ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн командлагч, хурандаа генерал Г.В.Жидког хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ЗХЖШ-ын даргын урилгаар манай улсад айлчилж буй ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн командлагч,  хурандаа генерал Г.В. Жидког өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Манай хоёр орны цэргийн харилцаа  амжилттай хөгжиж байгаа бөгөөд үүнд оросын цэргийн удирдлага ихээхэн анхаарч дэмжлэг үзүүлж байгаад Батлан хамгаалахын сайдын хувьд талархаж буйгаа уулзалтын эхэнд илэрхийллээ.

Тэрээр энэ харилцаанд манай зэвсэгт хүчний ОХУ-ын бүс нутгийн цэргийн захиргааны нэгж болох цэргийн тойрогтой тогтоосон хамтын ажиллагаа чухал байр эзэлдэг. Бид өнгөрсөн  зууны 30-аад оноос тэр үеийн Өвөрбайгалийн цэргийн тойрогтой, хожим нь Сибирийн цэргийн тойрогтой харилцаж байсан уламжлалтай.

ОХУ-ын Зэвсэг хүчний зүгээс үзүүлж буй цэрэг-техникийн хамтын ажиллагааны тусламжийн хүрээнд манай зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хамгийн тодорхой арга хэмжээнүүдийг дээр дурьдсан цэргийн тойргуудтай хэрэгжүүлж байсан. Цаашид ч хамтын ажиллагаа тийм арга барилаар, тодорхой үр дүнтэй хөгжинө гэж найдаж байна. Бид цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай урт хугацааны хөтөлбөртэй. Энэ хөтөлбөрт тусгасан хамтын ажиллагааны чиглэлүүд дотор манай Зэвсэгт хүчин, танай тойргийн хамтын ажиллагааны тухай тодорхой туссаныг хэрэгжүүлж жил бүрийн  төлөвлөгөөтэй ажиллах нь үр дүнтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Мөн Командлагч Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Монгол улсын хүчний удирдлагатай хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээр хийж байгаа нь их ач холбогдолтой нэгэн шинэ хуудас болж байна гэдгийг талууд тэмдэглэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)