“Оюутолгой”-г хамгаалж, “Эрдэнэс Тавантолгой”-н бүтцийг өөрчилнө

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлаа өчигдөр хийлээ. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Оюутолгой” компанийн далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсын зах зээлд арилжих үйл ажиллагаа, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих талаар баримталж буй бодлогоо танилцуулав. УИХ-ын зарим гишүүн сүүлийн үед “Дубайн гэрээ” гэж нэрлэх болсон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг Монголын талд ашиггүй болсон, цуцлах ёстой гэж мэдэгдэж буй. Төслийг гардан хэрэгжүүлж буй “Рио тинто” группийн хувь нийлүүлэгчид ч “Оюутолгой” төслийг эргэн харж, сайтар нягтлах ёстой гэсэн шийдэлд хүрчээ.

Д.Сумъяабазар сайд “Оюутолгойн гэрээний талаар улстөрчид улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор буруу хазгай мэдээлэл өгөх нь газар авлаа. “Оюутолгой” монголчуудын нэр хүндийг гадаад ертөнцөд илтгэх төсөл. “Оюутолгой”-д хэрхэн хандахаас Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин шалтгаалдаг боллоо. Бид гадаад хүчин зүйлээ бодох ёстой. Үүгээр зогсохгүй Монголын эдийн засаг “Оюутолгой”-гоос хамааралтай болсон. Хэрэв далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоовол 17 мянган хүн ажлын байргүй болно. Мөн 45 мянган шууд бус ажлын байр алга болно. Ингэвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ” гэсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Маргаан дагуулж буй асуудал нь төслөөс хүртэх өгөөжийн хэмжээ юм. Төслийг зогсоох биш, гэрээг сайжруулахын тулд хоёр тал ширээний ард суухад бэлэн байх хэрэгтэй. Гэрээг сайжруулах, хэрэгжилтийг нь хангахад анхаарч ажиллах ёстой. Хэрэгжилтийг хангуулснаар 2029 онд өрөө төлж дуусаад, ногдол ашиг хүртэх тооцоо бий. Эрчим хүчийг нь дотоодоос нийлүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдах, үйлдвэрлэсэн зэсийн баяжмалыг нь боловсруулах замаар төслөөс хүртэх өгөөжийг нэмэхээр ажиллаж байна” гэж ярьсан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежментийн бүтцийг өөрчлөх тогтоолын төслийг Засгийн газарт өргөн барихаар төлөвлөжээ. Тогтоолын төсөл нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын зах зээлд борлуулахын тулд санхүү, хуулийн чиглэлээр мэргэшсэн хүмүүсээр Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын баг бүрдүүлэхэд чиглэх аж. Тус компанийн ТУЗ-д өндөр мэргэшсэн гадаадын зөвлөхийг ч оруулах гэнэ. Д.Сумъяабазар “Одоогийн удирдлагын баг хэр хэмжээндээ ажиллаж байгаа. Гадаадын зөвлөхүүдээс ирсэн материалыг орчуулж ойлгож, түншлэгчидтэй ширээний ард суугаад ярилцахад нэг түвшинд байж чадахгүй байна. Энэ баг амжилт, ялалт авчирч чадахгүй. Тиймээс амжилттай IPO хийхийн тулд бүтцийг нь өөрчлөхөөс өөр замгүй” гэсэн. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд төмөр зам тавих ажлыг гурван сарын дараагаас эхлүүлэхээр төлөвлөжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас томилсон шинжээчдийн баг өмнө нь тавьсан төмөр замын даланг шалгаад “10 орчим сая ам.долларын санхүүжилт хийж, нурсан хэсгийг нь засаад төмөр замаа дэвсэхэд болно. Сайн тавьсан далан байна” гэж дүгнэсэн аж. Төмөр зам тавих тендерийг дотоод, гадаадын компаниудын дунд зарлах гэнэ. Тендерийн тухай шинэ хуулийг ирэх сарын 1-нээс мөрдөнө. Уг хуулийн олгож буй боломжийг ашиглахаар ажлаа төлөвлөсөн гэж тус яамныхан тодотголоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)