
“Оюутолгой” компани “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай Эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулснаа мэдээлэв. “Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Армандо Торрес “Гэрээ байгуулсан нь манай компанийн хувьд маш чухал бөгөөд Монгол Улсад оруулах хувь нэмэр баталгаажиж байна” гэжээ.
Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой”-н хамтарсан ажлын хэсгийн хоёр жилийн хөдөлмөрийн дүнд уг гэрээг байгуулсан нь стратегийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буйн нотолгоо гэдгийг тэмдэглэсэн байна.
Энэ гэрээ нь “Оюутолгой”-н бизнесийн хөгжлийг тасралтгүй, найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломж олгох аж. Тус компанийнхан Засгийн газартай хамтран дотоодын эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж буй гэнэ.
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь БНХАУ-ын Өвөрмонголын “Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа” компанитай импортын гэрээ байгуулсны үндсэн дээр талууд Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.