Охид үтрээний үрэвслийг БЗДХӨ гэж андуурдаг

Бэлгийн Замаар Дамжих Халдварт Өвчин нэг үеэ бодвол намжсан мэт чимээгүй байгаа ч далд хэлбэрээр оршсоор байна. 2017 онд 21067 тохиолдол бүртгэгдсэний 80,1 орчим хувийг арван таваас гучин тав хүртэлх насны залуучууд эзэлж байна.

Энэ өвчний талаар хүмүүс тодорхой хэмжээний ойлголттой боловч шинж тэмдгийг нь төдийлөн мэдэхгүйгээс болоод бусад эмгэгүүдтэй андуурч өөртөө буруу онош тавьдаг.

Бэлгийн замаар дамжин халдварладаг 20 гаруй өвчин бий. Үүнд:

  • Тэмбүү
  • Заг хүйтэн
  • Хламидоз
  • Микоплазмид
  • Трихомопиаз
  • Кандидоз
  • Гарднереллд
  • Бэлгийн герпес
  • ДОХ-ын халдвар гэх мэт.

ХДХВ/ДОХ-ын халдварыг “Дэлхий дахинаа 37 сая орчим хүн тээж байгаагаас 19 сая нь халдвартайгаа мэдээгүй явж байна” гэсэн тоо мэдээ байдаг.

БЗДХӨ-үүдээс гадна эмчид ханддаг хамгийн түгээмэл асуудал бол үрэвслийн гаралтай зовуурь байдаг. Охид бэлгийн харилцаанд огт орж үзээгүй мөртлөө халдварт өвчин тусчихлаа гэж андуурах тохиолдол ч байдаг гэнэ. Энэ талаар Лиза эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Д.Цэрэндолгор хэлэхдээ

“Охид эмэгтэйчүүд БЗДХӨ тусахаас илүүтэй бактерийн гаралтай үтрээний үрэвсэл илэрсэн байдалтай бидэнд ханддаг. Энэ нь заавал хэн нэгнээс халдвар авсан гэсэн үг биш. Үтрээний үрэвсэл, умайн хүзүүний шархлаа зэрэг нь БЗДХӨ биш хоёр тусдаа ойлголт юм. Үтрээ нь чийглэг, дулаан байдаг учир эмгэг төрөгчид үржихэд тохиромжтой орчин юм. Гэхдээ үтрээнд байх ёстой ашигтай бактери гэж байдаг. Тэр бактери нь хангалттай хэмжээнд байхгүй бол үтрээний үрэвсэл үүсэх магадлал ихэсдэг” гэв.

Үтрээний үрэвслийн эмгэгүүдийг хүснэгтээр:

Тэгэхээр охид бүсгүйчүүд маань хувийн ариун цэврээ сайтар сахихын хажуугаар ашигтай бактериа устгахгүй байх нь чухал юм. Үүний тулд дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу

Нэгдүгээрт агаарын солилцоо явагдах боломжтой өмд, дотуур хувцас сонгох хэрэгтэй. Хамгийн тохиромжтой сонголт бол даавуун дотуур хувцас, өргөн өмд юм. Мөн дотуур хувцсаа өдөр бүр сольж хэвшээрэй.

Хоёрдугаарт бэлгийн ариун цэврээ сахихдаа зөвхөн гадна талыг бүлээн усаар угаахад болно. Хүчтэй угаах, тохиромжгүй саван хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Гуравдугаарт ариун цэврийн хэрэглэлийг хоёр цаг тутамд нэг солих шаардлагатай. Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирсэн үед бактери үржих таатай нөхцөл бүрддэг тул энэ үеэр илүүтэй загатнаж магадгүй.

Дөрөвдүгээрт бэлгийн нэг л хамтрагчтай байх хэрэгтэй.

Тавдугаарт дур мэдэн антибиотик хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Зургаадугаарт 00-ын цаасны хэсэг үтрээндээ үлдээхгүй шалгаж байх хэрэгтэй.

Эмэгтэйчүүд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт хандаагүйгээс өвчнөө улам хүндрүүлдэг. Тиймээс дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандана уу.

1. Үтрээнийн ялгадас ихсэх

2. Ялгадасны өнгө, үнэр үүсгэгчээс хамааран өөр өөр байна. /ногоон, шар, бижирмэгтэй хөөсөрхөг эвгүй үнэртэй/

3. Үтрээний салст хөөж, улайх

4. Загатнах

5. Зарим үед бэлгийн харьцааны үед өвдөх.

Нарийн мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандаж шинжилгээ, эмчилгээг хийлгэвэл архагших улмаар хүндрэлээс урьдчилан сэргийлж чадна. Үтрээний үрэвслийн шинж тэмдгүүд нь зарим үед бэлгийн замын халдваруудтай төстэй бөгөөд олон шалтгаанаар үүсдэг учир ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай үзуулж шинжлүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн өвчнийг эрт эмчлүүлбэл эдгэдэггүй өвчин гэж байдаггүй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)