ОХУ олон улсын спортын томоохон уралдаан тэмцээнд оролцох эрхээ 4 жилээр хасууллаа


Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) Даваа гарагт /2019.12.09/ гаргасан тогтоолоор ирэх зун Олимпын наадамд Оросын төрийн дуулал дахиад намирахгүй болжээ. “Вашигтон Пост” сонинид нийтэлснээр бол ОХУ д олон улсын спортын хоригийг дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх эл шийтгэлийг WADA-ийн 12 гишүүнтэй гүйцэтгэх хороо өнгөрсөн сард санал болгосон байна. Тус хорооны мөрдөн шалгах ажилтнууд ОХУ энэ оны эхээр хар тамхины шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэнийг тогтоосны дараа дээрх саналыг тавьжээ. Оросын допингийн эсрэг “РУСАДА” агентлаг WADA-ийн уг шийдвэрийг гурван долоо хоногийн дотор давж заалдах эрхтэй бөгөөд үүнийг хийх төлөвтэй аж. Спортын Арбитрын шүүх давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэх үүрэг хүлээх юм байна. WADA-ийн эл шийдвэр Орос улсыг Токио хотноо болох 2020 оны зуны наадам, Бээжингийн 2022 оны өвлийн наадамд аль алинд нь албан ёсоор оролцоход асар том саад болж байгаа юм. Гэхдээ Оросын баг, тамирчид допингийн шинжилгээнд “хэрэглэсэн” хариутай эсвэл хариуг хуурамчаар үйлдсэн хэрэгт нэр нь холбогдоогүй бол тэмцээнд оролцох эрх нь нээлттэй аж. 2018 оны Пёнчаны өвлийн наадамд Олимпын туг дор “Оросоос ирсэн олимпын тамирчид" гэдгээр оролцсон билээ. WADA-ийн ерөнхийлөгч Крейг Реди мэдэгдэлдээ "Оросын допингийн хямралтай тулгарсан үед” хатуу шийдвэр гаргах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ. “Оросын допинг хэтэрхий удаан хугацааны туршид цэвэр спортод саад учрууллаа. 2018 оны 9-р сард гүйцэтгэх хороогоор батлагдсан РУСАДА-г нөхөн сэргээх нөхцөлийг Оросын эрх баригчид ноцтой зөрчсөн тул бид ийнхүү хатуу арга хэмжээ авлаа " гэж тэрбээр хэлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)