“Оюутолгой” компанийн орлого 130.7 сая ам.доллар болж буурлаа

“Оюутолгой” компанийн нэгдүгээр улирлын санхүүгийн тайланг 66 хувийг нь эзэмшдэг “Turquoise hill resources” танилцууллаа. Энэ хугацаанд “Оюутолгой” 130.7 сая ам.долларын орлого олсон нь өмнөх жилийн мөн үед дээрх тоо 352.7 сая байснаас 62.9 хувиар буурсан дүн болжээ. Хүдрийн агуулга буурснаас шалтгаалж баяжмал дахь зэс 23.1, алт 78.2 хувиар багассан нь үүнд нөлөөлсөн байна. Мөн “Ковид-19” зэсийн эрэлтэд нөлөөлж, уг таваарын ханш 2019 оны нэгдүгээр улирлынхтай харьцуулахад 9.1 хувиар хямдарсныг дурджээ. “Оюутолгой” компани энэ хугацаанд 19 сая ам.долларын ашигтай ажилласан дүн гарав. Энэ нь өнгөрсөн жил дээрх тоо 105.2 сая “ногоон” байснаас доошилсон үзүүлэлт юм. Тэд гүний уурхайн бүтээн байгуулалтад 291.5 сая ам.доллар зарцуулсан байна. Улмаар 2016 оны нэгдүгээр сараас хойш нийт 3.8 орчим тэрбум ам.доллар зарцуулаад буй аж. Тус компани энэ оны эхний улиралд сард дунджаар 1822 метр малталт хийсэн гэнэ. Өнгөрсөн гуравдугаар сард дээрх тоо 1939 метрт хүрсэн нь дээд амжилтад тооцогджээ. “Оюутолгой” энэ онд 140-170 мянган тонн зэс, 120-150 мянган унци алт агуулсан баяжмал үйлдвэрлэх тооцоо нь хэвээрээ аж. Тэгвэл ирэх жил хүдрийн агуулга нэмэгдэхтэй холбоотойгоор 170-200 мянган тонн зэс, 450-500 мянган унци алт агуулсан баяжмал үйлдвэрлэнэ хэмээн тооцоолсон байна.

Бэлтгэсэн: Ц.Болор


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)