Оюутнуудад 342 сая төгрөгийн тэтгэлэг олголоо

Монгол Улсад оюутны бүтээлч санал санаачилгыг хэрэгжүүлэх боломж олгож буй анхны тэтгэлэг өнөөдөр эзэддээ очлоо. Тухайлбал, БСШУЯ-наас хэрэгжүүлж буй “L2766-MON: Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр бакалаврын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын дунд өрсөлдөөнт тэтгэлгийг зарласан билээ. Тус тэтгэлэг нь оюутнуудад өөрсдөд тулгамдсан асуудлаа өөрсдөө шийдвэрлэх, шинийг санаачлах, хэрэгжүүлэх, өөрчлөлтийг өөрийн гараар бүтээх боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

Нийт найман үндсэн чиглэлээр 36 их, дээд сургуулийн оюутнууд 279 төсөл бичсэнээс 476 оюутны 117 төсөл шалгарч 342 сая төгрөгийн батламжаа гардан авлаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр олгох тус тэтгэлгийн төсөлд бүрт 1500 ам.доллар ногдож байгаа аж.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр шалгарсан 117 төсөлд тэтгэлгийн батламж гардуулах үеэрээ “Монгол Улсын хувьд оюутанд анх удаа хүлээлгэж буй итгэл. Тэтгэлэгт хамрагдсан оюутны багууд бүтээлч санаачилгаа бодит ажил хэрэг болгох нь том сорилт болно. Итгэл даана гэдэг нь хариуцлагатай байхын нэр. Энэ арга хэмжээ цаашид хэвшил болж, дараа дараагийн оюутнуудад ийм боломж нээгдэх эсэх нь Та бүхний санаачилсан төсөл хир амжилттай хэрэгжихээс шалтгаална” хэмээн онцоллоо.

Мөн тэрээр “Бүтээлч оюутныг дэмжиж буй энэхүү ажил маань 3 эсвэл 5 оюутанг бус 117 багийн 476 оюутан дээр эхэлж байна. Зарцуулж буй мөнгөний хэмжээ ч 350 орчим сая төгрөг байна. Тэдгээр оюутан сургалтын орчноо сайжруулах, клубынхаа үйл ажиллагааг идэвхжүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй оюутны суралцах боломжийг сайжруулах гэх мэтчилэн өөрсдөдөө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр хамт олноороо ажиллаж эхэлж байгаа нь сайшаалтай хэрэг. Гэхдээ хамгийн гол нь энэ жилийн төсөл амжилттай хэрэгжих нь чухал юм. Бидний зүгээс оюутнуудад маш их итгэл хүлээлгэж байгаа. Монгол Улс залуучуудынхаа хүчийг зөв ашиглаж чадахгүй байгаагаас бидний одоогийн нөхцөл байдал тийм ч сайн биш байна гэж үзэж байгаа юм. Тиймээс залуучуудын хүч бололцоог бүрэн дайчилж, аливаа асуудалд оролцуулах хэрэгтэй.

Санхүүжилтийн хувьд Азийн хөгжлийн банкнаас зээл авч төслийг хэрэгжүүлж байгаа. Гэхдээ зээл асар хөнгөлөлттэй нөхцөлөөр тавигдаж байгаа. Энэ удаагийн төсөл амжилттай хэрэгжвэл бид дараагийн шатны олон улсын байгууллагуудтай хийх яриа хэлцлийн үр дүнд санхүүжилтээ шийдээд явж болно. Цаашлаад улсын төсөвт суутгах эсвэл их, дээд сургуулиудын нэрэмжит тэтгэлгийн хүрээнд бүтээлч оюутны үйл ажиллагааг дэмжих байх гэдэгт итгэлтэй байна.

Хамгийн гол нь төслүүдэд тавьсан шалгуур үнэхээр залуучуудын сургалтын орчинг сайжруулахад бодитой байх ёстой. Мөн 3-5 оюутны бичсэн төсөл 30-100 оюутны эрх ашгийг хөндөж байна уу үгүй юу, төсөл цаашдаа хэр удаан үргэлжлэх вэ гэдгээс хамаарч төслийн сонгон шалгаруулалт явагдсан” хэмээв.

Түүнчлэн энэ үеэр тэтгэлэгт хамрагдаж батламжаа авсан оюутнуудаас сэтгэгдлийг нь сонслоо.

МУБИС-ын Урлаг, биеийн тамирын ангийн 2-р курсын оюутан Х.Батдорж:

Анх удаа төсөл бичиж, тэрүүгээрээ тэтгэлэгт хамрагдаж чадсандаа маш их баяртай байна. Манай багийн хувьд 4 гишүүнтэй, “Технологийн дадлага хичээлийн кабинетын орчны бохирдлыг арилгах” гэсэн сэдвээр төсөл бичсэн. Төслийн гол зорилго нь өөрсдийн сурч буй орчны бохирдлыг арилгаж, сурч боловсроход таатай нөхцөл бүрдүүлэхэд оршино. Батламжаа авчихсан учир одоо судалгааныхаа ажлыг эхлүүлнэ. Төсөл 6 сарын хугацаанд үргэлжлэх ба эхний гурван сард судалгаа болон тоног төхөөрөмжийнхөө ажлыг хийж гүйцэтгэнэ. Үлдсэн 3 сард тоног төхөөрөмжөө суурилуулах, төслийг хэрэгжүүлж эхэлнэ.

МУИС-ын Байгалийн ухааны сургуулийн 1-р курсын оюутан И.Халиунаа

“Сонсдог ном судлал” сэдвээр төсөл бичсэн. Төслийн гол зорилго нь ном, сурах бичгийн хангамж муу байгаагаас болж оюутнуудын хичээл сурлагын идэвх буурдаг учир ном сурах бичгийг сонсдог хэлбэрт хөрвүүлэн гар утасны апплекейшн, сайт хэлбэрээр сургуулийн дотоодын мэдээллийн нэгдсэн сүлжээнд байршуулах юм. Үүний тусламжтайгаар мэдээллийн аюулгүй байдал хангагдаж, сайт руугаа нэвтэрч хүссэн ном сурах бичгээ сонсдог хэлбэрээр хүртэх боломжтой болох юм. Эхний ээлжинд төслийн туршилтын 100 номыг 9 сарын 1-нээс өмнө байрлуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)