Оюутны тэтгэлгийн материалыг өнөөдөр авч дуусах нь

АНУ-ын Индиана муж дахь “Төвөд-Монголын шашин соёл” төвийн тэргүүн Ажиа гэгээнтний нэрэмжит “Зөв тэтгэлэг” хөтөлбөрийн эхний шатны өргөдлийг өнөөдөр 18.00 цаг хүртэл хүлээн авна. Хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй тэтгэлэгт шинээр оюутан болох 17-18 насны сурагчид хамрагдах боломжтой. Уг тэтгэлэгт хамрагдсан оюутнууд дөрвөн жилийн турш сургалтын төлбөрийн 100 хувийн буцалтгүй дэмжлэг авах юм. Үүнээс гадна сайн дурын үйл ажиллагаанд оролцох, төсөл бичих, багаар ажиллах чадварт суралцах аж. Дараах шаардлагуудыг хангасан сурагчид www.arightscholar.org цахим хуудсанд нэвтэрч, өргөдлөө өгөөрэй. Жишээлбэл, ахлах сургуулийн сурлагын дүн нь 85 хувь ба түүнээс дээш, Улаанбаатар хотод байрлах төрийн өмчийн их, дээд сургуульд элссэн, сургалтын төлбөрөө төлөх чадваргүй, урлаг, спортын амжилт гаргасан, эсэхийг харгалзан үзэх юм байна. “Зөв тэтгэлэг” сангийн гүйцэтгэх захирал О.Саранчулуун “Өнгөрсөн жил 10 хүүхэд тэтгэлэг хүртсэн. Энэ удаад шаардлага хангаж чадвал мөн тооны хүүхэд хамруулна. Тэтгэлэг гурван үе шаттай. Нэгдүгээрт, хамрагдахыг хүссэн хүүхдүүд өргөдөл бөглөнө. Тэднээс шаардлага хангасан хүүхдүүдийн гэрт очиж, тэтгэлэг авах зайлшгүй шаардлагатай, эсэхийг тогтоох юм. Гуравдугаар шатанд тэнцсэн хүүхдүүд эцэг, эхийн хамт ярилцлагад орох ёстой. Цар тахалтай холбогдуулан зөвхөн Улаанбаатар хотын хүүхдүүдэд тэтгэлэг өгөхөөр болсон. Бид эх орноо хайрлах сэтгэлтэй залуусын ирээдүйд хөрөнгө оруулж байгаа. Ташрамд дурдахад, оюутны хөгжлийн зээл, төрийн сангийн буцалтгүй тусламжаар сурдаг хүүхдүүд үүнд хамрагдах боломжгүй” гэлээ.

Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)