“ОЮУТОЛГОЙ”-н санхүүгийн үйл ажиллагааг хянана

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 6-7-нд Өмнөговь аймагт ажиллаад ирсэн. Энэ үеэрээ тэрбээр “Эрдэнэс Оюутолгой”, “Оюутолгой” компанийн ТУЗ болон удирдлагуудад зарим үүрэг өгсөн байна. Оюутолгойн 34 хувийг манай Засгийн газар эзэмшдэг учраас компанийн засаглал, гүйцэтгэх удирдлагын түвшинд энэ хэмжээнд ногдох эрх мэдлийг Монголын талд эдлүүлэх боломжоор хангах ёстой гэжээ.

Мөн 34 хувьдаа ногдох хяналтын эрх мэдлээ компанийн гадаад, дотоод худалдаа, ханган нийлүүлэлт, санхүүгийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх нь зөв гэсэн байна. Уг үйлдвэр цаашид олон жил ажиллах учраас ажилчдынхаа нийгмийн асуудалд одооноос онцгой анхаарахыг үүрэг болгожээ. Орон сууцны хотхон байгуулж, залууст гэр бүлээрээ оршин суух боломж олгохыг үүрэгдсэн аж. Ажилчид баялгаас илүү үнэ цэнэтэй гэдгийг Ерөнхий сайд онцолсон байна.

Түүнчлэн уг уурхай нь ч, үйлдвэр нь ч дэлхийн хэмжээний стандарт бүхий тохижилттой байх ёстой гэсэн байна. Өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ямар арга хэмжээ авснаа жил бүр танилцуулахыг тус компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагуудад сануулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)