ОХУ-ын гавьяат зураач Ф.С.Торховын "Миний монгол хайр" үзэсгэлэн нээлтээ хийлээ

ОХУ-ын гавьяат зураач Ф.С.Торховын гэгээн дурсгалд зориулсан "Монгол миний хайр" уран бүтээлийн үзэсгэлэн Г.Занабазрын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд  2016 оны аравдугаар сарын 10-нд нээлтээ хийлээ.

Феодор Семенович Торхов 1930 онд ОХУ-ын Кемеров мужийн Горная Шория тосгонд төржээ. Тэрбээр 1947-1948 онд Барнаулын Дүрслэх урлагийн сургууль, 1949-1958 онд Ташкентий уран зургийн дээд сургуульд тус тус суралцаж төгссөн байна. 1958 оноос Алтайн зураачдын хамт олны дунд ажиллах болж, 1964-1972 онд ЗСБНХОУ-ын уран зургийн Алтай салбарын захирлаар ажиллаж, 1968 онд Оросын зураачдын холбоооны гишүүнээр болжээ.

Феодор Торхов бол хөрөг зураг, байгалийн сэдвээр зурдаг реалист зураач юм.Түүний бүтээл туурвилын нэлээд хэсгийг Алтайн болон Монгол орны тухай зургууд эзэлдэг. Феодор Торхов Монгол орныг өөрийн хоёр дахь эх орноо гэж үздэг байсан бөгөөд манай орны өвөрмөц, давтагдашгүй байгалийн онцлог, монгол хүмүүсийн тухай сэдвээр 30 гаруй жилийн турш бүтээлээ туурвиж иржээ.

1958 оноос улсын чанартай болон бүс нутаг, хязгаарын хэмжээний, мөн гадаадын олон үзэсгэлэнгүүдэд өөрийн бүтээлүүдээрэй оролцож байлаа. Феодор Торхов "Монгол Алтайгаар", "Монголын уужим тал нутаг" гэсэн нэртэй өөрийн бие даасан үзэсгэлэнгээ 1975, 1994, 2001 онд Москвад, 1994, 1998, 2002, 2005, 2007, 2008, 2010 онд Улаанбаатарт, 2001 онд Эрдэнэтэд, 1979,1995, 2002 онд Баян-Өлгийд тус тус гаргажээ. Зураачийн олон бүтээл Орос, Монгол болон бусад орны музейд, уран зургийн галерейд хадгалагдаж байна.

Монголд Ф.С.Торховыг олон хүн мэднэ. 1974 онд анх Монголд ирсэн ба тэр үеэс Монголын зураачидтай хамтран ажиллаж эхэлжээ. Баруун Монголын нутгаар олон мянган километр туулж, өөрийн сэтгэгдлээ зургаар илэрхийлж дамжуулахыг хичээн үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажиллаж байв. Жилийн дараа анхны бие даасан үзэсгэлэнгээ Барнаулд гаргаж, тэр үзэсгэлэнг үзсэн Монголын элчин сайд Москвад үзэсгэлэн гаргах санал тавьжээ. Энэ үзэсгэлэн  түүнийг амжилтанд хүргэсэн аж.

Алтай болон Монголын зураачдын хоёр удаагийн бүтээлч хамтлагийг удирдан "Алтайн-Багануур, Говь" 1982-1984 он, "Алтай ба найрамдлын уул нурууд" 1986-1988 он гэсэн сэдвээр уран бүтээлийн эрэл хайгуул хийх ажлыг зохион байгуулж байжээ.

Феодор Семенович Торхов бол нийгмийн зүтгэлтэн байлаа.1979-1991 онд Ф.Торхов Алтайн хязгаараас  найрамдлын нийгэмлэгийг тэргүүлж, 1981-1991 онд Алтайн хязгаараас найрамдлын нийгэмлэгүүдийн Зөвлөлтийн холбооны зөвлөлтийн гишүүнээр томилогдон ажиллаж, Зөвлөлт-Монголын найрамдлын нийгэмлэгийн төв захиргааны орлогч дарга байсан юм.  Тэрээр амьдралынхаа эцсийн мөч хүртэл Монголын найз нөхдүүдийн нийгэмлгийн Төв захиргааны гишүүнээр ажиллаж байсан юм.

 Мөн 1983-1991 онд ЗСБНХУ-ын Зураачдын холбооны захиргааны бүрэлдэхүүнд сонгогдон, 1990-1991 онд Зураачдын холбооны Алтайн захиргааны даргаар сонгогдон ажиллаж байв.

Монголын засгийн газар Ф.С.Торховын уран бүтээлийн болон олон нийтийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж 1980 онд Баян-Өлгий аймгийн хүндэт иргэн, 2000 онд Өлгий хотын хүндэт иргэнээр өргөмжилж, 1994 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол, 1998 онд "Алтан гадас" одон, 2010 онд найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны шагнал "Найрамдлын алтан од" одонгоор тус тус шагнажээ.

Ф.С.Торхов 30 жилийн хугацаанд туурвисан бүтээлүүдийнхээ хэсгээс буюу 70 орчим зургийг 2005 онд бэлэглэсэн нь одоо манай музейн гадаадын урлагийн сан хөмрөгийн нэг хэсгийг бүрдүүлж байна. Зураач эдгээр бүтээлүүдийг монголын ард түмэнд байнга дэлгэн үзүүлж байхыг гэрээсэлсэн бөгөөд түүний гэгээн дурсгалд зориулан ОХУ-ын Алтайн хязгаарын Монгол дахь төлөөлөгчийн газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран энэхүү үзэсгэлэн зохион байгуулж байна. Үзэсгэлэн энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)