Оюутолгойг хамтран ашиглах талаар “Рио Тинтой”, “Чиналко”-той зөвшилцөж байна.

        -Хятадын шүүх ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй-
     Aluminum Corporation of China буюу “Чиналко” компанийн дэд Ерөнхийлөгч Лю Сян Минь “Уул уурхайн салбарт стратегийн томоохон түншлэл эрэлхийлж байгаа манай компани Монгол дахь зэс, алтны асар их нөөцтэй уурхайг хамтран ашиглах талаар Австралийн “Рио Тинто” компанитай ярилцаж байна. Хятадын компаниудын уул уурхай, эрчим хүчний салбарт явуулж байгаа хамтын ажиллагаа нь даяаршиж буй эдгээр салбарын салшгүй нэг хэсэг юм” гэж өчигдөр мэдэгдсэнийг “Wall Street Journal” иш татсан байна.
Түүнийг энэ мэдэгдлийг хийхээс нэг хоногийн өмнө “Рио Тинто” компанийн захирал Том Альбанезе өнгөрсөн жил “Чиналко”-түй харилцаагаа зузаатгах боломжийг алдсандаа харамсаж байгаагаа илэрхийлээд, “Гэвч бид Гвиней дэх төмрийн хүдрийн уурхайг хамтран ашиглах тохиролцоонд хүрсэндээ сэтгэл дүүрэн байгаа бөгөөд хамтын ажиллагааны ирээдүйг өөдрөгөөр харж байна” хэмээн Бээжинд болж буй Хятадын хөгжлийн форумд оролцох үеэрээ мэдэгдсэн. “Рио Тинто” ийнхүү найрсаг загнаж байгаа нь Шанхайд тус компанийн ажилтнуудын орооцолдсон авлига, үйлдвэрлэлийн тагнуулын хэргийн шүүх хурал болж байгаатай холбоотой гэж ажиглагчид дүгнэж байв.
Гурав хоног үргэлжилсэн хаалттай шүүх хурал өчигдөр дууссан ч авлига авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн “Рио Тинто”-гийн ажилтан Стерн Ху болон түүний хамтрагч Хятадын харъяатуудад чухам ямар шийтгэл оноосныг олон нийтэд мэдээлсэнгүй. Австралийн Гадаад хэргийн сайд Стефен Смит “Шийдвэрийг ил болгоход хэд хоногийн хугацаа хэрэгтэй” гэсэн байна. Сэжигтнүүдийн өмгөөлөгч Тао У Пин “Шүүх хурлын уур амьсгал олон хүний төсөөлж байсан шиг ярвигтай байсангүй. Аядуу зөөлөн болж өнгөрлөө” хэмээн мэдэгдэв. Хятадын хуулиар авлига авсан нь нотлогдвол олон жилийн хорих ял оноодог. 
“Чиналко” компани “Рио Тинто”-д 15 тэрбум долларын хөрөнгө оруулж, нийт хувьцааных нь есөн хувийг эзэмшдэг бөгөөд өнгөрсөн жил хөрөнгө оруулалтаа 19.5 тэрбум доллараар өсгөж, тэр хэрээр хувьцаагаа нэмэгдүүлэх хүсэлтэй байсан ч бүтэлгүйтсэн. “Рио Тинто” Монгол дахь алт, зэсийн баялаг орд Оюутолгойг ашиглах гэж байгаа Канадын “Ivanhoe Mines” компанийн 22.4 хувийг эзэмшдэг. Том Альбанезе гуравдугаар сарын 22-нд хэлсэн үгэндээ “Хятад бол манай хамгийн том худалдан авагч төдийгүй уурхайгаас боомт руу төмрийн хүдэр зөөдөг төмөр замын чингэлэг нийлүүлдэг гол түнш. Бид Хятадаас чингэлэг худалдан авахад зориулан 400 сая доллар гаргах асуудлыг ярьж байна” гэжээ.
 
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)