ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо


ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгааг  Ерөнхий сайд  Дмитрий Медведев мэдэгджээ. Энэ тухайгаа тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ ярьсан байна. Тэрбээр Владимир Путины Холбооны Хуралд хандаж хэлсэн үгэндээ гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага, шүүхийн эрх мэдлийг бодитойгоор тэнцвэржүүлэх хэд хэдэн “суурь” өөрчлөлтийг Үндсэн хуульдаа оруулахыг санал болгосны дагуу дээрх шийдвэрээ гаргажээ. “Энэ бодлогын хүрээнд засгийн газар Ерөнхийлөгчид шаардлагатай бүх шийдвэрийг гаргах боломжийг олгох ёстой. Иймээс Үндсэн хуулийн 117 дугаар зүйлд зааснаар одоогийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зөв гэж би үзэж байна” гэж Медведев хэлжээ. Ерөнхийлөгч Путин хариуд нь засгийн газрын гишүүдэд талархаж, хийсэн ажлынх нь үр дүнд "хэдийгээр бүх зүйл санаснаар болоогүй ч" сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр "Бид ойрын хугацаанд эргээд уулзана гэж найдаж байна. Шинэ Засгийн газар бүрэлдтэл үүргээ бүрэн дүүрэн биелүүлэхийг та бүхнээс хүсэж байна" гэжээ. Үүнээс гадна Владимир Путин Аюулгүй Байдлын Зөвлөлийн орлогч даргын шинэ албан тушаалыг Медведевт санал болгожээ. Өмнө нь ОХУ-ын төрийн тэргүүн  Холбооны хуралд илгээсэн үгэндээ улс орны төр засгийн тогтоолцоод тодорхой өөрчлөлтийг оруулах цаг нь болсныг онцлоод Төрийн Дум Ерөнхий сайдыг томилдог болохыг санал болгожээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч, Төрийн дум, Ерөнхий сайдын эрх мэдэл тэнцвэржинэ гэсэн үг юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)