ОХУ-д коронавир эм худалдаанд гаргав

 Шинэ коронавирусийн халдварын хөнгөн болон дунд зэргийн хэлбэрийг эмчлэх коронавир эмийг ОХУ-д худалдаанд гаргасан тухай “Р-Фарм” компани мэдээлжээ. Эл бэлдмэл нь дижитал кодтой бөгөөд боодол бүрийг хүргэх хөдөлгөөнийг үйлдвэрлэлээс эмнэлэг хүртэл хянах боломжтой гэнэ. Эмийн жинхэнэ, эсэхийг гар утасны “Честный знак” хавсралтаар шалгах аж. “Р-Фарм” групп 2001 онд байгуулагдсан бөгөөд ОХУ-аас гадна Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнууд, АНУ, Герман, Япон зэрэг оронд үйл ажиллагаа явуулдаг.

Америкийн “Амазон” корпорац цар тахалтай холбоотойгоор ажил үүргээ амжилттай гүйцэтгэж буй ажилтнуудаа гэрээсээ ажиллах дэглэмийг аравдугаар сарын 2 хүртэл байсныг ирэх оны нэгдүгээр сарын 8 болгон сунгав.

АНУ даяар энэ сарын эхний байдлаар эдийн засгийн идэвх өссөн үзүүлэлт гарсан ч цар тахлын өмнөх үеийнхээс үлэмж доогуур түвшинтэй байгааг тус улсын Төвбанкны “Бор ном”-д дурджээ. Үүнд тус улсын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн байдал болон хэтийн төлөвийг тусгадаг юм. Эл баримт бичгээс үзвэл, ажилгүйдлийн түвшин аажмаар буурч, үйлдвэрлэлийнх нь түвшин дээшилсэн байна. БНХАУ коронавирусийн халдварын тархалтыг хяналтад авч, эдийн засгаа сэргээсэнтэй холбоотойгоор тус улсын ДНБ энэ оны хоёрдугаар улиралд 3.2 хувиар өсжээ. Эл үзүүлэлт нь эхний улиралд түүхэнд байгаагүйгээр буюу 6.8 хувиар буурсан ч тус улс “Ковид-19” энэ оны эхнээс дэлхийн эдийн засагт их хэмжээний хохирол учруулснаас хойш эерэг өсөлт үзүүлсэн анхны томоохон эдийн засагтай орон болсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)