Оюутнуудыг дотуур байранд хэзээ оруулах нь тодорхойгүй байна

Шинэ төрлийн коронавирусийн улмаас манай улс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг өнгөрсөн нэгдүгээр сарын 26- наас эхлэн үе шаттай зогсоосон. Ингэснээр их, дээд сургуулиуд цахимаар хичээллэж, дотуур байранд амьдардаг оюутнуудыг тараасан юм. Тэгвэл энэ хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн танхимын сургалтыг ирэх аравдугаар сарын 5-наас эхлүүлэх болсон. Тэр хүртэл цахимаар хичээллэх тул орон нутгийн оюутнууд дотуур байранд орж, интернэттэй “залгах” хүсэлтэй байгаа аж. Дотуур байруудад оюутнуудыг хэзээнээс оруулах, нэг өрөөнд хэдэн хүн байлгах, төлбөр нь нэмэгдэх, эсэх, ариутгалыг хэрхэн хийхийг зарим их, дээд сургуулийн холбогдох албаныхнаас тодруулахад “БШУЯ болон УОКын шийдвэрийг хүлээж байна” гэсэн хариу өгөв. Юутай ч МУИС энэ хичээлийн жилд дотуур байранд суух хүсэлтийг ирэх 20-27- нд “SISi” системээр хүлээн авч, оюутнуудыг аравдугаар сарын 5-наас байранд оруулах аж. Дотуур байранд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлэх талаар МУИС-ийн соёл, урлаг хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Чинзоригоос тодруулахад “УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг наймдугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Энэ хугацааг цааш сунгах, эсэх нь одоогоор тодорхойгүй. Бид оюутнуудыг аравдугаар сарын 5-наас дотуур байранд нь оруулна. Гэвч тэднийг хүлээн авах үед хөл хориог дахин сунгавал яах билээ. Тиймээс УОК-ын шийдвэрийг хүлээнэ. Төлбөр нэмэгдэх, нэг өрөөнд хэдэн оюутныг амьдруулах зэргийг одоохондоо шийдээгүй” гэв. ШУТИС болон МУБИС-ийнхан “БШУЯ, УОК-оос тодорхой мэдээлэл өгтөл түр хүлээнэ. Одоогоор шинээр элссэн оюутнуудаа бүртгэх бэлтгэл хангаж байна” гэлээ. Дээрх сургуулиудын дотуур байр хариуцсан болон соёл, үйлчилгээний мэргэжилтнүүд амарсан байв. Жижүүр, бусад ажилтнаас нь лавлахад “Манайхан амарч байгаа. Энэ сарын 10-наас шинэ оюутнуудыг бүртгэнэ” хэмээв. Хувийн их, дээд сургуулийн төлөөлөл ХУИС, “Сити”, МҮИС-ийнхан ч “УОК-ын шийдвэрийг хүлээж байна” хэмээлээ.

Бэлтгэсэн: Б.Үлэмж


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)