Оюутны хөгжлийн зээлийг газар дээр нь шийдвэрлэнэ

Монгол Улсын Засгийн газар энэ оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Засгийн газар үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх Нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Нээлттэй өдөрлөг” 2019 оны есдүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд болно. 

Бүх нийтийн дасгал хөдөлгөөнөөр арга хэмжээ эхэлнэ 

Бүх нийтийг биеийн тамир спортод уриалах зорилгоор өглөөний дасгалаар манай өдөрлөгийн арга хэмжээ эхлэх юм. Өдрийн турш Аеробик, Спининг, Туялзуур сэлэм, дугуйн ролик зэрэг спортын төрлөөр үзүүлэх тоглолт үзэж, Үндэсний спорт, гранд гольф зэрэг спортоор өөрийгөө сорьж, хөгжөөнт тэмцээн, урамшуулалт худалдаанд оролцох боломжтой. Энэ үеэр магадлан итгэмжлэгдсэн клубуудыг танилцуулах болно. Мөн тамирчдад үйлчилдэг биеийн бүтэц, илүүдэл жингийн индекс тодорхойлох, бие бялдрын хөгжлийн сорилын үзүүлэлтээр оношилгоо хийх, дээд, доод үе мөчний ажиллах чадвар тодорхойлох зэрэг таван төрлийн эрүүл мэндийн тоног төхөөрөмжөөр иргэдэд нээлттэй үйлчлэх болно. Мөн допингийн талаарх мэдлэгээ сорих шагналт уралдаанд оролцож, Токио2020 олимпт оролцох Монголын баг тамирчдын ёслолын болон спортын хувцасны загвартай танилцаарай. 

Оюутны хөгжлийн зээлийг газар дээр нь шийдвэрлэнэ 

Нээлттэй өдөрлөгийн үеэр боловсролын салбарын олон төрлийн мэдээлэл, үйлчилгээг цогцоор нь хүргэхийг зорьж байна. Хэрэв таны хүүхэд удахгүй их дээд сургуульд элсэх гэж байгаа бол Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, их дээд сургуулийн талаар Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл танд тодорхой тайлбар мэдээлэл өгөх болно. Мөн Элсэлтийн шалгалтад бэлтгэх Нээлттэй даалгаврын сан, элсэлтийн ерөнхий шалгалтыг дүгнэх системийн талаар болон танд хэрэгтэй бусад зөвлөгөө мэдээллийг Боловсролын Үнэлгээний төв үзүүлэх болно. Төрийн өмчит их дээд сургуулиудын хөтөлбөр, онцлог давуу талын талаар мэдээлэл авах бүрэн боломжийг Их дээд сургуулиудын консорциум танд олгох болно. 

Нээлттэй өдөрлөгийн үеэр үзүүлэх онцлог үйлчилгээний нэг нь Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сан чирэгдэлгүй газар дээр нь шийдвэрлэх ажлыг зохион байгуулна. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт багшлах эрхтэй холбоотой лавлагаа мэдээлэл өгч, багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтынхаа бүртгэлийн талаар танилцуулах болно. Сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг хүүхдүүдийн хоол, бага ангийн сурагчдын үдийн цайны шим тэжээлийн талаар үзэсгэлэнг мөн сургууль, цэцэрлэгийн тогооч нарын төлөөлөл танилцуулах бол, сурагчийг дүрэмт хувцсны талаар зөвлөгөө мэдээлэл өгөх юм.  

Сансар огторгуйгаар аялах уу 

Шинжлэх ухааны салбар ололт амжилт арвинтай байна. Нээлттэй өдөрлөгийн үеэр 36 байгууллагын судалгаа шинжилгээний 250 гаруй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулга, үзэсгэлэн зохион байгуулна. Энэ хэсэгт та инновацийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхохоос гадна мини одон орон судлалын өргөөнд зочилж, сансар огторгуйгаар аялах боломжийг шинжлэх ухааны салбарынхан олгож байна. 

Урлаг соёлын алдартнууд тантай хамт байх болно 

Театр урлагийн байгууллагууд энэ өдөр үйл ажиллагаа, бүтээл туурвилаа танилцуулж, иргэдтэй хамт байх болно. Урлагийн тоглолт, нийтийн бүжиг наадам, хүүхэлдэйн театрын тоглолт, театруудын мэндчилгээ гээд урлаг соёлын арга хэмжээ бүтэн өдөр үргэлжлэх болно. Хүүхэд багачуудыг номонд дуртай болгох, унших арга барилыг зөв эзэмшүүлэх, номын сангууд болон музейнүүдийн бэлдсэн сонирхолтой арга хэмжээ, гар урлал бүтээлч үйлдвэрлэлийн өртөөнүүд таныг хүлээж байна. Тус нээлттэй өдөрлөгт яамны харьяа байгууллагууд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг СУГ, БТСГ, Нийслэлийн боловсролын газар, театр урлагийн байгууллагууд, музей, номын сангууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, төрийн өмчит их дээд сургуулиуд, Олон Улсын донор байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд гэхчлэн 100 шахам байгууллага иргэдэд нээлттэй мэдээлэл үйлчилгээ үзүүлэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)