ОХУ-д зохиогдсон MITT үзэсгэлэнд манай улс анх удаагаа оролцлоо

"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд шууд нислэгтэй орнууд руу чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлж, хөрш орноос ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Японд зохиогддог олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд оролцохоор төлөвлөсөн. ОХУ-ын Москва хотод зохиогдсон 23 дахь удаагийн MITT үзэсгэлэнд Улаанбаатар хот анх удаагаа оролцлоо. 

2015 оноос эхлэн олон улсын аялал жуулчлалын зах зээлд Улаанбаатар хотыг соёлын болон бизнес жуулчлалын бие даасан зорих газар болгон сурталчлах ажил эхэлсэн бөгөөд 85 орны 2000 гаруй аялал жуулчлалын байгууллага улс, хот, аяллын бүтээгдэхүүнээ танилцуулсан тус үзэсгэлэнд анх удаа Монгол улсаас Нийслэлийн Аялал жуулчлалын газар, МИАТ ХК, Нью Жуулчин групп оролцлоо. Үзэсгэлэнг 32.000 гаруй мэргэжилтнүүд үзэж сонирхсоны 54 хувь нь аяллын агент, 21 хувь нь тур оператор, 9 хувь нь байр сууцны үйлчилгээ эрхлэгчид, 8,4 хувийг мэдээллийн технологи, тээврийн компаний төлөөлөгчид байсан байна. 

Үзэсгэлэнгийн үеэр нийслэлийн Аялал жуулчлалын газар хот, хот орчмын аяллын үзмэрүүд,  МИАТ ХК Москва-УБ-Москва болон Улаанбаатараас эхлэлтэй олон улсын нислэгүүд, Нью Жуулчин групп "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохиогдох соёлын аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг онцгойлон сурталчиллаа. Үзэсгэлэнгийн албан ёсны дэмжигчээр НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, түнш орноор Израйль улс ажиллалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)