Оюутан залуу коллежид халдлага үйлдэж 20 хүний аминд хүрлээ


18 настай залуу Крымийн Керчь хот дахь Политехникийн коллежид халдлага үйлдээд дараа нь өөрийгөө егүүтгэжээ. Уг халдлагын улмаас 18 хүн нас барж, 53 хүн гэмтсэн тухай хотын Цагдаагийн газар мэдээлсэн. Тэгвэл нас барагсдын тоо өдгөө 20-д хүрч, гэмтэж бэртэгсэд 74 болжээ. Алан хядагч Владислав Росляков Политехникийн коллежийн дөрөвдүгээр дамжаанд суралцаж байсан бөгөөд сургуулийн гал тогоонд гар хийцийн бөмбөг дэлбэлж, дараа нь оюутнууд руу буудсан байна.

Цагдаагийн байгууллага гэмт этгээдийн аавыг саатуулан мэдүүлэг авахад хүүтэйгээ харилцахад хүнд байдаг байснаа хэлсэн байна. Тэрбээр хичээл сургуулийнхаа талаар огт хэлж ярьдаггүй бөгөөд өөрийн гэсэн найз нөхөдгүй байжээ. Хүүхэд насандаа найзалж байсан нэгэн залуутай нөхөрлөдөг байсан ч удалгүй харилцаагүй болсон байна. Аав нь хүүгээ тодорхойлохдоо хүмүүжлийн доголдолгүй, бүдүүлэг авиргүй ч жаахан хаалттай зантай байсан гэжээ. Гэхдээ компьютерын тоглоомд донтож, буу зэвсгийн хоббитой байсан нь дээрх хэргийг үйлдэх шалтгаан болсон байхыг үгүйсгээгүй байна.

Харин Владислав Росляковтай нэг ангид сурдаг оюутнуудын ярьснаар тэрбээр хичээл сурлагандаа тааруу, бусад оюутнуудтай зөрчилддөг байжээ. Гэлээ ч халдлага үйлдсэнд нь итгэж ядан байгаагаа ярьсан байна. Росляков энэ оны есдүгээр сард 18 нас хүрэнгүүтээ буу хэрэглэх зөвшөөрөл авчээ. Сургуульд халдлага үйлдэхдээ 150 ширхэг сумтай байсныг цагдаагийнхан мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)