“Оюутнуудад зөв бичих дүрэм заах хүртэл ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр мууджээ”

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөр­чилж, шинэчилж иржээ. Тухайлбал, хувьсгалын он жилүүдэд 20, дараа нь 10, сүүлд 1998-2014 он хүртэл хөтөлбөр дунджаар дөрөв, зарим үед 1-2 жил тутамд шинэчлэгдсэн байдаг. Чухам эл үеэс Монголын боловсролын салбарт хэн эрх мэдэлтэй нь гар дүрж, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх талбар болгосон гэхэд хилсдэхгүй. 2014 оноос хэрэгжүүлсэн ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, түүний дагуу зохиосон сурах бичгүүдийн агуулга, хэл найруулга, шалгалт, даалгавар, үнэлгээ нь оносноосоо илүү алдсаныг, сурах бичгийн тендер, хүртээмж, цаасны стандарт, сургалтын орчин зэрэг асуудлыг тойрон “Өнөөдөр” сонин 20 шахам цуврал нийтлэл бэлтгэн, уншигчдадаа хүргэсэн. Сурах бичгийг шинээр нь, хэдэн мянган тонноор нь хогийн цэгт хаяснаас эхлээд цөм хөтөлбөр яагаад хөрсөндөө буугаагүйг, сурах бичгийн чанар, хүртээмж, сураг­ чийн ачаалал, мэдлэг, чадвар нь жил ирэх тусам дордох болсон шалтгааныг бид тодруулсан. 

Ерөнхий боловсролын салбарт бага ч гэсэн өөрчлөлт, шинэчлэл авчрахын төлөө бэлтгэсэн цуврал нийтлэлээ дүгнэн, “Редакцын уулзалт” хийлээ. Бид редакцдаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Боловсролын хүрээлэнгийн дэд захирал Р.Нямцэрэн, Боловсролын үнэлгээний төвийн шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат, нийслэлийн 28 дугаар сургуулийн бага ангийн багш Ц.Одгэрэл, “Мон судар” хэвлэлийн газрын “Дидо” редакцын эрхлэгч Г.Ариунцэцэг, “Соёмбо принтинг” ХХК-ийн менежер Т.Гэрэлмаа нарыг урьж, 2019-2020 оны хичээлийн жилийн “өнгө”-ийг тольдлоо.

-Бидний урилгыг хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд агуулга хүнд, сэдвийн давхцал ихтэй, хичээл цагтаа багтдаггүй, шинэ сэдвийг давтуулах, мэдлэг олгох хугацаа бага гээд олон учир дутагдалтай байсныг бид мэднэ. Тиймээс өнгөрсөн зун хөтөлбөрийг засаж, сайжруулсан. Манай улс сургалтын хөтөлбөртөө анх удаа тохиргоо хийсэн нь энэ. Сайжруулсан хөтөлбөр багш, сурагчийн ачааллыг бууруулах, эсэхийг эхлээд тодруулъя?

Ё.Б: -Юуны өмнө нийт багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачууд, оюутан залуус, эцэг, эхчүүдэд хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье. БСШУСЯ 2019 оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарласан. Үүний хүрээнд гурван гол чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна. Нэгдүгээрт, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, удаах нь салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах. Сургалтын хөтөлбөр боловсролын салбарын гол мөрдөх баримт бичиг учраас хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтод хамаарна. Багш, эцэг, эхчүүд болон олон нийт цөм хөтөлбөрийн хэрэгжилт, агуулга, арга зүйг шүүмжилж ирсэн. Тиймээс Азийн хөгжлийн банк (АХБ) болон олон улсын бусад байгууллагын тусламжтайгаар хөтөлбөрийн үр дүнг шинжилсэн. Хангалттай хэмжээнд үнэлэгдээгүй. Хөтөлбөрийн дагуу суралцаж буй хүүхдүүд, их, дээд сургуульд элсэгчдийн мэдлэг, чадвар муу байна. Боловсролын сайд солигдох бүрт хөтөлбөрийг шинэчилдэг жишиг тогтжээ. Энэ нь олон нийтийг бухимдуулахаас хэтрэхгүй. Үүнээс аль болох зайлсхийсэн. Өнгөрсөн хавраас хөтөлбөрийг засаж сайжруулахаар эрдэмтдийн баг томилж, багш нарт ямар асуудал тулгарч буйг үндэсний хэмжээнд өрнүүлсэн томоохон хэлэлцүүлгийн үр дүнгээр мэдэж авсан. 

Сургалтын хөтөлбөр Үндсэн хууль шиг хөдөлгөөнгүй, царс мод мэт бат бэх байх албагүй. Цаг үеэ дагаад байнга өөрчилж, шинэчлэх ёстой. Тэр утгаараа хөтөлбөрийн агуулгыг танаж, сайжрууллаа. Тухайлбал, бага ангийн сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж 35, дунд, ахлахынх 8-9 хувиар багассан. Анги, хичээл хоорондын агуулгын давхцалуудыг арилгаснаар заавал үзэх сэдвийн тоо 800 орчмоор цөөрсөн. Өөрөөр хэлбэл, нэг цагт заах хичээлийн агуулга сийрэгжсэн гэсэн үг. Агуулга хэдий чинээ бага, тодорхой байна, тэр хэрээр хүүхэд мэдлэг, чадвар эзэмших боломж бүрддэг. Өмнө нь заавал үзэх ёстой хичээлүүдийг цагтаа багтаах гэж багш нар үйлээ үздэг байлаа. Цагтаа багтаагүйг нь гэрийн даалгаварт өгдгөөс болж сурагчийн ачаалал хэрээс хэтэрсэн. Харин энэ хичээлийн жилээс багш, сурагчид сургалтын хөтөлбөрийн сайжруулсан хувилбараар хичээллэхээр ачаалал нь тодорхой хэмжээнд буурна. Сургалтын хөтөлбөрт нэр өгч, өмчлөх хандлага бий болжээ. Тиймээс цөм гэдэг үгийг хасаж, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нэрээр цааш хэрэгжүүлнэ.

“СУРАГЧ ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ МЭДЛЭГИЙН 59 ХУВИЙГ СУРЧИХААД БАЙХАД МУУ ҮНЭЛГЭЭ ӨГЧ БОЛОХГҮЙ” 

-Боловсролын үнэлгээний төв сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг 2014 оноос үнэлдэг болсон. Цөм хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд сурагчдын дунд явуулсан сорилын гүйцэтгэлээр хүүхдүүд 30-40 хувьтай буюу маш хангалтгүй дүн үзүүлжээ. Сурагчдын амжилт, сурлагын чанарыг хэрхэн ахиулах “нууцыг” хөтөлбөрийн сайжруулсан хувилбарт тусгасан гэв үү? 

Л.Г: -Боловсролын үнэлгээний төвөөс сургалтын хөтөлбөрийн чанарыг үнэлэх зорилгоор судалгаа хийдэг болсон. Зорилго нь сурлагын амжилтын чанарыг тогтооно гэхээс илүүтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нар юун дээр алдаж, онож байгааг илрүүлэх. Ингэхдээ хүүхдээр дамжуулж мэдлэг, чадварыг нь үнэлж, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангаж байна. Чанарын үнэлгээний судалгааг хийхдээ олон улсын жишигт нийцүүлсэн. “Манай улс олон улсын судалгаанд хамрагдвал” гэж тооцож, бэлтгэх байдлаар зохион байгуулсан. Урьд нь V, IX ангиас тогтсон судлагдахуунаар, улсын шалгалтаар дамжуулан чанарын судалгааг авдаг байсан. Сурагчийн мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх дүрэм, журам батлагдсаны дагуу аль ангиас, ямар хичээлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх хэрэгцээ, шаардлага байгааг эхлээд тодорхойлж, тухайн судлагдахуунаар нь судалгаа авч эхэлсэн. Тухайлбал, III ангийнхнаас математик, монгол хэл, хүн ба орчин, дуу хөгжмийн хичээлээр анх удаа үндэсний хэмжээнд чанарын үнэлгээ хийсэн. 

Чанарын үнэлгээний судалгааны дүн улсын дунджаар хэдэн хувьтай байх нь нэг их чухал биш. Үүний зорилго нь ерөнхий боловсролын сурлагын чанарыг дүгнэх биш. Хүүхдүүдийн сурлагын амжилтыг тогтоохын тулд л сургалтын хөтөлбөрийг үнэлж байгаа хэрэг. Даалгаврын боловсруулалт, арга зүй, зохион байгуулалт тал руу чиглэсэн гэж хэлж болно. Үүний хүрээнд V, IX, XII ангийн улсын шалгалтад ашиглах даалгаврын санг цахимд байршуулсан. Зарчим нь даалгаврыг нууцалж, хүүхдүүдийг шалгалтад унагахдаа бус, өөрсдийнх нь мэдэж байх ёстой зүйлийг үнэлэх даалгавруудыг нээлттэй болгосон гэсэн үг. Тэдгээрээс санамсаргүй түүврийн аргаар сонгож, шалгалт, судалгаа хийдэг болсон. Сүүлийн хоёр жил энэ зарчмаар улсын шалгалт зохион байгууллаа. Мөн өнгөрсөн хичээлийн жилээс анги дэвших шалгалтын даалгавруудыг тухайн аймаг, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газар, хэлтсүүд, сургуулиуд боловсруулдаг болсон. 

-Тухайн бүлэг, сэдвийг хүүхэд хэрхэн мэддэг болсныг цээжилсэн зүйлээр дүгнэхгүй гэх болсон. Тэгвэл мэдээлэл боловсруулах, асуудал дэвшүүлэх чадварыг тодорхойлох шалгуур, үүний дагуу гүйцэтгэх даалгаврууд нь ямар байх вэ? 

Л.Г: -Сурагчийн мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэх журамд үүнийг тодорхой тусгасан. Өмнө нь сурагчийн мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлж, түүний дагуу сургалтын арга зүй, төлөвлөлтийг зөв зохион байгуулж байсан уу гэвэл учир дутагдалтай. Тиймээс өнгөрсөн хичээлийн жилээс I, II ангийнхныг дүгнэхээ больсон. Харин III-XII ангийн сурагчдыг найман түвшнээр үнэлдэг болсон. A, B, C, D, F дүн тавьж, тухайн сурагч эзэмшвэл зохих мэдлэгийн 59 хувийг сурчихаад байхад хангалтгүй, муу үнэлгээ өгч болохгүй. Онц, муу сурсан гэж гоочлох бус, тухайн суралцагчийн мэдлэг, чадварыг бодитой үнэлэх нь чухал. Тйимээс 40 хувийн гүйцэтгэлийн цаана хүүхэд ямар мэдлэг эзэмшсэнийг илрүүлэх шалгууруудыг тодорхой болгосон. Ийм мэдлэг эзэмшсэн сурагч 30 буюу III, арай их чадвар суусан нь V түвшнийх гэх зэргээр дүгнэх юм. Тухайн хичээлийг 100 хувь эзэмшсэн нь VIII түвшинд үнэлэгдэх юм. Ирэх аравдугаар сараас хичээл, анги, агуулга бүрээр үнэлгээний шалгуурыг гаргахаар бэлтгэж байна. Ингэснээр багш нар хүүхдүүдийг үнэлэхэд хялбар болно.

Сүүлийн үед задгай хэлбэрийн буюу алхамтай даалгавруудаар хүүхдүүдийг үнэлж байгаа. Алхамтай гэдэгт нэг үйлдлийг зөв хийж байж дараагийн алхмыг гүйцэтгэх хэрэгтэй болно. Аль нэг үйлдлийг алдахад хариу нь буруу гарах, дараагийн алхам руу шилжих боломжгүй болдог бодлого, дасгал юм. Энэ мэтчилэн бүтээлч, сэтгэн бодох чадварыг илрүүлэх сорил олон.

-БНСУ, Япон зэрэг улс ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөө 10 жил тогтвортой мөрддөг юм байна. Шинэ хөтөлбөр хэрэгжүүлсэн өдрөөс дараагийн 10 жилд нэвтрүүлэх баримт бичгээ судалдаг гэсэн үг. Манайх 2024 оноос хэрэгжүүлэх хөтөлбөрөө боловсруулж эхэлсэн үү? 

Ё.Б: -Хөтөлбөрийг сайжруулахтай холбоотойгоор сургуулийн өмнөх болон ерөнхий, их, дээд гэхчлэн боловсролын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг томилсон. Үүний хүрээнд томоохон судалгаанууд хийлээ. ОХУ гэхэд сургалтын хөтөлбөрөө жил бүр засаж, сайжруулах хуультай. Үүний дагуу сурах бичгээ ч шинэчилдэг. Бид хөтөлбөрөө зассан ч сургалтын үйл ажиллагаа явуулахаар дахин сайжруулах зүйл гарах нь мэдээж. Тэр болгоныг тухайн жилд нь засна. Түүнээс биш уг хөтөлбөрөөр төдөн жил явна, дараагийн 10 жилд ингэнэ гэж хэлэхэд эрт. Боловсролын систем нь хамгийн сайн хөгжиж, тогтсон БНХАУ, ОХУ, Финлянд, Норвег, Шведийн боловсролын хуулийг судалж, багц хуулиа боловсронгуй болгоно. Өөрөөр хэлбэл, алс хэтийг харсан хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр зорьж байна. Манай боловсролын хуулиуд эрх, үүрэг, хариуцлага, байгууллагын үйл ажиллагааг зохицуулах тал руу хэт чиглэжээ. Боловсрол гэж чухам юуг хэлээд байна вэ. Үүнийг сургалтаар дамжуулж, хүүхдүүдэд хэрхэн олгохыг нарийн зохицуулах шаардлагатай. Тиймээс практик тал руу хуулийн төслөө чиглүүлж байна.

-Дэлхийн боловсролын байгууллагуудын 2020-2040 оны стратеги, чиг хандлагыг харахад ерөнхий боловсролын салбарт “хувирган өөрчлөлт” гэдэг зүйл бий болох нь. Өнөөдрийн олж авсан мэдлэг магадгүй, маргааш нь шинжлэх ухааны ололтоор үгүйсгэгдэх эринд бид аж төрж байна гэсэн үг. Тиймдээ ч олон улс дараагийн 10 жилд мөрдөх сургалтын хөтөлбөртөө ихэд анхаарч, төлөвлөдөг байх. 

Р.Н: -БСШУС-ын сайдын тушаалаар Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлалыг баталсан. Зорилго нь сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад дэмжлэг үзүүлэх, судалгаа хийх, үнэлэх, сайжруулах, дараагийн хөтөлбөрийг боловсруулах, түүнийгээ турших хугацааг тодорхой тусгах. Үүний хүрээнд хөтөлбөрийн менежментийн давтамжаар дараагийн хөтөлбөрийн үзэл баримтлалыг 2020 онд боловсруулна. 

САЙН БАГШ БЭЛДСЭН БАЙХАД 50 ХҮҮХДИЙГ Ч ИЖИЛ ТҮВШИНД СУРГАЖ ЧАДДАГ

-Боловсролын байгууллага болон багшийн үндсэн зорилго нь сургалтын хөтөлбөрийн дагуу, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон мэдлэг, чадвар олгох. Сурвалжилгад явж байхдаа VII ангийн, цөм хөтөлбөрийн “фэн” багштай таарч билээ. “Цэнхэр номыг багш ойлгосон байх ёстой. Харин түүнийгээ хүүхдүүдэд ямар арга замаар тайлбарлаж, ойлгуулах нь багшийн эрх, чадвар. Үүнийг эцэг, эхчүүд дэмжих ёстой” гэсэн. Гэтэл III ангийн өөр нэг багштай уулзахад “Цөм хөтөлбөрийн юуг нь ч ойлгоогүй. Багшийн ном болон сурах бичиг нь ч ойлгомжгүй. Тиймээс би үүнийг сургалтдаа ашигладаг” гээд 1980-аад онд ашиглаж байсан сурах бичиг үзүүлсэн. Тэгэхээр хуучны болон шинэ үеийн хөтөлбөр, сурах бичгээр хүүхдүүдэд хичээл заах ялгаа, ач холбогдлыг хэрхэн үнэлж, дүгнэх вэ? 

Ё.Б: -Мэдээж ялгаатай. Одоо мөрдөж буй сургалтын хөтөлбөрөөр хүүхдийг бие даан хөгжүүлэх замаар мэдлэг, чадвар, хандлага төлөвшүүлнэ. Багш хичээл заахын өмнө тухайн сэдэвтэйгээ танилцаж, унших ёстой. Жишээлбэл, “Сайн харилцааны эхлэл сайхан мэндлэх” гэсэн сэдвээр зөвхөн мэндлэх тухай л заах нь гэж ойлгож болохгүй. Багш мэндлэх харилцааны талаар түмэн янзын заах арга, хэлбэр бодож олох ёстой. Хөтөлбөрийг сайжруулсантай холбоотойгоор ерөнхий боловсролын бүх шатны сургалтыг дэмжихэд шаардлагатай хэрэглэгдэхүүнээр хангана. Янз бүрийн, болсон, болоогүй тест, шалгалтын материал ашигласнаас багшийн ачааллыг хөнгөвчилсөн сурах бичгээр хичээлээ заах нь ч илүү оновчтой.

Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийнхэн сургалтын хөтөлбөрийг сайжруулсантай холбоотойгоор улсын хэмжээнд 545 сургагч багш бэлдсэн. Тэд улсын хэмжээнд 40 гаруй мянган багшид сурсан мэдсэнээ заалаа. Үүгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хичээлээ хэрхэн заахыг сургасан.

-Цөм хөтөлбөрийг анх хэрэгжүүлэхэд ч багш нарыг сургасан. Жилийн дараа багш нарын олонх нь хөтөлбөрийн дагуу хэрхэн ажиллахаа мэдэхгүй сууж байсан шүү дээ. Энэ удаад багш нарыг сайн сургасан гэж баттай хэлж чадах уу? 

Р.Н: -Сургалтын цөм хөтөлбөрийг 2014 онд бага, 2015 онд дунд, 2016-2018 онд ахлах ангид нэвтрүүлсэн. Өнгөрсөн хугацаанд үндэсний сургагч багшийг Улаанбаатарт бэлдээд тэд орон нутгийн багш нарт сурсан мэдсэнээ заах зарчмаар ажилласан. Гэвч олон хүний ам дамжсан сургалтын үр дүн тааруухан байлаа. Мэдээллүүд нь дундаа хаягдаж, хоцрох нь бий. Тиймээс үндэсний хэмжээнд бэлдсэн 545 хүн багш нарт хоёр ээлжээр, бүсчлэн сургалт явууллаа. Нэг аймагт дунджаар 1000-2000 багш сургалтад хамрагдсан. Нийслэлд гэхэд 129 танхимд зэрэг сургалт явууллаа. Та бүхний хэлсэнчлэн цөм хөтөлбөрийг багш нар ялгаатай байдлаар хүлээн авч, хэрэгжүүлж байсан нь үнэн. Энэ хичээлийн жилд сургалтын хөтөлбөр, менежмент, суралцахуйн зорилт, түүний томьёоллын талаар сургуулийн удирдлага, багш нарт ам дамжуулалгүй, нэгдсэн ойлголт өгснөөрөө онцлог боллоо. 

-Багш нарыг төлөөлж, уулзалтад ирсэн Ц.Одгэрэл танаас асууя. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн их тулгамддаг бэрхшээл юу вэ? 

Ц.О: -Сургалтын хөтөлбөрийг өөрчлөх бүрт шинэ нэр, томьёо олноор бий болдог. Түүнийх нь учрыг олоогүй байхад дараагийн хөтөлбөр “төрж” байлаа. Цөм хөтөлбөр ерөнхий агуулгын хувьд өмнөхүүдээсээ сайн. Гэхдээ багш ачаалал ихтэй, нэг ангийн 50-60 сурагчид хичээл зааж байгаа нөхцөлд хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй. Сурагчдын мэдлэг, чадвар, түвшинд нь тохируулан хичээлээ явуулахад хүндрэлтэй. Сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг, багаар ажиллуулах, туршилт хийлгэх, сурагч бүртэй тулж ажиллах орчин нөхцөл хангагдаагүй хэвээр. Зарим сургуульд байгуулсан байгалийн ухааны кабинетын хэрэглэгдэхүүнүүд нь чанарын шаардлага хангадаггүй. Мөн сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх шалгалтын даалгаврууд учир дутагдалтай. 40 минутад гүйцэтгэх шалгалтад III ангийнхнаар 120 үгтэй цээж бичиг хийлгэх жишээний. Цаана нь өчнөөн дасгал, даалгавар байдаг, сурагчид амждаггүй. Өнөөдрийг хүртэл хөтөлбөрт тохирсон шалгалтын даалгавар боловсруулж чадаагүй гэж боддог.

Сурах бичиг зохиогч, хөтөлбөр боловсруулах багийнхантай уулзахдаа зарим хичээлийнхээ заах арга барилыг олж байсан үе ч бий. Энэ нь багш нарт хүргэх мэдээллийн багтаамж бага, сургалтын давтамж цөөн, ойлголтын зөрүү их байсантай холбоотой. Багш нар ажил, мэргэжилдээ дуртай, чадвартай байхаас хамаарч, хөтөлбөрийг сайн, муу хэрэгжүүлдэг болов уу гэж боддог. Түүнээс гадна эцэг, эхчүүдээс анги засварын мөнгө хураах, сургалтын хэрэглэгдэхүүн нэхэх зэргээс болж багшийн нэр хүнд унасаар байна. 

-Багш нарыг хамруулсан энэ удаагийн сургалт үр дүнтэй байв уу? 

Ц.О: -Сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэл өгөх сургалтад суулаа. Цөм хөтөлбөрөөр сурагчид ямар үр дүнд хүрэх нь хэт ерөнхий, тойм төдий байсан бол энэ удаад нарийн тодорхойлжээ. Сургалтын агуулгууд ойлгомжтой, хөнгөн, цөөн болсон байна. Харин одоо хөтөлбөрийг үнэлгээ, сурах бичигтэй сайн уялдуулбал хэрэгжүүлэхэд илүү хялбар болно. Сургалтаа ч байнга явуулах хэрэгтэй. Сайн багш бэлдсэн байхад 50 хүүхдийг ч ижил түвшинд сургаж чаддаг юм шүү. Гэтэл яг үнэндээ, багш нарт хөтөлбөрөө уншиж, танилцах хугацаа бага, бичиг цаасны ажил ихтэй. Жишээ нь, журналын одоогийн стандарт 50 хүүхдийн нэр багтахгүй байхаар зохиогдсон. Нэгээс нөгөөх рүү хуулдаг, хүүхдүүдийн явцын үнэлгээг тэмдэглэх боломжгүй байна. 

Ё.Б: -Өнгөрсөн хугацаанд олон багштай уулзаж санал бодлыг нь сонссон. Бага ангийн багш нарын зовлон ижил. Тиймээс энэ хичээлийн жилээс ажиллах цагийг нь багасгасан. Долоо хоногт I-III ангид 19 цаг ажилладаг байсныг хоёроор цөөлсөн. Түүнээс гадна энэ хичээлийн жилээс багш, эцэг, эх, сурагч гурвалсан гэрээ байгуулах болсон. Үүнд багш, сурагч, эцэг, эхчүүдийн үүргийг тодорхой тусгасан. Улсын хэмжээнд хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг зөрчиж буй хэргүүдийн 90 гаруй хувь нь олон нийтийн газар, гэр, ахуйн орчинд, эцэг, эхийн хараа хяналтгүйгээс шалтгаалан гарч байна. Энэ бүхнийг сургууль, багштай холбон гоочилдог. Тиймээс энэ хичээлийн жилээс багш нарт хүндэтгэлтэй хандах, эцэг, эхчүүд үүргээ биелүүлж, ангийн хуралд тогтмол суудаг болно. Намар хүүхдээ сургуульд оруулсан болоод, хавар шалгалтдаа таарамжгүй дүн үзүүлэхээр нь орилоод очдог байж болохгүй.

Мөн эцэг, эхчүүд багш нарыг анги засварын мөнгө нэхлээ гэж чичилж болохгүй. Улсын хэмжээнд төрийн өмчийн 800 гаруй сургууль бий. Анги бүрийг засах мөнгө бидэнд байхгүй. Шинэ болон нурах дөхсөн барилгуудаа засаж дуусгаж чадахгүй байна. Багш нар есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ ая тухтай, цэмцгэр орчинд хүлээж авъя гэж бодолгүй л яах вэ. Төрөөс ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхдэд жилд дунджаар 1.5 сая төгрөг зарцуулдаг. Тэгэхэд эцэг, эхчүүд нэг удаа 5-10 мянган төгрөг гаргаж, ангийг нь засахдаа бөөн хэл ам болох юм. Аль аль талдаа хариуцлагатай байх хэрэгтэй.

Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд цахимаар заах аргын платформ үүсгэхээр ажиллаж байна. Тухайн хичээлүүдийн заах аргыг контент хэлбэрээр бэлтгэж, “Youtube” болон цахим хуудсуудад байршуулахаар төлөвлөсөн. Санхүүжилтийг олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн шугамаар босгохоор хөөцөлдөж байгаа. Алслагдсан аймаг, сумын сургуулийн багш нар Улаанбаатарт ирж, сургалтад суух шаардлагагүй болно гэсэн үг.

Багш нарт сургалтын материал хангалтгүй байгаа. Хоёр, гурван сурагч дундаа нэг номтой. Тиймээс жилд дунд, ахлах ангийнхны 60 хувийг түрээсийн сурах бичгээр хангана. Энэ хичээлийн жилээс I-V ангид монгол ёс, хүмүүжил, VI-XII ангид иргэний ёс зүйн боловсрол хичээл заах болсон. Сурах бичгийг хүүхдийн тоогоор, цэцэрлэгийн 7000, ерөнхий боловсролын сургуулийн 40 мянган багшийн номыг хэвлүүлж буй. Ном, сургалтын материалаар дутаахгүй. Санхүүжилт оройтсоноос түрээслэх сурах бичгүүдийг хараахан хэвлээгүй байна. Энэ сард багтаагаад бүх сурах бичгийг сургуулиудад тараана. Харин эцэг, эхчүүд хүүхдэдээ номыг нь түрээсэлж авч өгөх үүргийг гурвалсан гэрээнд тусгасан. Үүнд “гар татаж” болохгүй. 

-Сургалтын хөтөлбөрийг шинэчилсэнтэй холбоотойгоор сурах бичгүүдэд агуулгын тохиргоо хийсэн. Тэгэхээр I-XII ангийн 170 гаруй нэр, төрлийн ном бий. Энэ бүхнийг хэвлэж, тараах юм уу? 

Р.Н: -Хөтөлбөрийн дагуу засаж, сайжруулсан сурах бичгүүдийг хянаж, хэвлүүлэхэд бэлэн болсон. Үүнд дунд, ахлах ангийнхны 73 нэр, төрлийн сурах бичгийг хамруулсан. Эдгээр нь зөвхөн түрээслэх сурах бичиг. Хөтөлбөрийг сайжруулахдаа агуулгын давхардлыг арилгаж, хүндэдсэн бүлэг сэдвийг анги дэвшүүлж, хэт хөнгөнийг ухраасан. Бүр шаардлагагүйг нь хасаж, сэдвүүдийн томьёоллыг өөрчилснөөр дасгал, даалгавруудын сан нэмэгдсэн. Бага ангийнх 100 хувь, дунд, ахлах ангийнхны сурах бичгийн 40 хувьд тохиргоо хийж амжаагүй. Хэвлүүлэх мөнгө ч хүрэлцэхгүй. Багш нарт удирдамж нь бий учир хассан агуулга, сэдвийг алгасана гэсэн үг. Тиймээс эхний ээлжид түрээслэх сурах бичгүүдээ засаж, сайжруулсан. Дараа жилээс сурах бичгүүдийг нөхөн хэвлэхдээ тохиргоо хийнэ. БСШУСЯ-ны албан ёсны цахим хуудсанд сургалтын хөтөлбөрийн дагуу тохиргоо хийсэн сурах бичгүүдийг давхар байршуулна.

СҮҮЛИЙН 20 ГАРУЙ ЖИЛД БОЛОВСРОЛЫН СИСТЕМ САЙЖИРСАН Ч СУРГАЛТЫН ЧАНАР МУУ, АХИЦ ТӨДИЙЛӨН ГАРААГҮЙ

-Агуулга, арга зүйн шийдэл нь ойлгомжгүй, хариу нь гарахгүй дасгал, даалгавартай, найруулгын болон зөв бичих дүрмийн алдаатай олон сурах бичиг зохиогдсоныг өнгөрсөн хугацаанд нөхөн хэвлэхдээ засаж ирсэн. Монгол ёс, хүмүүжил номыг сайд жишиг болсон гэж дүгнэлээ. Сурах бичиг зохиох багийн гишүүнээс тодруулахад, урьд нь үзэж байсан иргэний боловсрол номоос юугаараа онцлог болсон бэ? 

Г.А: -Иргэний боловсрол хичээлийн хөтөлбөрийг бүрэн шинэчилсэн тул агуулга нь өөр. Монгол ёс, хүмүүжил ном ерөнхийдөө иргэний ёс зүйн боловсрол руу чиглэсэн. Гэхдээ номын гуравны нэг нь монгол ёс, өв уламжлал, бусад нь өөрийгөө хөгжүүлэх, бусадтай харилцах гэсэн бүлэг сэдвээр хүүхдүүдэд мэдлэг, чадвар эзэмшүүлнэ. Өөрийгөө хөгжүүлэх гэсэн хэсэгт монгол хүн ямар зан, чанартай байх, юу нь үнэт зүйл болохыг ойлгуулах жишээтэй. Дасгал, даалгаврууд нь мэдээж өв уламжлал, ёс суртахуунтайгаа уялдана. Алдаа мадаггүй ном болсон гэж хэлж чадахгүй ч бусад сурах бичгээс арай өөр зарчим баримталсан. Өнөөдрийг хүртэл тухайн хичээлийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийг өөр өөр баг зохиож ирсэн нь агуулга зөрөх, ойлгомжгүй дасгал, даалгавар оруулах зэрэг алдаа гарах шалтгаан болсоор ирсэн. Харин монгол ёс, хүмүүжлийн хичээлийн хөтөлбөрийг боловсруулах багт ажилласан хүмүүс сурах бичгээ зохиосон нь онцлог болсон. I-V ангийн сурах бичиг боловсруулахад 20-иод зохиогч ажилласан. Тэд аль ч ангийн агуулгыг мэддэг. Жишээ нь, мэндлэх гэсэн сэдвийн эх, дасгал, даалгаврыг нэг зохиогч бүх ангид, ямар шатлалаар заахыг боловсруулсан. Түүнээс биш нэр зааж, I, эсвэл II ангийн номыг зохиолгоогүй. Үр дүнд нь сурах бичиг хоорон дын залгамж холбоо сайн болсон. 

Сурах бичиг тогтсон хуудастай. Түүнд агуулгаа багтаах гэж зохиогчид багагүй зовдог. “I ангийн сурах бичгийг 48 нүүртэй зохио” гэдэг. Гэтэл сургалтын зорилго нь маш их. Харин монгол ёс, хүмүүжил хичээлийн сурах бичгийг зохиохдоо хуудасны тоонд баригдаагүй. “Сайн сурах бичиг зохио. Нэг сэдвийг боловсруулахдаа дасгал, даалгаврыг нь гүйцэд хий” гэсэн. Одоо ашиглаж буй олон сурах бичигт тухайн сэдвийн таниулах, сэдэлжүүлэх ганц эхтэй, дасгал, даалгавар нь цөөхөн байна. Олон цаг үзэх ёстой сэдвийн даалгаврыг хоёрхон хуудсанд багтааж болох уу. Харин монгол ёс, хүмүүжил ном таниулах эх, бататгах дасгал, даалгавар нь бүрэн. Багш нар энэ жилээс анх удаа заах тул ойлгомжтой байхаар зохиосон. Номын зураг, дизайныг ч өөрсдөө хийсэн. Сэдэв бүрийн зургийг зурсан. 

Ё.Б: -Монгол ёс, хүмүүжил номыг хүүхдээсээ авч хараарай. Өмнөх иргэний боловсрол хичээлийн номын зураг өөр өөр, чанар муу, зохиох багууд нь ч тусдаа байсан. Харин энэ ном “Би, чи, бид” гэсэн ерөнхий агуулгатай. Монгол ёс жудаг, хүний мөс чанар муудаж буй өнөө цагт энэ сурах бичиг нэн хэрэгтэй. Хэвлэлийн хуудсанд баригдалгүй зохиолгосон тул дасгал, ажил олонтой. Гэхдээ мөнгө их орох юм. Нэмэгдсэн төсвийг удахгүй шийднэ. Хичээлийн хөтөлбөр, сурах бичиг зохиох баг тусад нь гаргаснаар сурах бичигт гардаг түгээмэл алдааг цаашид засаж, сайжруулах эхлэлийг тавьсан гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд сурах бичиг зохиодог хэдхэн хүнтэй, бусад нь боловсролын байгууллагуудаа хардахаас өөр хийж чадах зүйлгүй явж ирсэн шүү дээ. 

-Боловсролын хүрээлэнгээс зөвшөөрөөгүй гарын авлагыг сургуулиудад ашиглахыг хориглосон. Гэвч багш нар хичээлээс гадуурх гарын авлага, нэмэлт материал сургалтдаа сонгон ашиглах хуулиар олгосон эрхтэй юм байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ? 

Ё.Б: -Боловсролын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж байгааг дээр дурдсан. Эл асуудлыг хуулиар зохицуулна. Түүнчлэн хичээлээс гадуур янз бүрийн уралдаан тэмцээн, олимпиад зохион байгуулахыг хориглосон. Тухайлбал, БСШУСЯ жилд 20 төрлийн олимпиад зохиож байсныг ес болгож цөөрүүллээ. Мөн хүүхдүүдийг дүнгээр уралдуулдаг, ил зарладаг, самбарт дүгнэдэг нь сурагчдад, ялангуяа бага ангийнханд эмзэг тусдаг. Тиймээс дүнгийн асуудлыг зөвхөн эцэг, эхчүүдтэй нь л ярина. Энэ хичээлийн жилээс хүүхдийнхээ дүн, сурлагын амжилтыг эцэг, эхчүүд аппликэйшн ашиглан, гар утаснаасаа хянах боломж бүрдэж байгаа.

Энэ мэт ерөнхий боловсролын салбарт хийж хэрэгжүүлэх зүйл асар их. Бид гол ажлуудаа барьж авсан ч зах зухаас нь л эхэлж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд боловсролын систем сайжирсан гэх боловч сургалтын чанар муу, ахиц төдийлөн гарахгүй байна. Дээр өгүүлсэнчлэн их, дээд сургуульд элсэгчдийн мэдлэг, чадвар улам муудсан. Их, дээд сургуулийн захирлуудтай уулзахад “Зөв бичгийн дүрэм мэдэхгүй, хэдэн өгүүлбэр хэлхэж чадахгүй хүүхдүүд орж ирж байна. Нэгдүгээр дамжааны оюутнуудад ерөнхий боловсролын хичээл заах нь холгүй болжээ” гэж халагласан. Энэ бол бодит жишээ.

-Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилт биелсэн үү? 

Ё.Б: -1990 оноос хойш боловсролын салбарын түүхэнд анх удаа 93 цэцэрлэг, 48 сургууль энэ онд ашиглалтад оруулна. Олонх нь үүдээ нээсэн. Статистик харвал, 2013, 2014 онд тус бүр 24 цэцэрлэг ашиглалтад оруулсан байдаг. 2015 онд 58 цэцэрлэг, 18 сургууль нээж байжээ. Энэ хичээлийн жилд сургуулиуд 21 000 хүүхдийн суудал, цэцэрлэг 13 000 ороор нэмэгдсэн. Гэтэл ерөнхий боловсролын сургуульд элсэгчийн тоо өнгөрсөн жилээс 50 мянга, цэцэрлэгийнх 10 000-аар нэмэгдлээ. Энэ хичээлийн жилд гурван ээлжийг хална гэж тооцсон ч элсэгчийн тоо огцом өссөн. Өнгөрсөн зун сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимтэй явуулсны дүнд 2020 он гэхэд гурван ээлжийг халах зорилт биелнэ. Тодруулбал, 34 000 суудалтай 68 сургууль, 7000 хүүхдийн багтаамжтай 42 цэцэрлэг ашиглалтад орно. Сүүлийн хоёр жилд салбарын бүтээн байгуулалтад их хэмжээний хөрөнгө зарцуулсан гүйцэтгэл ч сайн байна. 

-Бага дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавих стандарт MNS 5418:2008-ыг шинэчлэх тухай хавраас ярьсан. Бага, дунд ангийн сурах бичгийг хэвлэх гэхээр ашигтай талбай нь стандартад заасан хэмжээнээс зөрдөг. БСШУСЯ тендер зарлахдаа “Сурах бичгийг 80 граммын, гөлгөр, шар цаасан дээр хэвлэнэ” гэсэн шаардлага тавьдаг ч эл заалт нь уг (70 граммынх гэдэг) стандартад байхгүй. Сурах бичигт тавьдаг стандарт нь ойлгомжгүй, алдаатай, хэт ерөнхийлснөөс хэвлэлийн компаниуд гөлгөр, шар өнгөтэй л бол хамгийн хямд, хүнд цаасыг сонгосноос хүүхдүүд цүнхээ даахгүйд хүрсэн. Стандартыг хэзээ өөрчлөх вэ? 

Ё.Б: -Уг стандартаар сурах бичиг хэвлэхээр хүндээс гадна их хэмжээний хаягдал гарч байгаа. Олон улсын стандартад сурах бичгийг А, Б хэмжээсээр хэвлэдэг бол манайх алинд нь ч хамаардаггүй. 100 мянган ном хэвлэхэд өчнөөн тонн цаас хаягддаг гэсэн. Үүнийг дагаад сурах бичиг хэвлэх үнэ нэмэгдэж байна. Тиймээс стандартыг засаж, өөрчлөхөөр ажиллаж эхэлсэн. 2020-2021 оны хичээлийн жилийн сурах бичгүүдийг шинэ стандартаар хэвлэнэ гэдгийг баттай хэлье.

-Түрээслэх сурах бичгүүдийг одоо болтол хэвлээгүй байгаа. Хугацааг нь наашлуулах талаар ямар нэгэн шийдэл, чиглэл хэвлэлийн компаниудад өгсөн үү? 

-Т.Г: -Энэ хичээлийн жилд 23 нэрийн сурах бичгийн нөхөн хэвлүүлсэн. Манайх тендерт шалгарсан багцынхаа дагуу I-V ангийнхны сурах бичгүүдээс тодорхой нэр, төрлийн номыг хэвлэж, сургуулиудад нийлүүлсэн. Дунд, ахлах ангийнханд түрээслэх 73 нэр, төрлийн номыг хэвлэх сонгон шалгаруулалтын хариу одоо болтол гараагүй. Тиймээс компаниуд гэрээгээ байгуулаагүй гэсэн үг. Санхүүжүүлэгч талын шийдийг хүлээж байна. Холбогдох албаныхан сурах бичгүүдийн эхийг бэлтгэж дууссан тул хэвлэхэд бэлэн. 

Манайх өмнө нь зах зээлд борлуулах номоо бүрэн хэвлэж, худалддаг байсан ч дамын наймаачид яаж ийгээд л шургалдаг байсан. Харин энэ жилээс хүүхдүүд сургуулийн номын сангаасаа сурах бичгүүдээ авдаг болох нь. Худалдаж авснаас түрээсэлсэн нь мэдээж 2-3 дахин хямд тусаж байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)