ОХУ тэргүүлэх чиглэлдээ Африкийг багтаав

Хар тэнгисийн эргийн амралт, сувиллын Сочи хотод болсон дээд хэмжээний уулзалтыг нээж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэхдээ “Сүүлийн таван жилд Орос, Африк хоорондын худалдааны хэмжээ хоёр дахин өсөж, 20 тэрбум ам.доллар давсан. Гэхдээ энэ нь хэтэрхий бага үзүүлэлт. Ирэх 4-5 жилд Африктай хийх бараа эргэлтийг хоёр дахин өсгөх хэрэгтэй” гэж тэмдэглэсэн. “Орос-Африк” дээд хэмжээний түүхэн анхны уулзалт Сочид өнгөрсөн долоо хоногт болж, Африкийн 54 улсын төлөөлөгч, тэдний дунд 40 гаруй Төрийн тэргүүн оролцсон юм. Орос улс Африк тивтэй харилцах шинэ хуудас эл уулзалтаар нээснийг Владимир Путин хэлжээ.

Москва Африкийн нүүрс, алт, алмаас болон байгалийн бусад баялгийн төлөө Өрнөдийн болон Хятад, Персийн булангийн орнуудтай өрсөлдөж буй. В.Путиний хамт дээд хэмжээний уулзалтыг Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси даргалсан. Африктай ОХУ-ын хийж буй бараа эргэлтийн 40 орчим хувь нь Египетэд ногддог юм. Тэрчлэн Сочид ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Матамела Сирил Рамафоса, Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын Төрийн тэргүүн Фостен-Арканж Туадера, Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед иржээ. Сочигийн чуулга уулзалтын зочид В.Путинийг урьж, АНУ, Хятад, Европын Холбоо зэрэг дэлхийн бусад тоглогч хэдийн идэвхтэй ажиллаж буй тивдээ Москваг буцаан ирүүлэхээр хүлээж байгаагаа илэрхийлж байв. Африкийн орнууд Москвад 14 тэрбум ам.долларын зэвсэг захиалсан бөгөөд уулзалтын үеэр үзүүлэн таниулах зүйлсийн олонх нь зэвсэг, галт хэрэгсэл байсан гэнэ. Тухайлбал, “Уралвагонзавод” компани вагоноос гадна “Т-90” танкийн загваруудаа танилцуулжээ. 2014 онд Украины зүүн нутагт байрлуулсан нь Малайзын иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг устгаж, 298 хүн амиа алдахад хүргэсэн пуужингийн “Бук” цогцолбороо “Алмаз-Антей” компани үзүүлсэн байна.

ШЕВАРДНАЗЕГИЙН САНАА РУУ ОХУ ЭРГЭН ОЧСОН НЬ

Түүхэн дээд хэмжээний уулзалт нь Зөвлөлтийн үеийн өөрчлөлт шинэчлэлийн жилүүдэд анх ярьсан боловч 30 жилийн дараа ажил хэрэг болсон санаа аж. Чухал мөчийг ойлгож, нэг ширээний ард В.Путинтэй суусан Африкийн өндөр дээд зочид тус тусын улсын өнгөрснийг өнөөтэй холбохыг оролдов. Дээд хэмжээний ийм уулзалт хийх санал 1989 онд ЗСБНХУ-ын Гадаад хэргийн сайд Эдуард Шевардназе дэвшүүлж байжээ. ОХУ Африк руу эргэн очихоор төлөвлөсний нотолгоо нь энэ удаагийн уулзалт болов. Сочигийн уулзалт Африктай харилцаагаа цогцоор нь хөгжүүлэхэд түлхэц болж, цаашдын хамтын ажиллагааны хэлэлцэх асуудлыг тодорхойлно гэдэгт итгэлтэй буйгаа Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров илэрхийлсэн байна. Дэлхийн эдийн засагт Африкийн эзлэх хувь ойрын жилүүдэд нэмэгдэх учраас худалдаа, хүмүүнлэгийн тусламжаас эхлээд технологийн хамтын ажиллагаа хүртэл бүх фронтоор тус тивийн орнуудтай Орос улс харилцаагаа өргөжүүлэх хэрэгтэй гэж судалгаанд оролцсон шинжээчид үзжээ. Үүний сацуу Африкийг гэсэн АНУ, Хятад, Энэтхэг зэрэг бусад улсын сонирхол тус бүс нутгийн орнуудын зах зээл өргөжин тэлэхийн хэрээр нэмэгдэж буйгаас гадна ОХУ байх ёсгүй гэж эдийн засагчид нь үзсэн байна.

АФРИКИЙН БОЛОМЖ

“Африк нь байгалийн асар их баялагтай, эдийн засгийн боломжтой. Дэд бүтцийн хэрэгцээ нь тэлж, хүн амын тоо эрчимтэй өсөхийн хэрээр эрэлт нь нэмэгдэж байна” гэж В.Путин дээд хэмжээний уулзалтын өмнө өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн. Олон улсын валютын сангийн мэдээнээс үзвэл өнгөрсөн онд Сахарын

цөлөөс урагш орших орнууд дэлхийн эдийн засгийн гурав орчим хувийг эзэлж байв. Ирэх жил эл үзүүлэлт 3.7 хувьд хүрэх боломжтой аж.

ОХУ-ТАЙ ХИЙДЭГ ХУДАЛДАА

Сүүлийн хэдэн жил Орос, Африк хоорондын бараа эргэлт тогтвортой өссөөр, 2018 онд 20.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өмнөх жилийнхээс 17.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Ирэх жил нэмээд 20 хувиар өсөж магадгүй гэнэ. Сочигийн уулзалтын үеэр 800 тэрбум рублийн 50 гаруй гэрээ байгуулжээ. Харьцуулан үзвэл Африкийн орнууд, Хятад хоорондын бараа эргэлт дээд амжилт тогтоох хэмжээнд буюу 166 тэрбум ам.долларт хүрсэн. Хятадын компаниуд Африкийн таван улсын уул уурхайн аж үйлдвэрийг хянадгаас гадна Баруун Африкийн орнууд болон Суданд нефть олборлож байна. Хөрөнгө оруулалт нь 56 тэрбум доллароор хэмжигдэж буй үзүүлэлтээр АНУ Африкт Хятадын дараа орж буй. “Африк нь бараг бүх улс нь амьжиргааны түвшнийг нь даган тэлж буй орон зайтай сүүлчийн макро бүс нутаг. Энэ нь зөвхөн технологийн төдийгүй үндсэн бараа, бүтээгдэхүүн борлуулалтын зах зээл нь хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэн өсөх хэтийн төлөвтэй бүс нутаг хэвээр байна” гэж Оросын эдийн засгийн шинжээч Д.Куликов тэмдэглэжээ.

ХАМТРАН АЖИЛЛАХЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН

Оросын Ерөнхийлөгчийн хэлснээр Африкийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэхийг өнөөдөр зөвхөн Баруун Европын улсууд, АНУ, БНХАУ төдийгүй Турк, Энэтхэг, Персийн булангийн орнууд, Япон, БНСУ, Израил, Бразил хүсэж байна. “Хөрөнгө оруулах, ашиг гаргах хэтийн бодитой төлөв нээгдсэн газар өрсөлдөөн, заримдаа хэрээс хэтэрсэн тэмцэл өрнөдөг нь харамсалтай. Өрнөдийн хэд хэдэн орон Африкийн тусгаар тогтносон орнуудын Засгийн газрыг дарамталж, айлган сүрдүүлэхийг оролдож буйг бид харж байна” гэж В.Путин хэлжээ. Сүүлийн жилүүдэд Африкийн орнууд руу Хятад, Энэтхэг, БНСУ, АНЭУ болон бусад улс эдийн засгийн илэрхий давшилт хийж байна. ОХУ ч Африкийн орнуудтай хамтын ажиллагаанаас хүртэж болох ашиг, хэтийн төлөвөөс хоцрохгүй байхыг эрмэлзэж буй. Этоип, Кот-д’Ивуар, Руанда, Сенегал, Гана улсын эдийн засаг жилд 6-7 хувиар өсөж буйг шинжээч онцолсон. Зөвлөлт, Оросын мэргэжилтнүүд Африкт дэд бүтэц, усан цахилгаан станц, зам, аж үйлдвэрийн чухал объектууд байгуулан өгч, тус тивийн олон мянган иргэн Оросын их, дээд сургуулиудад мэргэжлийн чанартай боловсрол эзэмшсэнийг ОХУ-ын Ерөнхийлөгч ярилцлагадаа дурджээ. “Өнөөдөр Африкийн орнууд, тэдгээрийн эвсэл холбоотой харилцан ашигтай хэлхээ холбоогоо хөгжүүлэн, бэхжүүлэх нь Оросын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм” гэж В.Путин онцлов. Урьд нь тус бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлт байгалийн баялагтай шууд хамааралтай байсан бол өдгөө бусад салбар, тухайлбал, санхүүгийн үйлчилгээ, теле харилцаа тэргүүн эгнээнд гарчээ.

БҮХЭЛ БҮТЭН ТИВД ЗОРИУЛСАН IT ТЕХНОЛОГИ

Өндөр технологиос Африкийн орнууд алслагдмал гэвэл төөрөгдөл болно. Тухайлбал, “Касперскийн лаборатори” тус тивд нэвтрээд хэдийн 10 жил болжээ. Эл компанийн анхны оффис нь ӨАБНУ-д 2009 онд нээгдсэн гэнэ. Африк дахь “Kaspersky” компанийн удирдах захирал Риан Баденхорстын ярьснаар өсөн нэмэгдэж буй энэ зах зээлд гарах шийдвэр нь дэлхийд оролцоогоо өргөжүүлэх талаарх компанийнх нь стратегийн нэг хэсэг болжээ. Африкийн өмнөд, баруун, зүүн хэсэг, тэрчлэн Хойд Африк дахь Ойрхи Дорнодын салбараараа дамжуулан тус тив даяар эл компани үйлчилгээгээ дэлгэрүүлсэн байна.

БЭРХШЭЭЛ

Африкт үлэмж хэмжээний хөрөнгө оруулахад Москвад учрах саад бэрхшээлийн талаар шинжээчид “ОХУ Африкийн зах зээл рүү их болгоомжтой харж байгаа. Улс төрийн дэглэм халагдахаас сэрэмжилж буй. Энэ нь хэдэн зуун сая, бүр тэрбумаар тоологдох ам.долларын санхүүгийн алдагдалд оруулах эрсдэлтэй”-г тэмдэглэжээ. Ташрамд дурдахад, найман жилийн өмнө Муаммар Каддафигийн дэглэм унасны улмаас Ливид Оросын компаниуд асар их гэрээ, тухайлбал, төмөр замын барилгынхыг алдсан. 2011 онд Москва НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1973 дугаар тогтоолыг дэмжсэнээр Өрнөдийн орнууд Ливид цэргийн ажиллагаа явуулахад хүргэсэн билээ.

ОХУ Африкийн тогтвортой дэглэмтэй, тухайлбал, Ангол зэрэг улстай хамтран ажиллах нь гэсэн дүгнэлтийг ажиглагчид хийжээ. Тодруулбал, Африкийн орнуудын олонх нь Вашингтон дэглэмийг нь түлхэн унагаж чадахгүй байгаа Умард Солонгос биш аж. Африкийнх бол Өрнөдийн орнууд эрх баригчдыг нь хялбархан унагачих эмзэг улсууд гэнэ. Тус тив 1.2 тэрбум хүн амтай, ДНБ нь 2500 тэрбум ам.доллароор хэмжигддэг. Санхүүгийн байгууллагуудын өөдрөг хандлага ихэнхдээ зэвсэгт мөргөлдөөний асуудалтай тулгардаг. Африк тивийн гуравны нэг хувийнх нь байдал өдгөө тайван бус байна. Гэсэн ч компаниудын хувьд Африк нь хөгжих ирээдүйтэй бүс нутаг юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)