Оюутны виз хүсэгчдээс шаардах барьцаа хөрөнгө 15.000 ам.доллар болжээ

БНСУ-д суралцах хүсэлтэй гадаад оюутнуудад тавих шаардлага өндөрсчээ. Оюутны виз хүсэгчдийн барьцаа хөрөнгийн хэмжээг долдугаар сарын нэгнээс 15.000 ам.доллар болгож өсгөсөн байна. Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаа тул Солонгосын их дээд сургуульд элсэн орох, тэтгэлгээр суралцах урилга авсан иргэд виз хүсэж, элчин сайдын яаманд хандах нь ихэссэн. Барьцаа хөрөнгийн хэмжээ ихэссэнтэй холбоотойгоор иргэдэд багагүй чирэгдэл учирч байгаа тул энэ талаарх мэдээллийг БНСУ-ын элчин сайдын яамны Консулын хэлтсээс лавлахад “БНСУ-ийн хууль дүрэмд өөрчлөлт орсонтой холбоотой тул дэлгэрэнгүй мэдээллийг Солонгосын хууль зүйн яамнаас авах боломжтой” гэх хариу өгсөн.

Харин Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага “Монгол Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг”-ийн ажилтан “Оюутны виз хүсэгчид барьцаа хөрөнгө болох 10.000 ам.долларыг нэг сараас багагүй хугацаанд өөрийн дансандаа байршуулах шаардлагатай байсан. Долдугаар сарын нэгнээс барьцаа хөрөнгийн хэмжээ 15.000 ам.доллар болж нэмэгдсэн. Энэ нь сарын дараа уг барьцаа хөрөнгийг авч өөрсдөө ашиглаж болно гэсэн үг. Мөн оюутны виз хүсэж буй хүүхдүүдийн асран халамжлагчдын сарын орлого нэг сая төгрөгөөс багагүй байх ёстой” гэв.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)