“Оюутолгой” компанийн зэс, алтны үйлдвэрлэлийн хэмжээ өсжээ

“Оюутолгой” компанийн гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн тайланг 66 хувийг нь эзэмшдэг “Turquoise hill resources” танилцуулав. Энэ онд “Оюутолгой” компанийнхан 140-170 мянган тонн баяжмал дахь зэс, 155-180 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөв нь хэвээр аж. Үйл ажиллагааны бэлэн мөнгөний зардал нь энэ онд 780-830 сая ам.доллар байна хэмээн тооцсон нь мөн хэвээр гэнэ. Тус компани гуравдугаар улиралд 36 286 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 28 хувиар илүү аж. Мөн 36 743 унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь 2019 оны мөн үеийнхээс 43 хувиар илүү юм байна. Хүдрийн агуулга нэмэгдэхээр байгаа нь цаашид үйлдвэрлэлийн хэмжээнд нөлөөлөхийг дурдсан байв. Хэдийгээр “Ковид-19” цар тахлаас сэргийлэн олон улсын нислэгийг хязгаарласан нь нөлөөлж байгаа ч гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж буйг тэмдэглэжээ. Олборлолтын эхний панель (Панель 0)-ийн шинэчилсэн уурхайн дизайны дагуу 6.6-7.1 тэрбум ам.долларын бүтээн байгуулалт хийн, 2022 оны аравдугаар сараас дараа жилийнх нь зургадугаар сарын хооронд үйлдвэрлэлийг нь тогтвортой түвшинд хүргэхээр зорьж буй нь хэвээр аж. Уг панелийн бүтээн байгуулалтын зардал болон хуваарьт хугацааг энэ улиралд багтаан эцэслэн тооцохоор төлөвлөж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)