Оюуны өмчөө алдсан уран бүтээлчид үсрээд л лайв хийж, мэдэгдэл гаргадаг

"Үргэлжлэлийг Ori.mn-ээс" гэсэн хошин ч гэх юм уу хөгжилтэй постууд сошиал орчинд тархаад байгааг уншигч та бүхэн анзаарсан байх. Энэ бол шинэ кино, контентуудын төлбөртэй үзэх багцын тухай яриа юм.

Тухайлбал, Монгол HD телевиз бүх бүтээлүүдээ Ori.mn сайтад байршуулж, мөнгө идэж байна, арай дэндүү юм гэх зэрэг шүүмжлэл цахим орчинд ажиглагддаг. Монгол HD бол дэлхийн үзвэрийг гаргадгаараа онцлог. Тэр ч утгаараа албан ёсны эрхтэй дэлхийн шоуг Монголдоо оруулж ирэхэд их хэмжээний хөрөнгө мөнгө зарах нь тодорхой. Гэтэл тэрийг зарим хүмүүс гэрийнхээ буйдан суугаад ямар ч үнэ төлбөргүй үзнэ гээд дайрах нь бий. Нэгнийхээ хийж бүтээсэн зүйлийн үнэ цэнийг үл анзаардаг хэнэггүй зан одоо ч байсаар.

Нэг үйл явдлыг дурдвал, 2017 онд Маск продакшн “Баярлалаа ээжээ”  шинэ жилийн баярын хөтөлбөрөө IPTV видео санд оруулсан. Гэтэл удалгүй нэг хүн тус тоглолтын бичлэгийг youtube болон фэйсбүүк дээр байршуулсан бөгөөд үүнд тус продакшнийн уран бүтээлчид харамсаж буйгаа мэдэгдэж байв. Энэ бол бусдын оюуны өмчийг үнэгүйдүүлж буй хэрэг. Дараа нь Фантастик проакшны уран бүтээлчид ч мөн бүтээлээ хулгайд алдаад мэдэгдэл хийж байсан гээд дурдаад байвал олон жишээг нэрлэж болно.

Төлбөртэй үзэх багцын талаар иргэдийн санаа бодлыг тодруулахад “Мэдээж оюуны өмч гэдэг талаасаа зөв гэж боддог. Маш их цаг зав, хөрөнгө мөнгө ордог шүү дээ. Нөгөөтэйгүүр, хэтэрхий бүх нэвтрүүлэг, үзвэрүүдээ оруулах хандлагатай байгаа нь ажиглагддаг. Үүнд бага зэрэг уян хатан хандах хэрэгтэй. Бас иргэд мөнгөө төлж үзэж байгаа учир сайн чанартай зүйл хийх нь зүйтэй” гэсэн хариултуудыг өгч байлаа.

Харин зарим иргэд “хуулиндаа бол кино болон оюуны өмчийг хулгайлах зөрчил гаргасан этгээдэд 1-5 жил хилийн хорио тогтоох, эсвэл хорихоор заагдсан байдаг. Гэтэл яг хуулиараа явж байгаа тохиолдол ховор. Манай улсад энэ тал дээр арай л зөөлдөөд байна. Уран бүтээлчид нь үсрээд л лайв хийж, мэдэгдэл гаргана. Тэгээд л болоо, хэн ч хариуцлага тооцохгүй байна” гэж байв.

Энэ мэт иргэд оюуны өмч гэдгийг хэдийн ухамсарласан байгаа нь сайшаалтай. Хүний хөдөлмөр, бүтээл, цаг завыг хүндэтгэнэ гэдэг боловсролтой, хийж бүтээдэг ард түмний наад захын соёл. Урьд нь телевизээр үнэ төлбөргүй кино үзэж дассан манай монголчууд одоо оюуны өмч гэдэг зүйлийг хүндлэх цаг болжээ. Иймд уран бүтээлчдийнхээ хүч хөдөлмөрийг үнэлж, оюуны өмчид хариуцлагатай хандахыг уриалж байна.

Д.БЯМБАСҮРЭН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)