О.Цэцэглэн: “Могойн чуулган”-аар уран нугаралтын үүслийг харуулна

2013 онд Ромд бол-сон “Golden circus” наадмаас хүрэл медаль хүртсэн нугараач О.Цэцэглэн ирэх сарын 4-нд ҮДБЭЧ-д тайлан тоглолтоо хийх нь. “Могойн чуулган” нэртэй тоглолтынх нь талаар түүнээс тодрууллаа.

-Нугараачид могой мэт уян хатан гэдэг утгаар тоглолтоо ийн нэрлэсэн үү?

-Тийм ээ. Могойн чуулгантай таарвал баяждаг, аз дагуулдаг гэж монголчууд бэлгэшээдэг. Тиймээс могой нугараачдын, бас манай ард түмний бэлгэдэл учир “Могойн чуулган” гэж нэрлэсэн.

-Тоглолтынхоо онцлогоос дурдахгүй юу?

-Эмэгтэй уран нугараач тайлан тоглолтоо хийсэн удаа Монголд байхгүй юм билээ. Мөн нас бие гүйцсэн хамгийн шилдэг нугараачид оролцохоороо онцлог. Тоглолт хоёр хэсэгтэй. Эхлээд хөөмэй, морин хуур, монгол бүжиг зэрэг ардын урлагтай хослуулж, уран нугаралтын үүсэл гарлыг илэрхийлэх бол хоёрдугаар хэсэгт орчин үеийн төрлөөр буюу жааз амьд хөгжим, дуучинтай хамтран эмэгтэй хүний гоо биеийг тодотгосон үзүүлбэрүүд толилуулна. Уран нугаралт гэхээр ардын урлагтай хослуулдаг, зүгээр л нэг ая тавиад нугардаг гэх ойлголтыг хална. Ямар ч аян дээр, ямар ч байдлаар нугарч болно, нугаралт бол хөрвөх чадвартай урлаг гэдгийг харуулахыг зорьж байна.

-Хэн найруулах вэ?

-ҮДБЭЧ-ын бүжиг дэглээч, гавьяат жүжигчин А.Даваахүү ах найруулж, миний үүсгэн байгуулсан “Монголжингоо” уран нугаралтын холбооны жүжигчид, ҮДБЭЧ-ын бүжигчид оролцоно. Гэнэтийн олон бэлгээ нууцалъя.

-Тоглолтын дараа юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Хүмүүст хүрсэн, үнэхээр сайхан тоглолт болбол намар дахин толилуулна. Мөн “Монголжингоо” холбоо жил бүр тоглолт хийх төлөвлөгөө бий.

-Холбоогоо манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Бүх л улсад нугараач байдаг ч монгол уран нугаралт дэлхийд номер нэг гэж тамгалагдсан, манай жүжигчид гадаадад нэр хүндтэй. Гэтэл монголчууд нугараачдаа үнэлж чаддаггүй, төрөөс дэмждэггүй. Монголдоо албан байгууллагын ой зэрэг жижиг арга хэмжээнд оролцдогоос өөр ажлын байр хомс. Өөрөөр хэлбэл, нугараачдын үнэлэмж Монголд уруудсан. Тиймээс нугараачдаа эх оронд нь таниулж, үнэлэмжийг нь өсгөх, ажлын байртай болгох, эрх ашгийг нь хамгаалах зорилгоор 2013 онд холбоогоо байгуулсан. Манай 20 гаруй нугараач дэлхийн өнцөг булан бүрт ажилладаг. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)