Оюутолгойн далд уурхайд гал гарч, 500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ


Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн гүний уурхайд уржигдар 09.30 цагийн үед гал гарч олон хүн угаартах шахжээ. Тус уурхайд ажилладаг нэгэн хүн “Гүний уурхайд хүдэр ачдаг машин гэнэт шатсан. Гүнд 500 гаруй хүн ажиллаж байсныг бүгдийг нь шуурхай гаргасан. Угаартсан хүн байхгүй” гэсэн юм.

“Оюутолгой” компанийн ажилтан “Дунд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжид гал гарсан. Ослын улмаас ажиллагсдын эрүүл мэндэд ямар нэгэн хохирол учраагүй. Манай баг, хамт олон уурхайн ослын үед авч хэрэгжүүлэх аюулгүй ажиллагааны төлөвлөгөө, дарааллын дагуу түргэн шуурхай ажилласны дүнд уурхайчид, туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсдын эрүүл мэнд хохироогүй. Галын шалтгаан, нөхцөлийг тодруулах, хохирлыг тодорхойлохоор Ханбогд сумын Онцгой байдлын алба, Цагдаагийн хэлтсийнхэнтэй хамтран ажиллаж байна” гэлээ.

ОБЕГ-т ирсэн мэдээллээр “Оюутолгой” ХХК-ийн гүний уурхайн нэгдүгээр босоо ам буюу 1483 метрийн гүнд дунд оврын LO-055 улсын дугаартай JCВ загварын дугуйт ачигч шатсан. Утаажилтын бүсээс 505 уурхайчныг аюулгүй гаргасан гэжээ.


Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)