Оюун санааны хувьсгал хэрэгтэй

Нийгмийн сэтгэл зүй буртаглагджээ. Эрүүл сэтгэх, хэн нэгний үгээр гуйвж дайвахааргүй, үзэл бодолдоо бат зогсох хүн ховордсон цөвүүн цаг аж. “Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа” хэмээн эхэлдэг Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэг энэ цагт эрхгүй бодогдоно. ...Гавж Жамбал хойморт сууж, бурхан ном хэмээн буруу чалчих ба зайсан Намжил гаднаас ирж, хууль ёс хэмээн худал ярихыг сонссоор өдөр, сарыг улираана. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй хэмээн бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр нэгэн насыг харанхуй манан дотор барна... Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлана. Дамба морио эрэх гэж явсан... хэмээн хөврөх нь өнөөгийн бидний өнгө төрх гэлтэй.

Энэ нь бид “Хуучин хүү”-гээс ялгарах юмгүй болсныг илтгэх. Нийслэлчүүд дөрвөн уулын дундаа багталцаж, шингэхээ больсны дээр нэг нь нөгөөгөө мэрж, нийт нь нэгнийгээ боорлодог, жалга довоороо талцан арсалдсаар удав. Энэ бүхний эцэст Монголын нийгэмд өдөр бүр стресс, бухимдлыг асар ихээр “үйлдвэрлэж”, утга учраа алдлаа. Хуурай мод өрөөд тавьчихсан, ганц шүдэнз зурвал гал авалцаж, тэсэрч дэлбэрэхэд бэлэн болжээ, нийгмийн олонхын сэтгэл зүй.

Туйлшрамтгай, муухай монгол зантай бидэнд цахим орчин зохихгүй, хэрэглэж чадах ч үгүйг илтгэх жишээ мянга түмээрээ. Үнэн, худал нь мэдэгдэхгүй шар мэдээ, хов живийг “троллууд” нийгмийн сүлжээнд баруун, солгойгүй сэвж, олон талаас нь хэлэлцүүлэхийг нь яана. 1000 гаруй хятад иргэнийг зочид буудлаас баривчилсан дуулиант хэргийн мөрөөр манайхан аль хэдийн “орчихсон” эхнээсээ “Бүгдийг нь ал, цаазал” гэцгээж байна. Хар тамхи хэрэглэж, хадгалж, дамласан гэх хэргээр яллуулсан дуучин Б.Амархүүг нийгмээрээ өрөвдөж, хошуу дэвсэнэ.

Гавж гуай хэмээн доогуур харан, зайсан гуай хэмээн дорой дуугарах хуучин хүү шиг улааныг харж урван, шарыг харж шарвалзах нь шинэ цагийн монголчуудын үнэн төрх гэвэл маргах хүн гарахгүй л болов уу. Хурган дарга нарын цүнх баригч, компьютерын цаанаас нэр, нүүрээ нуусан хөлсний бичээчдийн бүлэг нийгмийг аалзны тор шиг хэрэв. Хулгай, дээрэм, хүн ёсонд баймгүй, сэтгэлд багтахгүй жигшүүрт хэрэг, амиа хорлолт гаарлаа. Энэ хэрээр олонхын сэтгэл зүйгээс “эхүүн үнэр” ханхалж, яг л зохиолд гардаг шиг “Авгай, хүүхдээс аяга, тараг, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч, баян Балжирынд унага татаж, айраг уун, Дэндэв тайжийнд хонь гаргаж, гэдэс гарч нэг үдшийг дуусгадаг” шиг дөрвөлжин хайрцагт гүн шигджээ. Одоо л олон нийтийг сэнхрүүлж, сэхээрүүлэх оюун санааны хувьсгал хэрэгтэй байна. Эс бөгөөс нийгэм амьд хэрнээ амьгүй хүүхэлдэйгээр дүүрч, мөхөл рүү мөлхөх вий. Монголчууд “хүүхэлдэй” болсон цагт тусгаар тогтнолоо алдана гэж “Глоб интернэшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал хэлснийг энд тэмдэглэхэд илүүдэхгүй.

Бэлтгэсэн: О.Бат-Ундрах

ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА

М.АЛТАНЦЭЦЭГ: Сэтгэл хөдлөлөө зөв жолоодвол бухимдлаас өөрийгөө хамгаална

Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэлзүйч М.Алтанцэцэгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Нийгмийн бухимдал гэж юуг хэлэх, ямар тохиолдолд үүсдэг вэ?

-Өөр хоорондоо уялдаа холбоо бүхий харилцан үйлдлүүдийн хэв загвар нь бүлэг болон нийгмийг үүсгэнэ. Энгийнээр тайлбарлавал, нийгэм гэдэг нь янз бүрийн зан үйлтэй хүмүүс хоорондын харилцаа юм. Нийгмийн сэтгэл зүйг эрүүл болон эрүүл бус гэж хувааж болно. Эрүүл бус нийгэмд гаж үзэгдэл түгээмэл, олонхын сэтгэл таагүй, эрүүл мэнд, ялангуяа сэтгэцийнх нь доройтож, улс орны засаг, төрийн байдал тогтворгүй, дагаад эдийн засаг ч хямардаг. Харин эрүүл нийгэмд энэ бүхэн эсрэгээрээ, хүн амын олонхын сэтгэл зүй хэвийн байдаг. Манайд эрүүл бус нийгэм ноёлж, тэр хэрээр иргэд бухимдал “үйлдвэрлэх” болжээ. Олон нийтийн сэтгэл зүй тогтворгүй, хүмүүсийн харилцаа эрүүл бус бол нийгмийн бухимдал тасрахгүй.

-Энэ нь нийгмийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг юм бол?

-ДЭМБ-ын тодорхойлсноор, эрүүл мэнд гэдэг нь иргэд өвчин эмгэггүй, биеийн болоод сэтгэцийн, цаашлаад нийгмийн сэтгэл зүй нь саруул байхыг хэлдэг. Монголчууд сэтгэл амар бол бие эрүүл гэдэг нь үүнтэй холбоотой. 2005 онд дэлхий нийтэд бүртгэгдсэн нийт өвчний 10 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлжээ. 2020 он гэхэд энэ үзүүлэлт 15 хувьд хүрнэ гэж ДЭМБ-аас таамагласан байна. Өдгөө дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдсэн. Хөдөлмөрийн чадвар алдахад хүргэдэг 10 өвчний тав нь энэ төрлийнх. Манай улсад гэхэд 5-6 хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй гэсэн судалгаа бий. Нийгмийн бухимдал нь сэтгэцийн өвчин үүсгэх том хүчин зүйл учраас эдгээр тоо баримтыг дурдлаа. Уур бухимдал нь сэтгэцийн болон биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг хүмүүс гадарладаг ч нийгэм даяар дорвитой арга хэмжээ авахгүй л байна.

-Олон нийтийн сэтгэл зүй өрх гэр, хувь хүний амьдралд ямар нөлөө үзүүлдэг юм бэ?

-Манай улсад сүүлийн жилүүдэд архинд донтох, мансуурах, сэтгэл гутрах, улмаар амиа хорлох зэрэг сөрөг үзэгдэл нэмэгдсэн. Үүнээс гадна гэр бүл салах, сургууль завсардах, дэмий тэнэх, биеэ үнэлэх явдал ч газар авлаа. Өөрөөр хэлбэл, нийгмийн байдал ажлын бүтээмж, хүмүүсийн болон гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжилд ч сөргөөр нөлөөлдөг. Улс орны ядуурал, нийгмийн стрессийн бас нэг шалтгаан нь ид хийж бүтээх насны залуус цахим, мөрийтэй болон видео тоглоомд донтон, цаг хугацаа, мөнгөө үрж, гэр бүл, хүүхдүүдээ үл хайхарч байна. 30-аас дээш насны, боловсролтой, ганц бие эмэгтэйчүүд, өрх толгойлсон ээж олширлоо. Шүүхийн шийдвэрийн харьяа албадан эмчилгээний төвд өнгөрсөн онд 460 хүн хэвтэн эмчлүүлсний 70 хувь нь 30-50 насны эрчүүд. Энэ нь зөвхөн нэг төвийн л тоо баримт. Энэ бүхний хор уршгийг хүртэгч нь голдуу хүүхдүүд байгаа нь асуудал юм.

-Нийгмийн бухимдлыг багасгах, түүнд автахгүй байхад юуг анхаарвал зохилтой вэ?

-Хувь хүн нийгэмд яаж нөлөөлнө түүнийхээ хариуг заавал авдаг. Тиймээс бусдыг шүүмжилж, бодол санаагаа харлуулахын оронд нэг ч гэсэн “лаа асаах”-ыг бодоорой. Амьдралдаа эзэн болж, зорилго, хүсэл тэмүүлэлтэй байх нь чухал. Үүний тулд хувийн зохион байгуулалтаа сайжруулан, цаг ашиглаж сурах, ирээдүйдээ хөрөнгө оруулж, амьдарч буй орчноо тордох, аюулгүй байдалдаа анхаарч, эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Мөн сэтгэл хөдлөлөө зөв жолоодож, харилцаагаа эерэг байлган, хандлагаа өөрчилж чадвал нийгмийн бухимдал, стрессээс өөрийгөө хамгаалж чадна.

Бэлтгэсэн: Б.Оргил

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

С.ГЭРЭЛМАА: Хүүхдээ өдөрт найман удаа тэвэр

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаатай ярилцлаа.

-Стресс өвчин мөн үү?

-Стрессийг хүчдэл гэж тайлбарладаг. Хүний сэтгэл хөдлөл эерэг болон сөрөг байдаг. Тухайн хүнд сөрөг нь илүү байх үед стресстэж, уурлаж, бухимддаг. Бид өдөр тутамд маш олон сөрөг асуудалтай нүүр тулдаг. Жишээ нь, замын түгжрэл, агаарын бохирдол, ажлын ачаалал, гэр бүлийн таагүй уур амьсгал, санхүүгийн хямрал, өр, зээл зэргээс болж олон нийтийн сэтгэл зүй тааруу байна. Гэтэл монголчууд стрессээ зөв тайлдаггүй, уур уцаараа хянаж сураагүйгээс бухимдал нь олон янзаар илэрдэг. Сэтгэл санаа тогтворгүй үедээ голдуу архи ууж, агсам тавих, гэрийнхнээ зовоох зэргээр бухимдлаа буруу тайлдаг. Гэтэл стрессээс ямар ч төлбөргүйгээр ангижрах олон арга бий. Тухайлбал, өдөрт 30 минут дасгал хөдөлгөөн, эсвэл дуртай зүйлээ хийж, 10 000 алхахад л стресс тайлагдаж, тухайн хүний бие махбод эерэг даавар ялгаруулан, баяр баясгалантай болдог. Стресс тайлах өөр нэг үр дүнтэй арга нь ярилцах. Гэвч өдгөө амьд харилцаа үгүй болсныг амтай болгон л шүүмжилж байна. Үүнээс үүдээд хүмүүс стресс, уур бухимдлаа сэтгэлдээ тээж, хадгалж явсаар эцэстээ “дэлбэрэх” болж. Өөрөөр хэлбэл, өвчин болтол нь хүндрүүлдэг гэсэн үг.

-Хэн нэгэнтэй ярилцах боломжгүй бол яах вэ?

-Хэн нэгэнтэй ярилцахгүй явсаар сэтгэл зүй нь гэмтэж, гэнэт хашхирах ч юм уу, эсвэл ойр дотнынхноо, хөндлөнгийн хүмүүсийг хүчирхийлэх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах зэргээр уур омгоо гаргах нь цөөнгүй. Тиймээс сэтгэлийн зовууриа аав, ээж, хань, үр хүүхдэдээ хэлж, ойлгуулах замаар онгойлгох хэрэгтэй. Хэрвээ ярилцах боломжгүй бол хайртай хүмүүсээ тэвэр. ДЭМБ-аас хүүхдээ өдөрт найман удаа тэвэрснээр стрессээс ангид байх боломжтойг тогтоосон. Хүүхэд ч ээж, аавыгаа ойлгож, хайрлан, бусдыг хүндэлж сурдаг. Хүний бие махбод тэвэрч, шүргэлцэхэд эерэг даавар ялгаруулдаг учраас тэр.

-Уурлаж бухимдах, айж түгших, сэтгэл зүйн тавгүй байдал нь олон өвчний суурь, шалтгаан болдог гэдэг. Энэ талаар манай эрдэмтэд судалдаг уу?

-Уурлаж бухимдах нь тархинд цус харвах гол эрсдэлт хүчин зүйлийн нэг болсныг судалгааны олон баримт гэрчилнэ. Өөрөөр хэлбэл, стрессээ тайлдаггүй, уураа хянаж чадахгүй байгаа нь үхлийн өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр хоёр хоногийн өмнө тохиосон. Бөмбөрцөг даяараа үүнтэй тэмцэж байна. Яагаад гэхээр хэнд ч тохиолдох эрсдэлтэй, хэрвээ эмнэлгийн тусламж авч чадахгүй, хугацаа алдвал аминд аюултай. Цус харвасан өвчтөнүүдийн 10 хувь нь тэр даруйдаа нас бардаг, хөдөлмөрийн чадвараа 60-80 хувь алддаг бол цөөнгүй хувь нь хэвтэрт амьдралаа дуусгадаг. Монголчууд хорт зуршил ихтэй. Зөрүүдэлж байгаа юм шиг, тэр дундаа цус харвахад хүргэдэг бүхий л эрсдэлт хүчин зүйлийг туршиж, хэрэглэсээр. Стресст өртдөггүй хүн гэж үгүй болж. Тиймээс харвалтаас сэргийлэх нэг арга нь уур уцаараа хянаж сурах, сэтгэл хөдлөлөө үргэлж эерэг байлгах хэрэгтэй. Бодол санаагаа цэгцлэхийг хичээ. Тэгвэл нийгмийн харилцаанд оролцоход асуудал үүсэхгүй.

Бэлтгэсэн: О.Ундрах

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Инээвэл уурлана

Авто зам гарахаар гэрлэн дохио хүлээж байсан олны дунд нэгэн залуу тамхины ишээ утаа суунаглуулан хэнэг ч үгүй хаячихав. Хажууд нь зогссон бүсгүй “Хог хаяхаа болиоч” гэж бувтнахад, залуу санаа зовох нь бүү хэл дүрсхийтэл уурлалаа. Бүсгүйг харааж, хашхирч, гараараа занган “Та нар хогоо хогийн саванд хэзээ хийдэг болчихов” гэв. Тэрбээр бүсгүй рүү эргэж харж хялал заад, бүдүүлэг үгээр утсаар холдсон юм. Хоёр хүүхдээ дагуулсан бүсгүй авто зам гарч явтал нэг нь түрүүлээд гүйчихдэг байгаа.

Ээж нь яах учраа ололгүй араас нь ухасхийн, барьж автал, хүүг шүргэх шахам зогссон жолооч эр дуут дохиогоороо бүгдийг цочоон, нөгөөх эмэгтэй хөвгүүдээ загнан, орилох нь тэр. Гарцаар гарч яваад саваагүйтэн гүйсэн хүүг осолд өртөөгүйд, өөрөө хэрэг зөрчил гаргаагүйдээ баярлан, хурдтай явж байсандаа уучлал гуйх байтал жолооч эр “улаан” хэрүүл дэгдээсэн юм даг.

Олон жил гадаадад амьдраад Монголд ирсэн бүсгүй автобус хүлээх зууртаа, харц тулгарсан, үл таних залуу руу инээмсэглэсэн байна. Хэсэг хугацааны дараа ахиад инээмсэглэл илгээчихэж. Ялангуяа Европын Холбооны орнуудад их, бага хугацаагаар амьдарсан хэн ч европчууд автобус, метроны буудалд бие биеээ танихгүй ч мэндэлж, инээн, яриа өрнүүлдгийг мэднэ дээ. Бүсгүй сурсан зангаараа залуу руу инээтэл “Юугаа хараад, дарвалзаад байгаа юм” гэсэн бүдүүлэг үг сонсжээ. Хүнээр загнуулж, доромжлуулж, дээрэлхүүлсэн нэгэн ахиад өөр хүнийг “ниргэх” магадлалтай, уурын үрийг тээгээд холддог тул бид бухимдлын тойрог үүсгээд яваа болов уу.

Монголчууд нэгнээ таньдаггүй, хэрэгцээ гарахгүй бол хоорондоо дуугардаггүй болчихсон. Зөрж өнгөрөхдөө мөрлөх, хялалзах, урдаас алхаж яваад шүлсээ хаях, жолооч нар шаардлагагүй үед дуут дохио хангинуулах, нэг нэгэн рүүгээ бүдүүлэг үг чулуудах, даажигнах нь олонтоо. Ийм хандлагад хувь хүний суурь хүмүүжил, эзэмшсэн боловсрол нь хамаатай гэхээс илүүтэйгээр сэтгэл санааны тавгүйрхэл, байнгын стресс, өөртөө итгэлгүй байдал, бухимдал зэрэг нь нөлөөлдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл ярьж байна. “Сэтгэц, зан үйлийн зонхилон тохиолддог эмгэг буюу өөрийгөө хянах чадваргүй байх, түргэн уурлах, бүдүүлэг авирлах зэрэгт тухайн хүний хүйс, гэр бүлийн байдал, ажил эрхлэлт, архидан согтуурах донтой, эсэх, мөн амьдралынх нь орчин нөлөөлдөг. 

Сүүлийн үед хүмүүст ямар ч шалтгаангүйгээр сэтгэл нь тавгүйрхэх, өвдөж буй мэдрэмж төрөх, ялихгүй зүйлд огцом уурлах, улмаар гэр бүлийнхэн, танихгүй хүмүүст уураа гаргах, хэл амаар доромжлох шинж их болсон. Энэ бол нэг төрлийн өвчин. Тодорхойлж боломгүй зовуурь гэдэг шинэ нэршилтэй өвчнөөс үүддэг сэтгэл хөдлөлүүд. Бид стресс, бухимдал, сэтгэл зүйн тогтворгүй байдлаасаа болж шинэ төрлийн өвчинтэй болсон гэсэн үг. Үүнд олон хүчин зүйл нөлөөтэй. Шаардлагатай бол эмчлүүлж болох ч аль болох өөртэйгөө ажиллан, сэтгэл зүйгээ удирдахыг хичээх, ажилтай, хамт олонтой байхыг эрмэлзэх, биеийн тамираар хичээллэх, олон нийтийн ажилд оролцох хэрэгтэй” хэмээн ярив.

1.3 сая гаруй хүнтэй, 600 000 орчим автомашинтай, дэд бүтцийн хөгжил тааруу, ямар ч төлөвлөлт зохион байгуулалтгүй хот байгуулан, хүмүүсийн амьдралын наад захын хэрэгцээ болох цэвэр, бохир усны системийг нь бүрэн шийдээгүй, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ тааруу хотынхон бидэнд бухимдах шалтгаан олон. Түүнчлэн гэр бүлийн тогтворгүй байдал, архидан согтуурах дон, ажилгүйдэл, ажлын ачаалал, хангалтгүй цалин хөлс зэрэг нь ч автомашины дуут дохио орилуулах, цонхоороо хогоо хаях, бүдүүлэг авирлах, хүн доромжилж, дээрэлхэхэд нөлөөлдөг байх. Гэхдээ л бид эмчид хандаад, өөртэйгөө яриад, ном уншаад, бясалгал хийгээд, спортоор хичээллээд ч болов өөрчлөгдөхгүй бол өөрийгөө болон өрөөлийг хорлохоос өөр гарцгүй.

Бэлтгэсэн: С.Цэрэндулам

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Монголын нийгэм, иргэд яагаад стресс, бухимдалтай байна вэ?

Т.ЦЭРЭНПАГМА (Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн):

-Нийгэм стресстэй байгаагийн гол шалтгаан нь манай иргэдийн амьдралын түвшин маш муутай холбоотой. Боломжийн ажил хийх гэхээр дээд албан тушаалтнууд ажлын байраа хамаатан, садандаа өгчихсөн байдаг. Тиймээс ажилгүй иргэд орлогогүй байх нь ойлгомжтой. Мөнгөгүй хүн стресстэй явах нь мэдээж.

И.БАТДОРЖ (Сүхбаатар дүүргийн I хорооны иргэн):

-Стресстэж буй хамгийн том шалтгаан бол түгжрэл. Бид өглөө түгжирч явсаар ажилдаа хоцорч очдог. Үүнээс болоод арга хэмжээ авхуулдаг. Өдрийг ингэж эхлүүлэхээр бухимдахгүй байх аргагүй.

Т.МӨНХТУЛГА (Баянгол дүүргийн XVIII хорооны иргэн):

-Ядуурал их байгаагаас стресс бий болж байна. Жишээ нь, хүмүүсийн уурладаг нэг шалтгаан нь махны үнэ өндөр байгаагаас болдог. Бас нэг шалтгаан нь архидалттай холбоотой. Архи гэр бүлийн харилцаанд яаж сөргөөр нөлөөлдгийг бид мэднэ. Архинаас шалтгаалаад маш олон гэр бүл салж байна. Эдгээрээс үүссэн стресс нийгмийг илүү хар бараан болгосон.

С.СҮХБОЛД (Баянзүрх дүүргийн XXVI хорооны иргэн):

-Нийгэмд хар бараан хандлага давамгайлж байгаа нь үнэн. Жишээ нь, машин жолоодоод явж байгаа хүмүүс дуут дохиогоо хангинуулчихдаг. Иймэрхүү зүйл хүнийг маш ихээр бухимдуулдаг гэж бодож байна. Бухимдсан хүн бусдыг ч гэсэн өөр шигээ болгодог. Хамгийн гол нь бид зөв хандлагатай болох хэрэгтэй. Тэгж байж л зөв нийгэм бий болно.

А.ГАНБАГАНА (Сүхбаатар дүүргийн XXI хорооны иргэн):

-Хүмүүсийн амьдарч буй орчин ямар байхаас шалтгаалдаг гэж ойлгодог. Ядуурал улам газар авсаар байна. Үүнээс улбаалаад амьдралын нөхцөл, орчин нь мууддаг. Амьдралын орчин муу байгаагаас хүмүүс хоорондын харилцаа таарамжгүй болдог.

Л.АРИУНЗУЛ (“Олонлог” дунд сургуулийн сурагч):

-Замын түгжрэл хамгийн том шалтгаан болж байна. Дээрээс нь хүмүүс хоорондоо ихэвчлэн хөндий, эв түнжингүй, соёлгүй харилцдаг. Эдгээр шалтгаан л хар бараан нийгэмд хүргэж байгаа.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Нийгмийн стрессийн гол хүчин зүйл нь ажилгүйдэл

Нийгмийн сэтгэл зүй, уур амьсгал хүн хоорондын харилцаанаас үүсдэг учраас үнэлэмж нь харилцааны үзүүлэлт болдог. Хувь хүн хоорондын харилцаа нь тухайлбал, хөдөлмөрийн хамт олны зорилго, чиг баримжаанд тулгуурладаг. Тухайн хамт олны сэтгэл зүй, уур амьсгалын үндсэн үзүүлэлтийн нэг хүчин зүйл нь бүрэн бүтэн байдлыг хадгалах, хамтран ажиллах, нэг санаа зорилготой, ил тод бөгөөд хариуцлагатай байдлаар тодорхойлдог. Ажил, хөдөлмөр нийгмийн, тэр дундаа хүний сэтгэцийн эрүүл мэндэд тустай ч ажлын байрны таагүй байдал нь ажилтныг бие, сэтгэл санааны хямралд оруулдаг. Энэ нь эдийн засгийн ноцтой хохирол учруулдаг. Үүнээс болж хөдөлмөрийн бүтээмж буурч, дэлхийн эдийн засагт нэг их наяд ам.долларын хохирол учруулдаг болохыг 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын судалгаанд өгүүлжээ. Ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх зэрэг нийтлэг асуудал нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөтэй. Хөгжлийн бэрхшээлтэй болоход хүргэдэг гол шалтгаануудын нэг болох сэтгэл гутралд манай гаргийн 264 сая хүн автсан гэнэ. Тэдний олонх нь байнгын түгшүүртэй явдаг аж. Нийгмийн эрүүл мэндийн доголдол газар авах эрсдэлийн хамгийн гол хүчин зүйл нь ажилгүйдэл. Тэгвэл хүн ажилд эргүүлэн авах, эсвэл ажил хийж эхлэх нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах хүчин зүйл болдог байна. Харин хөдөлмөрлөх таагүй орчин нөхцөлд хүний бие, сэтгэцийн эрүүл мэнд алдагдаж, архи уух, эсвэл сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэх, ажил таслах болон хөдөлмөрийн бүтээмж буурахад хүргэдэг.

АНУ-д 1980 онд сэтгэл гутралын хямрал гэсэн нэр томьёо гарч, тус улсын болон ДЭМБ-ын өвчний ангилалд оруулжээ. Сүүлийн жилүүдэд тус улс орчин цагийн нөхцөл байдалд нийцүүлэн нийгмийн сэтгэл зүйн сөрөг нөлөөллийн жагсаалтыг өргөжүүлж, 2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлаас хойш терроризмын асуудалд онцгойлон анхаарах болсон аж.

Манай урд хөрш олон үндэстэн, ястантай, тус тусын шашин шүтлэг, ёс заншилтай. Тиймээс шашны сэтгэл зүйгээр дамжуулан харилцан биенээ хүндэтгэх ёсонд сургаж, нийгмийн сэтгэл зүйгээ хянадаг аж. Энэ нь Хятад улс эв нэгдлээ бэхжүүлэх, хүний эрхийг дээшлүүлэхэд тус болдог байна.

Бэлтгэсэн: З.Гал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)