Охидын үзлэгийг сэргээе

Бүү эмзэглээрэй. 12, 13 настай охид бэлгийн харьцаанд орж, үр хөндүүлж байна. Дэгж дэрвэх насандаа хүчирхийллийн золиос болсон нь ч цөөнгүй. Сэтгэл зүрх, эд эрхтнээ эрэмдэглүүлсэн охид хазгай гишгэн, бэлгийн замын халдварт өвчин тээгч, бас түгээгч болж хувирсны бурууг өнөөгийн “араатан” нийгмээс хайх гээд оролдъё.

Насанд хүрээгүй охидын эрүүл мэндийн асуудал “тэсэрч” эхэллээ. Улсын хэмжээнд нэгдсэн судалгаа байхгүй ч мэргэжлийн байгууллага охидын хүчирхийлэл, үр хөндүүлсэн байдал, бэлгийн замын өвчин туссан зэрэг тоон судалгааг дор бүрнээ гаргасаар байна.

Мэдээж цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг, эмнэлэгт хүсээгүй хүүхдээсээ татгалзсан охидын тоо энд гарна. Түүний цаана арьсаа хамгаалсан ар гэрийнхнийх нь “хүсэлтээр”, бусармаг үйлдлээ нуун дарагдуулсан өч төчнөөн хэрэг бийг олон улсын байгууллагууд судалж тогтоожээ. Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн нэг хэргийн цаана 10 хохирогч нулимсандаа “живж”, насаараа нууцаа тээн амьдардаг гэх.

“БЭЛГИЙН ХАРЬЦААНД ЭРТ ОРВОЛ ҮРГҮЙДЭХ ЭРСДЭЛТЭЙ”

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийн хохирогчдын 46.8 хувь нь 0-17 насны охид. Тэдний 87 хувь нь сурагчид тул “Өнөөдөр” сонин охидын үзлэгийг сэргээхийг дахин дахин уриалж байгаа билээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хохирсон бол эрт үед нь илрүүлэх, эмчийн болон сэтгэлзүйчийн тусламж цаг алдалгүй үзүүлэх шаардлага хэдийн тулгарчээ.

2000 оны эхэн үе хүртэл охид, хөвгүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийг улирал бүр, заримдаа жилд нэг удаа шалгадаг байв. Энэ нь өсвөр үеийнхнийг эрсдэлээс хамгаалах маш зөв бодлого байсныг эмч нар хэлэв. Охидын үзлэг нь дан ганц бэлгийн харьцаанд орсон, үгүйг шалгах тухай ойлголт огт биш. 

Тэдэнд нөхөн үржихүйн эрхтнээ хэрхэн эрүүл байлгах, дотуур хувцсаа зөв тохируулж өмсөх, цаашлаад хэдэн насанд бэлгийн харьцаанд орвол зохистой, эсэхийг, халдварт өвчин, хүсээгүй жирэмслэх, үр хөндүүлэх зэрэг нь ямар хор хөнөөлтэйг давхар анхааруулдаг байж. Түүнчлэн хүчирхийллийн хэрэг, хэрэгтнийг илрүүлэх ач холбогдолтой байсан гэдэг. 13-17 настай охидыг “энгэр зөрүүлж” болохгүй гэж хэлээгүй. Энэ нь хувь хүний эрхийн асуудал. 

Гэвч монгол хүний бие махбод боловсорч, үр жимсээ “соёолуулах” нас нь 21-45 гэж анагаах ухаанд тэмдэглэжээ. Үүнээс эрт бэлгийн харьцаанд орох нь охидын сарын тэмдэг алдагдах, заримынх нь өндгөвчний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, үргүйдэх эрсдэлтэйг мэргэжлийн хүмүүс ярина лээ.

ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн эрхлэгч М.Мөнххишиг “ДЭМБ-ын тодорхойлсноор 10-19 насныхныг өсвөр үе гэж нэрлэдэг. Манай улсын хүн амын 15 орчим хувийг өсвөр насныхан эзэлж байна. Аль ч цаг үед өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн олон асуудал тулгамдсаар ирсэн. Тэдний дунд бие махбодын хөгжил, амьсгалын болон хоол боловсруулах эрхтний, бөөр, шээс ялгаруулах замын өвчин их.

Гэвч нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал “хурц” байна. Учир нь XXI зууны өсвөр насныханд тулгамддаг бэрхшээл нь хуучин цагийнхнаас тэс өөр. Цахимаар ямар ч хамаагүй мэдээллийг шүүлтүүргүй авах болсон. Тэдний үзэж харж буй зүйлийг хянаж чадахаа байлаа. Бэлгийн бойжилт нь эрт явагдаж, үүнээс болж хүсээгүй жирэмсэлж, үр хөндүүлэх нь нэмэгдсэн. Цахимаар хэн нэгэнтэй танилцан, хүчирхийллийн золиос болж, бэлгийн замын халдвар авах нь олон. 

Өсвөр үеийнхнийг эгнээндээ элсүүлдэг цахим сайт ч олширсон. 10-19 нас бол бие, сэтгэл зүйн хувьд өсөж хөгждөг, өвөрмөц үе. Энэхүү шилжилтийн нас хүний амьдралын маш чухал хэсэг. Тиймээс энэ насанд нь тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн харилцаанд хэвийн оролцоход хэн нэгний тусламж, дэмжлэг хэрэгтэй байдаг” гэсэн юм.

ОХИНОО ТӨРӨХ ГЭЖ БАЙХАД НЬ МЭДЭЭГҮЙ ЭЦЭГ, ЭХ Ч БАЙНА

М.Мөнххишиг эрхлэгч охидын үзлэгийг сэргээхийн ач холбогдлыг дараах байдлаар тодорхойлов. Тэрбээр “Урьдчилан сэргийлэх бусад үзлэгийг хүмүүс нэг их тоодоггүй. Нөхөн үржихүйнх гэхээр тэс өөр ханддаг. Охидыг хуучин нийгмийн үеийнх шиг үзлэгт хамруулах хэрэгтэй. Гэхдээ учир бий. Тэдэнд урьдчилан мэдээлэл өгөх, хэрхэн үздэг талаар болон ач холбогдлыг нь ухуулан, ойлгуулах нь чухал. 

Өнөөгийн өсвөр насныханд дан ганц бие махбодын үзлэг хийгээд зогсохгүй, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, эмч нар уялдаж ажиллах цаг ирсэн. Тэдний нууцыг чанд хадгалдаг, итгэлийг нь хүлээдэг орчныг сургууль бүрдүүлэх ёстой. Охидын үзлэгийг сэргээвэл хөвгүүдтэй ч давхар “ажиллана” гэж ярилаа.

ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникт хүчирхийлэлд өртсөний улмаас жирэмсэлсэн, бэлгийн замын халдвар авсан хүүхэд хандах нь элбэг аж. Тэд эрүүл мэнд, амиараа дэнчин тавьж, эрсдэлтэй алхам хийхэд хүргэсэн үйлдэл бүрийн ард эрчүүд бий. “Хүчирхийллийг бууруулахын тулд ганцхан охидын үзлэг хангалтгүй. 

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх, ямар үйлдлийг хүчирхийлэл гэдгийг хөвгүүдэд багаас нь ойлгуулах нь чухал. Сурагчид яавал эмчид, ямар тохиолдолд сэтгэлзүйч, нийгмийн ажилтанд хандах ёстойгоо сайн мэддэггүй. Нийгмийн олон хүчин зүйл 10-19 насныхныг эрсдэлтэй алхам хийхэд хүргэж байна. Нийгмээрээ өсвөр үеийнхнээ хамгаалах кампанит ажил өрнүүлэхгүй бол эмч, багш, эмнэлгийн байгууллага дийлэхээ больсон. 

Түүнээс гадна үр хүүхдээ бусармаг үйлдлээс хамгаалах хамгийн гол үүргийг эцэг, эх хүлээх ёстой. Гэвч хүүхэдтэйгээ ярилцдаггүй, сэтгэл зүй болоод биед нь ямар нэгэн өөрчлөлт гарсныг анзаарахгүй байна. Охиноо 37 долоо хоногтой жирэмсэн болсныг мэдээгүй эцэг, эх ч байна” гэж тус клиникийнхэн халагласан.

ЖИРЭМСЭН 132 ОХИНЫ 9.8 ХУВЬ НЬ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТЖЭЭ

2017 онд 80 мянга гаруй эх амаржсаны 4.9 хувь нь өсвөр насны охид байсныг 2018 онд хэвлүүлсэн Монгол Улс дахь эх, хүүхдийн өвчин, эндэгдлийн бүрдэл судалгаанд дурджээ. Түүнчлэн бэлгийн замын халдварт өвчин туссан хүмүүсийн 12.3 хувь нь 15-19 насныхан байна. Насанд хүрээгүй охид үр хөндүүлсэн явдал нийт тохиолдлын 5.3 хувийг эзэлж буй нь мөн л тулгамдсан асуудал болов. 

Судалгаанаас харахад шилжилтийн насны 10 охин тутмын нэг нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Тиймээс 2015 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдэд Өсвөр үеийн кабинет ажиллуулан, мэдээллүүдээ нэгтгэдэг болсон аж. Шилжилтийн насныхан хүн амын харьцангуй эрүүл бүлэг ч урьдчилан сэргийлэх үзлэгт түүвэрлэн хамруулахад жил ирэх тусам ямар нэгэн өвчин тээх нь эрс нэмэгдэх болжээ.

2015-2017 онд ЭХЭМҮТ, дүүргүүдийн эмнэлэгт жирэмсэн 132 охин хандсаны 9.8 хувь нь хүчирхийлүүлсэн байж. 10-14 насандаа хүүхэд “олсон” 30 охин ч бий аж. Тэгвэл улсын хэмжээнд бүртгэсэн тоогоор дээрх онуудад 15-19 насны 337 хүн бие давхар болжээ. Эмч нарын хэлснээр энэ насныхны жирэмслэлт ихэнхдээ үр хөндүүлснээр төгсдөг байна.

Улсын ерөнхий прокурорын газрынхны судалгаагаар 2017 онд 56 хүүхдийг олон жилийн турш хүчирхийлж байсан нь шүүх, цагдаагийнхны мөрдөн байцаалтын явцад ил болсныг өмнөх нийтлэлдээ бид онцолсон. Тэдний олонх нь эмэгтэй сурагч. Хэрэв ерөнхий боловсролын сургуулиудад охидын үзлэг хийдэг болчихвол цаашид энэ төрлийн гэмт хэргийг өөгшүүлэхгүй, өсвөр насныханд тулгамдаж буй асуудлыг нэгээр ч болтугай цөөлөх боломж бийг дахин хэлэх нь зүйтэй болов уу.

“Хүмүүсийн тэр бүр анзаарааад байдаггүй боловч хамгийн чухал сэдвийг хөндөж, “дуут дохио” өгч буй “Өнөөдөр” сониныхонд талархаж байна. Ул сын маань ирээдүй болсон охид, хөвгүүдэд эрүүл мэндийн боловсролыг багаас нь, үе шаттай эзэмшүүлэх нь маш зөв. Охид төдийгүй хөвгүүдийг ч зөв хүмүүжүүлэх, хувь хүн болгон төлөвшүүлэх асуудал орхигдсонд сэтгэл зовниж явдаг. 

Үүний улмаас бэлгийн харьцаанд хэт эрт орох, сэтгэл хөдлөлөөр амьдралд хандаж байна. Биендээ аархаж ярихаас биш хор уршгийг нь мэддэггүй. Тиймээс эх орноо,эцэг, эхээ хүндэлж, хайрлах үзлээс эхлээд эмэгтэй хүнтэй зүй бусаар харилцахгүй байхад нь бид туслах хэрэгтэй. Охид, хөвгүүдийн үзлэгийг сэргээж, хэвшүүлэх нь олон талын ач холбогдолтой. Наад зах нь гэр бүлээ зөв төлөвлөж сурна” гэж төрөх эмнэлэгт олон жил ажилласан О.Энхмаа эмч хэлэв.

ОХИДЫН ҮЗЛЭГИЙГ СЭРГЭЭХИЙГ ОЛОН НИЙТ ДЭМЖИВ

“Охидын үзлэгийг сэргээе” нийтлэл хэвлэгдсэн даруйд нийгмийн сүлжээгээр олон мянган хүнд хүрч, олонх нь дэмжиж, бас эсэргүүцсэн нь бий. Түүний дараа “Өнөөдөр” сонин охидын үзлэгийг сэргээх нь зөв, буруу эсэхэд олон нийтээс санал авахад 80 гаруй хувь нь дэмжиж, үлдсэн нь татгалзсан.

Мэргэжлийн байгууллагууд ч манай нийтлэлийн дараа эл сэдвийг хөндөж эхлэв. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 6-нд, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллага хамтран зөвлөлдөх гэж байна.

“Охидын бэлгийн халдашгүй байдлыг хангахад төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт эл уулзалтаар мэргэжлийнхэн тоон мэдээллүүдээ нэгтгэж, насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хууль эрх зүйн орчныг хохирогчдод ээлтэй болгох нь уг арга хэмжээний зорилго аж. “Эдүгээ цагдаагийн байгууллагад хандсан, насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хоёр хэрэг тутмын нэгийг нь хэрэгсэхгүй болгож байна” гэж албаны хүмүүс хэлэв.

Эцэг, эхчүүд, эмч, багш нар мөн манай нийтлэлийн дараа санал сэтгэгдлээ хуваалцсан. Олон хүн “Хэрэв охидын үзлэгийг сэргээвэл болгоомжтой хандах хэрэгтэй”-г мэргэжлийн хүмүүст уламжлахыг хүссэн. Учир нь нийгмийн олон хүчин зүйлээс болж өсвөр үеийнхэн гангар шаазан шиг “хагарчих” гээд байдаг талтай. Хариуцлагагүй эмч, багшийн санамсаргүй унагасан үгнээс болж хазгай гишгэх вий гэсэн болгоомжлол эцэг, эхчүүдэд байсныг энд дурдъя.

Манай хойд хөршид одоо ч гэсэн өсвөр насныхныг нөхөн үржихүйн үзлэгт хамруулдаг хэвээр. Сурагчийнх нь нууцыг ангийн багшид нь эмч хэлээгүйгээс том хэрэг мандаж, шүүх, цагдаа дээрээ тулсан нь бий. Үүнтэй адил сурган хүмүүжүүлэгчид, сургуулийн эмч, нийгмийн ажилтнууд хүүхдүүдийнхээ итгэлийг дааж, харилцан итгэлцсэний үндсэн дээр энэ ажил урагшлах учиртай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (30)