“Оюутолгой”-гоос гарах уу

Оюутолгойн гэрээг тойрон хэрэлдэхээ одоо зогсооё. УИХ-ын 2009 онд баталсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд ашиггүй болсон гэж зарим улстөрч улангасан дайрч байлаа. 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсанаасаа хойш чимээ алдраад буй “босоо” С.Ганбаатар хэмээх гишүүн тэдний тэргүүн эгнээнд явсан билээ. “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр тэрбумаар хэтэрч, долоон тэрбум ам.долларт хүрсэн нь 2012 оны аравдугаар сард тодорхой болсон. Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоож, шалгалт оруулах шийдвэр гаргасан юм. Өмнөд хөршөөс “Оюутолгой” компанитай холбоотой англи хэлээрх олон тооны баримт авчран орчуулж, нэлээд хугацаа алдсаны эцэст шалгалт оруулсан. Энэ хооронд Засгийн газар “Оюутолгой” компанийн хувьцааны 66 хувийг эзэмшиж буй “Туркойз хилл ресурс”- ийн дийлэнх хувьцааны эзэн, төслийн менежментийг хэрэгжүүлж буй “Рио тинто” группийг олон улсын арбитрын шүүхэд өгөхөөр битүүхэн бэлтгэж байв. Шалгалтаар зохих татвар, хураамж төлөөгүй байна гэснээс өөр ноцтой зөрчил илрүүлээгүй.

Шалгалтаар илэрсэн 130 сая ам.доллартой дүйх татвар төлөөгүй гэх маргаан нь бүртгэх, тайлагнах аргачлалын зөрүүнээс үүдсэн хэмээн Татварын маргаан таслах зөвлөлөөс дүгнэсэн юм. Ингээд “Оюутолгой” компанид 30 сая ам.долларын татвар төлөх үүрэг ногдуулсан билээ.

Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оны арваннэгдүгээр сард огцорсноор улс төрийн нөхцөл өөрчлөгдлөө. Дараагийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Рио тинто”-той хэлэлцээрийн ширээний ард суух уу, эсвэл арбитрын шүүхээр заргалдах уу гэсэн сонголттой тулгарав. Тэрбээр хэлэлцээрийн ширээний ард суух сонголт хийсэн. Улмаар “Оюутолгой” компанийн хувьцааны 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Да.Ганболд нар Засгийн газрын даалгавраар “Рио тинто”-гийнхонтой хэлэлцээ хийсэн. Үр дүнд нь Дубайд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж, олон улсын банк санхүүгийн 15 байгууллагаас “Рио тинто” 4.2 тэрбум ам.доллар авч, түүнийгээ “Оюутолгой” руу дамжуулан зээлэн, гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр болсон билээ. Арбитрын шүүхэд хандсан бол манай Засгийн газар ялах байсан гэдэг. Хөлсний шинжээч ялагдана гэсэн дүгнэлт гаргасан ч гэдэг. Хэрхэх байсан нь үнэндээ тодорхойгүй. Тэгээд ч одоо нэгэнт өнгөрсөн хэрэг.

“Дубайн гэрээ” нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн зарчмыг өөрчилсөн, Монголын талын хүртэх өгөөжийг тодорхойгүй болгосон гэж шүүмжилдэг. Тэгвэл хэлэлцээр хийж, гэрээ байгуулсан хүмүүс улс төрийн шийдвэр байсан, “Дубайн гэрээ” Монгол Улсын нэг ч хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээг зөрчөөгүй гэдэг. “Дубайн гэрээ” төслийн анхны хөрөнгө оруулалтыг 11 тэрбум ам.долларт хүргэсэн, төслөөс ногдол ашиг авахаар тооцсон хугацааг хойшлуулсан нь үнэн. Гэхдээ эдийн засгийн тооцоо хийж, бизнесийн өнцгөөс харвал ингэхээс өөр арга байгаагүй гэдэгтэй олон хүн санал нийлнэ. 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулсан. Төслийн бүтээн байгуулалт эхлээд яг 10 жил өнгөрч байна. Монголын улстөрчид муу гэрээ байгуулсан гэж хоорондоо 10 жил хэрэлдлээ. Эцэст нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, “Дубайн гэрээ”-ний автор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг бусдад давуу эрх олгосон гэсэн үндэслэлээр хууль хяналтынхан шалгаж байна. Сангийн сайд асан, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлын хэсгийн ахлагч С.Баярцогтыг шоронгийн хаалга татахад тун ойрхон болсныг эх сурвалжууд дуулгалаа. Түүнийг хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа зарим төлбөр, хураамжийг тогтворжуулаагүй, дотоод мэдээлэл ашиглан “Айвенхоу майнз” компанийн хувьцааг худалдан авсан гэсэн үндэслэлээр буруутгаж буй.

Өнгөрсөн хугацаанд монголчууд л энэ төслийг тойрон бие биеэ хэмлэлээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Дубайн гэрээ”-ний алдаа онооны талаар Засгийн газар өнөөг хүртэл бодитой, ул суурьтай дүгнэлт гаргасангүй. “Оюутолгой” төслийн хэлэлцээр, шийдвэртэй холбоотой материалуудыг төр нууцын зэрэглэлд авчихдаг. Тиймээс улстөрчид нь төслийн үр өгөөжийн талаар мэдээлэл муутай байна. “Рио тинто” группийн удирдлага ирэх бүртээ үе үеийн Ерөнхий сайдтай уулзсан. Ерөнхий сайдууд маань эрх ашгаа хамгаалан хэрхэн дуугардаг, байр сууриа илэрхийлдэг нь ерөөс бүрхэг. Бие биеэ сүрхий шүүмжилдэг хэрнээ “айл”-ын талд найр тавиад өнгөрдөг гэх. Төслийн үр өгөөжийг тойрсон маргаан, хэлэлцээрийн ширээний ард монголчууд “Рио тинто”-гийн эсрэг нэг тал болж, байр сууриа хамгаалах учиртай. Гэвч өнгөц мэдээллийг хий хоосон дэвэргэж, биенээ муулахаас илүү ид шид манай улстөрчдөд алга.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг хоёр жил гаруйн хугацаанд ажилласны эцэст өнгөрсөн хавар дүгнэлт гаргав. Нэлээд бодитой дүгнэлт гаргах болов уу гэсэн хүлээлт байсан ч олон нийтийн санаанд хүрээгүй. Өмнө нь маргааны сэдэв болон ярьж байсан зүйлийг хамаад биччихсэн юм шиг л дүгнэлт гаргасан байв. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва ч дүгнэлтээ хэтэрхий улстөржсөн байдлаар танилцуулж, үнэгүйдүүлсэн бололтой. Учир мэдэх хүмүүс таван яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан салбар ажлын хэсгийнхэн маш сайн ажиллаж, зөрчилтэй зүйлсийг нь илрүүлсэн гэж ярьж байна. Тийм олон “но” байгаа бол ил гаргах хэрэгтэй бус уу. Ажлын хэсгийн дүгнэлт гаргасны дараахан “Рио тинто” группээс Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дахин хоёр тэрбум ам.доллароор өсгөхөөс өөр аргагүйд хүрснээ мэдэгдэв. Газрын гүний хөрс нь техник, эдийн засгийн үндэслэлд тооцоолсноос хэврэг байсан учир нэмэлт бэхэлгээ хийх шаардлагатай болсон гэж тайлбарлалаа.

“Рио тинто”-гийнхон “Оюутолгой” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг өмнө нь хоёр удаа хийсэн. Хоёуланд хөрөнгө оруулалтын тооцооллыг алдсан нь энэ. Монголын талаас төслийн хөрөнгө оруулалт дахин өсөх болсонтой холбогдуулж, дорвитой дуугарсан хүн гараагүй байна. Ерөнхий сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд маань ам ангайсангүй. Хамгийн их санаа зовж, судалгаа шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт гаргаж байх учиртай “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн удирдлагад ямар ч идэвх алга. Монголын төр өмчдөө эзэн байж чадаж байна уу гэсэн асуулт эрхгүй тодрох аж. “Оюутолгой” төсөлд хэн санаа зовж байна вэ. Ерөнхий сайд маань өөртөө гал дуудахгүй, чимээгүй байж байгаад бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах сонирхолтой ч байж мэдэх юм.

“Рио тинто” группийнхний хөрөнгө оруулалтын өсөлтийг хүлээн зөвшөөрөөд нэмэлт гэрээ байгуулах уу. Тэгээд дараа нь манай ногдол ашиг авах хугацаа хойшиллоо, төслөөс авах үр өгөөж буурлаа гэж хоорондоо хэрэлдэх үү. Бас болоогүй, улс төрийн шийдвэрээр гэрээ байгуулсан хэн нэгнийгээ шоронд суулгах гэж улангасан хөөцөлдөх үү. Ингэвэл бөөсний үлгэр шиг, “чөтгөрийн тойрог” шиг эмгэнэлтэй өрнөл дахин давтагдана. “Рио тинто” Оюутолгойн зэс, алт, мөнгөний баялгийг зургаан үе шатанд хуваан олборлохоор төлөвлөж байгаа. Үе шат бүрт зээл авч, хөрөнгө босгож, зардлаа өсгөвөл яах вэ. Ингэхгүй гэх баталгааг өдгөө хэн ч өгч чадахгүй. Хэрэв ийм явдал тохиолдвол бидний бөөсний үлгэр дуусахгүй биз.

Уг нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлыг хэсэг дүгнэлтээ гаргасныхаа дараа шийдвэрлэх арга хэмжээ тогтоолын төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх учиртай байв. Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвыг хуумгай хандсан гэж үзээд өөрчилжээ. Одоо УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсгийнхэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх явцад тулгамдсан асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард суух, ингэхдээ ямар бодлого баримтлахыг чиглүүлэх тогтоолын төсөл боловсруулж байна. УИХ-аас гаргах энэ тогтоол “Оюутолгой” төслийн маргаан, үл ойлголцолд цэг тавьж чадах болов уу. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Хөрөнгө оруулагч тал төслийн зардлыг өсгөх замаар санхүүжилт босгож, түүнийгээ өөрийн бусад бизнест ашиглан өгөөж хүртэх механизмтай болсон. Зардал өссөн гэсэн маргаан хэзээ ч дуусахгүй. Иймээс Монголын Засгийн газар “Оюутолгой” компаниас эзэмшиж буй 34 хувийн хувьцаанаасаа татгалзаж, төслөөс өөр хэлбэрээр өгөөж хүртэх хэрэгтэй гэсэн саналтай байгаа” гэв. Түүнийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, дараа нь “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсныг монголчууд мэднэ. Тэрбээр дээрх ажлын хэсэгт төслөөс гарч, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нэмэлт, эсвэл бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар төслөөс зохих үр өгөөжөө хүртэх хэрэгтэй гэсэн санал хүргүүлжээ.

“Оюутолгой” төслийн 34 хувийг эзэмшсэн нь бодлогын алдаа байсан гэдэгтэй сүүлийн үед олон эдийн засагч, уул уурхайн шинжээч санал нэгддэг болсон. Төслөөс гарчихвал хөрөнгө оруулалтын зардал хэтрэх нь гагцхүү “Рио тинто” группийн асуудал болно. Эцэс төгсгөлгүй маргаанд цэг тавьж, татвар, бусад төлбөр, хураамжаа нэмж төслийн өгөөжийн дийлэнхийг хүртэх эрх зүйн орчин бүрдүүлээд “Оюутолгой”-гоос гарах нь зөв үү. Үүнийг сайтар бодох цаг иржээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)