу вэ?

-Орос, Бээжин, Шанхай, Солонгос, Япон, Өмнөд Африк гэх мэт. Сүүлд АНУ-ын Бостон, Вашингтонд очсон. 200-300 жилийн түүхтэй арвин туршалагтай орнуудтай харьцуулахад бид урлаг дэмжих бодлого дутмаг. Манай орны бүжигчид хөлний гэмтэлтэй үед өвчин намдаах уугаад, цацлага цацаад л гардаг. Гадны орон шиг эмч, фитнессийн заал зэрэг нарийн ширийн нь байхгүй. Гэсэн ч бид дэлхийн хэмжээний бүжигчдийн өмнө нүүр улайхааргүй гэж боддог шүү.

- Тайзны ард бүжигчид маш их хөлс хүчээ урсгаж байж олны өмнө гардаг байх. Шантрах үе байдаг уу?

-Хүнд бэрх байна гэж гомдоллох эрх надад байхгүй. Яагаад гэвэл би өөрөө хүсээд л энд байгаа. Биднийг энд хэн ч хүлээгүй шүү дээ. Хэдий шантрах үе байдаг ч миний бүжгийг хайрлах хайртай харьцуулахад юу ч биш. Мэргэжил бүхэн л хэцүү. Нарийн мэргэжил гэдэг утгаараа л биднээс их юм шаарддаг байх. Хэн нэгний төлөө энд суугаагүй болохоор шаардлагыг нь ч биелүүлэх хэмжээнд байх юмсан гэж боддог.

-Таны тоглож байсан дүрүүдээс хамгийн хайртай дүр нь аль вэ?

-Үхлээс хойш ч үргэлжлэх хайр сэтгэл, сүнсний ертөнцийг харуулах Жизелийн дүрд тоглохдоо би яг л түүн шиг хайрлах юмсан гэж хүсдэг.

-Хайрлах хүнээ олсон уу?

-Энийг нууц хэвээр нь үлдээсэн нь дээр байх.

Ярилцсанд баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)