“Оюутолгой”-н гүйцэтгэх захирлаар Армандо Торресыг томилжээ

“Оюутолгой”-н гүйцэтгэх захирлаар Армандо Торресыг томилсон талаар тус компаниас өнгөрсөн баасан гаригт мэдээлэв. Тэрбээр өнгөрсөн оноос “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд “Рио Тинто”- гийн “Оюутолгой”-г хариуцсан захирлаар ажиллаж байжээ. Армандо Торрес нь ТУЗ-ийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах аж.

Тэрбээр сүүлийн зургаан жил “Рио Тинто” группэд удирдах ажил эрхэлжээ. Ажлын гараагаа “Рио Тинто”-гийн Хөнгөн цагааны группийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар эхлүүлж байсан гэнэ. Австрали, Канад дахь үйл ажиллагааг нь хариуцан ажилласныхаа дараа Үйл ажиллагаа, өөрчлөлт хариуцсан захирлаар нь томилогдож байжээ.

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх “Армандо Торрес нь бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, дотоод нөөц бололцоог бэхжүүлэх, ажиллагсдын ур чадварыг сайжруулах чиглэлд ихээхэн туршлагатай” гэжээ. “Оюутолгой”-н гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Стивен Жонс компанийнхаа Үйл ажиллагаа эрхэлсэн захирлын алба хаших аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)