ОЮУНЫ СПОРТЫН ШИЛДГҮҮДИЙН ТУЛААН ЭХЭЛЛЭЭ

 Оюуны спортын үндсэн таван төрөл болох шатар, даам, бриж, сяньчи, го даамын шилдэг тамирчид хуран чуулсан “Sport Accord World Mind Games” БНХАУын нийслэл Бээжин хотноо өчигдөр эхэллээ. Энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилж, 22 багц медалийн төлөө өрсөлдөх, 1 сая еврогийн шагналын сантай тус тэмцээний даамын төрөлд манай улсаас Ази тивийн дөрвөн удаагийн аварга, ОУИМ Дөлийн Эрдэнэбилэг өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр буюу лхагва гаригт даамын блиц тоглолт (5 мин+3 сек)- ын шигшээ тэмцээн болсон юм.

Эрэгтэйчүүдийн ангилалд таван тивээс шилэгдсэн шилдэг 16 даамчин (үүний 12 нь их мастер цолтон) тойргийн журмаар өрсөлдсөнөөс ОХУ-ын даамчин Александр Шварцман боломжит 30-аас 20 оноо аван түрүүлж, Голландын их мастер Александр Балякин 20, дэлхийн аварга Александр Георгиев (ОХУ) 19 оноогоор удааллаа. Шварцманы хувьд орос, бразил, зуун буудалт гэсэн гурван төрлийн даамаар дэлхийн аварга болсон цорын ганц даамчин бөгөөд өнгөрсөн зун Францын Лилльд болсон Дэлхийн оюуны спортын II наадмын түргэн тоглолтын төрөлд итгэл төгс аваргалсан билээ. Энэ удаа ч Саша түргэн тоглолтоор өөртэй нь эгнэх хүн үгүй гэдгийг баталж, ээлжит түрүүгээ авлаа.

Хэдхэн хоногийн өмнө Малайзад болсон Азийн АШТий блицт аваргалж байсан Д.Эрдэнэбилэг санаснаас тааруу тоглож, нэг хожиж, зургаан тэнцэн, найм хожигдсоноор XV байр эзлэв. Тэрбээр ардаа ганц хүн орхисон нь зохион байгуулагч БНХАУ-ын Гао Вен лон байлаа. Гэхдээ манай тамирчин дэлхийн 10 удаагийн аварга Алек сей Чижов (ОХУ)-ыг буулган авсан нь энэ тэмцээний хамгийн сонирхолтой өргүүдийн нэг байсан. Өнөөдөр тэрбээр стандарт тэмцээний эхний тавилаа 1993 оны дэлхийн аварга, Латвийн их мастер Гунтис Валнерисын эсрэг хийнэ.

Түүнчлэн өчигдөр болсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтод якут гаралтай Оросын залуу их мастер Матрена Ноговицына 18 оноотой тэргүүлж, дэлхийн 12 удаагийн аварга Латвийн Зоя Голубева 16, Украины их мастер Ольга Балтачи 14 оноогоор удаалсан юм. Одоогоор хоёр багц медаль эздэдээ очоод байгаа бөгөөд бямба гаригаас шатрын рапид, брижийн ба гийн медальтнууд тодорно.

  Медаль хүртсэн орнууд

Улс                      Алт    Мөнгө     Хүрэл    Нийт

1.ОХУ                     2          -               1         3

2.Латви                    -         1               -          1

3.Голланд                 -         1               -         1

4.Украин                  -           -               1       1

 

М.ОРГИЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)