“Охиныхоо өрөөнд ороод амсхийх зуураа гитар тоглосон”

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өчигдөр мэдээлэл хийж, “Хятад иргэдийг Монголд визгүй зорчуулах нь” гэх ээлжит дуулианд тайлбар өглөө. Салбарын сайдын хэлснээр өнгөрсөн жил Монгол Улсад 404 мянган жуулчин ирж, эдийн засагт 312 сая ам.долларын хөрөнгө оруулжээ.

Жуулчны тоо талаас нь харвал энэ нь жил ирэх тусам буурч буй үзүүлэлт бөгөөд хятад жуулчдын тоо улам бүр багасаж буй гэнэ. Энэ нь виз авахад маш хүндрэлтэй, агаарын тээврээр зорчих үнэ өндөр, жуулчдад санал болгох бүтээгдэхүүний нэр төрөл цөөн зэрэг тодорхой хэдхэн шалтгаантай.

Үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар Байнгын хорооны хуралдаанаар ярилцах үеэр сайдын ярьсан нь олон нийтэд буруу ойлгогдсон гэнэ. Ингээд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Гадаад харилцааны сайд “Бүлэг жуулчныг визгүй зорчуулах тухай асуудал байхгүй, Д.Оюунхорол сайд буруу ойлгосон байна” гэсэн тайлбар хийсэн.

-Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлага тулгарч буй талаар орон нутгийн удирдлагууд хэлж байгаа. Цаанаасаа орж ирээд, Дорнод аймгийг үзээд гарах жуулчид Улаанбаатарт ирж виз авдаг байж таарахгүй. Тиймээс бүлэг жуулчинд визийн хөнгөлөлт үзүүлэх талаар Гадаад харилцааны болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран ажиллаж байгаа.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд би энэ тухай ингэж л ярьсан. Тэдэнд яаж хөнгөлөлт үзүүлэх вэ гэдэгт онцгой анхаарах ёстой. Бүлэг жуулчин гэдэг нь аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагаар дамжин, нарийн зохион байгуулалттай орж ирж буй хэлбэр. Бүлэг жуулчин оруулж ирэхгүйгээр Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжгүй гэдэг нь ийм учиртай. Манай улсын хувьд 15-30 хүртэлх хүнийг бүлэг жуулчин гэж үздэг. Хамт ирсэн хүмүүсээс нэг нь л байхгүй бол бүлэг жуулчдыг бүхэлд нь хилээр нэвтрүүлэхгүй.

Замын-Үүдийн боомтоор 2015 онд 13900 хятад жуулчин нэвтэрсэн байдаг. Нэг удаагийн, хил орчмын аялал жуулчлалын үнэмлэхээр нэвтэрч байсан жуулчдыг АСЕМ зохион байгуулахтай холбоотойгоор 2016 оны хоёрдугаар сараас хүлээж аваагүй. Одоо үүнийгээ сэргээх тухай ярьж байгаа болохоос шинэ зүйл биш.

Нөгөө талаас Монгол Улсад хятад иргэд визгүй зорчих тухай ямар ч шийдвэр гараагүй, гарах ч үгүй. Ингэж монголчуудыг талцуулах, гадаад харилцаанд маш эмзэг сэдвийг мэдээллийн хэрэгслээр цацаж байгааг нь буруу.

-Таны ажлын байрандаа бололтой гитар тоглож буй зураг олон нийтийн сүлжээгээр нэлээд шүүмжлэл дагуулж байна. Та үүнд тайлбар хийнэ үү?

-Энэ зургийг гаргаж тавьсанд үнэндээ гайхсан. Тэр бол Төрийн ордон болоод яаман дахь албан өрөө биш. Өөр аль нэг яамных ч биш. Байгуулсан сургууль дотроо, охиныхоо өрөөнд ороод амсхийх зуураа гитар тоглосон. Сонгуулийн өмнө авсан зураг. Ямар хүн зураг авсныг ч мэдэж байгаа.

Зураг дарахад нь би “Битгий” гээд гараараа хаасан хэсгийг гаргаж тавьж байгаа нь Монголд өнөөдөр хүн чанар хаашаа явж байгаа юм бэ гэдгийг бодоход хүргэж, бид бие биенийгээ хэмлэж идэх аян дайнд мордсоны нэг жишээ. Тэнд архи, дарс уугаагүй. Монголын төрд 20 жил зүтгэхдээ албан өрөөндөө архи, дарс ууж байгаагүй.

Бие маань хүлээж авдаггүй учраас хэрэглэдэггүй. Гэхдээ найз, нөхөдтэйгөө дуугаа дуулаад хамт сууж чаддаг. Би ядарсан үедээ, чөлөөт цагаараа гитар тоглох дуртай. Улстөрч болсон гээд гитараа хэзээ ч орхиогүй. Олон ч гитар бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)