“Оюутолгой”-г цахилгаанаар хангах бүрхэг хувилбар

“Оюутолгой”-г эрчим хүчээр хангах ээдрээтэй ч юм шиг, эв нь олддоггүй ч гэмээр хэлэлцээр үргэлжилж байна. Хэлэлцээрийн ширээний нэг талд манай Засгийн газар, нөгөө талд нь “Оюутолгой”-д хөрөнгө оруулагч “Рио тинто” групп бий. Хэлэлцээр ид үргэлжилж буй учраас хоёр тал ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа. Албаны эх сурвалжийн мэдээлснээр хэлэлцээрийг ямар хувилбараар үргэлжлүүлж буй нь тодорхой болжээ. Гэхдээ энэ хувилбарын дагуу хийсэн хэлэлцээр амжилтад хүрэх, эсэх нь бас л бүрхэг.

Манай Засгийн газраас, бүр тодруулбал, Эрчим хүчний яамнаас “Оюутолгой” компанийг төвийн бүсийн эрчим хүчний системээс цахилгаан авахыг санал болгожээ. Ц.Даваасүрэн эрчим хүчний сайдаар томилогдсоноосоо хойш “Оюутолгой”-г дотоодын эх үүсвэрээс цахилгаанаар хангах ажлыг идэвхжүүлсэн. Өөрөөр хэлбэл, бодлогоор шахаж эхэлсэн гэсэн үг. Засгийн газар, УИХ-ын гишүүний албыг хавсарч хашиж буй Ц.Даваасүрэн Их хурлын өмнөх бүрэн эрхийн хугацаанд ч Монголын эдийн засагт оруулж буй “Оюутолгой” компанийн хувь нэмэрт сэтгэл дундуур явдгаа удаа дараа илэрхийлж байлаа. Тиймээс “Оюутолгой”-г “шахаж” эхэлсэн нь хувь улстөрчийн үзэл бодолтой нь ч холбоотой болов уу.

Өдгөө тус компани өмнөд хөршөөс цахилгаан авч, жилд 150 орчим сая ам.доллар төлж байна. Энэ мөнгийг Монголдоо үлдээх гэсэн нь зөв. Эрчим хүчний асар их нөөцтэй гэх мөртлөө гадаадаас цахилгаан худалдан авч байгаа явдлыг зогсоох ёстой. “Рио тинто” группийнхэн ч дотоодоос найдвартай эрчим хүч авах нь аюулгүй ажиллагаанд нь алс хэтдээ чухал гэж үздэг. Хоёр талын байр суурь, зорилго нэгэн цэгт огтлолцжээ. Гэхдээ “Оюутолгой”-г эрчим хүчээр хэрхэн хангах вэ гэдэг асуулт хариулт хайсаар.

Эрчим хүчний салбарынхан 2018-2023 онд хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөрт төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадлыг 500 мВт-аар нэмэх зорилт дэвшүүлэв. Улиг болтол ярьсан, “ДЦС-5”-ыг бариад төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь гэж эндүүрэв. Хуучин цахилгаан станцуудаа өргөтгөн, төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадлыг дээрх хэмжээгээр нэмэх нь. “ДЦС-3”-ын хүчин чадлыг 250, “ДЦС-4”-ийнхийг 92, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-ынхыг 35 мВт-аар нэмэхээр зэхжээ. Мөн “Амгалан” дулааны станцад цахилгаан үйлдвэрлэх 50 мВт-ын турбин суурилуулах гэнэ. Ингэснээр төвийн бүсийн эрчим хүчний систем “Оюутолгой”-н цахилгааны хэрэгцээг хангах хүчин чадалтай болно гэж тооцоолж, “Рио тинто”-д дээрх саналыг тавьсан хэрэг.

“Оюутолгой” компани эдүгээ өмнөд хөршөөс 100 гаруй мВт эрчим хүч худалдан авч байгаа. Гүний уурхайгаа бүрэн ашиглалтад оруулснаар тус компани оргил ачааллын үед 300 гаруй мВт цахилгаан хэрэглэнэ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр “Оюутолгой” компани Засгийн газраас 350 мВт-ын найдвартай эх үүсвэр шаардаж байгаа аж. Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадлыг нэмэх төлөвлөгөө, “Оюутолгой”-н хүсэж буй цахилгааны хэмжээнээс давна. Тэгэхээр эх үүсвэрийн хүчин чадлын хувьд санаа зовохгүй байж болно. Харин эх үүсвэрийн найдвартай ажиллагаа хэрхэх бол. Хамгийн чухал шийдвэрлэх асуудал нь энэ.

Өнгөрсөн есдүгээр сард “ДЦС-4”-т саатал гарч, үйлдвэрлэл нь зогсон, төвийн бүсийн эрчим хүчний системийн хэрэглэгчдийн 70 хувь цахилгаангүй болсон. Ийм тохиолдол дахиж гарахыг үгүйсгэх аргагүй. Оюутолгойн газрын 1300 метрийн гүнд олон зуун уурхайчин ажиллах учраас аюулгүй ажиллагааг нь сайтар хангах шаардлагатай. Цахилгаан нь тасарч, мянган метрийн гүнд уурхайчид “гацвал” яах вэ. Ийм болгоомжлолоос төвийн бүсийн эрчим хүчний систем найдвартай ажиллаж чадах уу гэсэн асуултыг “Рио тинто” группийнхэн манайханд сөргүүлэн тавьж буй сурагтай.

“Рио тинто” группийнхэн ч биш, эрчим хүчний салбарт олон жил ажиллаж чамгүй туршлага хуримтлуулсан үндэсний мэргэжилтнүүд ч төвийн бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагаанд итгэхгүй байгаа юм. “ДЦС-3”-ын 50 жилийн ойг энэ жил тэмдэглэсэн. Дэлхийд цахилгаан станцыг 40 жил ашиглаад хаах жишиг байдаг аж. “ДЦС-3”-ын насыг хүнийхтэй харьцуулбал, 70 давсан өвгөн гэж эрчим хүчний салбарын нэгэн мэргэжилтэн зүйрлэв. Тэгвэл төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллын дийлэнхийг нуруундаа үүрдэг “ДЦС-4”-ийг ашиглалтад оруулаад 35 жилийн нүүр үзжээ. Энэ нь хүнийхээр бол 55 хүрч, тэтгэвэртээ суух дөхсөн нас гэнэ. Төвийн бүсийн системийн эрчим хүчийг үйлдвэрлэдэг хоёр станц ид насаа өнгөрөөж, ачаалал даахаа больж, өвчин зовлон тоочдог үедээ ирсэн гэдгийг мэргэжилтнүүд үүгээр ойлгуулаад байгаа хэрэг.

“Рио тинто” -гийн Зэс, очир эрдэнийн группийг тэргүүлэгч Арнауд Суарат, “Туркойз хилл ресурс” компанийн гүйцэтгэх захирал Улф Куэлман нар өнгөрсөн лхагва гарагт “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүүтэй өмнийн говьд өндөр хүчин чадалтай цахилгаан станц барих талаар санал солилцсон. Арнауд Суарат “Тавантолгойд цахилгаан станц барих талаар Монголын Засгийн газартай ойлголцох асуудал их бий. Хэрэв талууд ойлголцолд хүрч чадвал ойрын хугацаанд хэлэлцээрт гарын үсэг зурж, ажлыг эхлүүлэх боломжтой” гэжээ. Эндээс “Рио тинто” групп төвийн бүсийн эрчим хүчний системээс биш, хөрөнгө оруулалт хийж Тавантолгойд цахилгаан станц барих сонирхолтой байгаа нь илэрхий харагдаж байна.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Монголоос эрчим хүч авахыг тусгасан. Ингэхдээ өөрийн хөрөнгөөр цахилгаан станц барих, хувийн хэвшлийн байгуулсан эх үүсвэрээс авах, эсвэл төвийн бүсийн эрчим хүчний системээс нийлүүлэх гэсэн гурван сонголт олгосон. Мөн үйлдвэрлэлээ эхлүүлснээс хойш дөрвөн жилийн дотор дотоодоос эрчим хүч авна гэсэн нөхцөл тулгасан юм. Засгийн газар Тавантолгойд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цахилгаан станц байгуулж, “Оюутолгой”-д нийлүүлэх бодлого баримталсан удаатай. “Оюутолгой” компани 2013 онд үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Гэвч дөрвөн жилд багтаан Тавантолгойд цахилгаан станц барих боломж байгаагүй.

Ингээд Засгийн газраас Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг “Рио тинто”-той байгуулсан. Уг баримт бичгээр Тавантолгойд цахилгаан станц барьж дуустал хөрөнгө оруулалтын гэрээнд заасан хугацааг хэрэгсэхгүй байх зохицуулалт тусгав. Гэвч шалгарсан хөрөнгө оруулагч нь Тавантолгойд цахилгаан станц барихаас татгалзсан. Нөхцөл байдал ийм бүрхэг болсон учраас өнгөрсөн дөрөвдүгээр сард Ц.Даваасүрэн сайд Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцаллаа. Ингэснээр дөрвөн жилд багтаан дотоодоос эрчим хүчээ авах цаг хугацааны тоолуур дахин гүйж эхэлсэн юм. “Рио тинто” групп “Оюутолгой”-н төслийн талбай дээр цахилгаан станц барих санал гаргасан. Тэгэхээр нь манай Засгийн газар Тавантолгойд байгуулах санал сөргүүлсэн тавьсан. Тэнд байгуулбал хугацаандаа амжихгүй гэсэн байр суурийг “Рио тинто” илэрхийлж байгаа. Эцэст нь манайхан төвийн бүсийн эрчим хүчний системээс цахилгаан нийлүүлэх санал гаргажээ. Найдвартай хангаж чадах нь эргэлзээтэй учраас “Рио тинто”-гийнхон татгалзаж буй биз. Харин тэд “Төвийн бүсийн эрчим хүчний системээс авахгүй. Тавантолгойд барья. Харин станцыг ашиглалтад оруулах хугацааг нь сунгачих, бас бус асуудлыг тохиръё” гэж байгаа бололтой. Төвийн бүсийн системээс “Оюутолгой”-д эрчим хүч нийлүүлэх нь угаасаа бүрхэг хувилбар. Тиймээс Тавантолгойд цахилгаан станц бариулах, ингэхдээ “тоолуур” гүйх хугацааг нь сунгах гэрээ байгуулаад ажил цааш үргэлжилж мэдэх нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)