Оффшор компаниуд Монголд найман тэрбум долларын хөрөнгө оруулжээ

- Манай улс хэзээ оффшор бүстэй болох вэ -

Улс төрийн намууд сонгууль бүрийн өмнө ямар нэг сүр дуулиантай сэдэв гарган ирж, монголчуудыг талцуулж, хямруулж, сонголтод нь нөлөөлөхийг оролддог байдал энэ удаад ч давтагдаж эхэллээ. Өнөөдөр хөндөгдөөд байгаа оффшор дансны асуудал ч ийм сэдвүүдийн нэг. Уг нь сонгууль бол улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийн өрсөлдөөн байх учиртай. Гэтэл манайд улстөрчид нь бие биеийнхээ булхайг илчлэх, “гэмт хэрэгтэн”-ийг эрэн сурвалжилж илрүүлэх их аянаар өрсөлддөг болсон нь Монголын улс төр, нийгмийг улам бохирдуулаад байна.

Сүүлийн үед үүндээ гадаадын захиалгат сэтгүүлч, пиарчдыг татан оролцуулах болсон нь Монголын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч мэдэх нь. Сонгууль болдгоороо болоод өнгөрнө. Үүний дараа амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Тиймээс их хэмжээний өрөө хэрхэн, яаж, юугаар төлөх вэ гэдгээс эхлээд эдийн засгаа аль нам нь сэргээж, өндийлгөх нь ард түмэн, сонгогчдод илүү чухал байна.

Ард түмний бүсээ чангалан туулж буй эдийн засгийн хямрал улстөрчдөөс үүдэлтэй. Юунд зарцуулсан нь тодорхойгүй, Засгийн газрын “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны гээд хэдэн зуун сая ам.долларын зээлийг ард түмэн хоолны мөнгөнөөсөө илүүчилж төлнө. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээлийг 2017 оны гуравдугаар сараас, “Чингис” бондын 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сараас гээд ар араасаа цуврах их өрийг төлөхөд арван сар буюу 300 гаруйхан хоног үлдээд байна. Гэтэл “Оюутолгой” төсөл үргэлжилбэл орж ирэх мөнгөний сургаас өөр ямар ч том хөрөнгө оруулалт алга байна. Өрөө хэрхэн барагдуулах төлөвлөгөө ч алга. Одоогийн улстөрчдийн ээлж удахгүй дуусна. Цаашид энэ улс орон, ард түмэн юугаар, яаж амьдрах вэ? Хамгийн гол нь бид энэ захиалгат улс төрд авталгүй, зөв ойлголттой болох нь л юу юунаас чухал юм. Тиймээс оффшор бүс, оффшор компаниудын талаарх олон улсын болон Монголтой холбоотой мэдээллүүдийг судалж, аль нэг нам, улстөрчийн талд үйлчлээгүй, албан ёсны баримтад суурилсан мэдээллийг хүргэж байна. Ялангуяа оффшор бүсэд бүртгэлтэй компаниуд Монголын эдийн засагт ямар үр өгөөжтэйг хүргэхийг хичээлээ.

Монголчууд өмнө нь энэ тухай эергээр ярьж, Улаанбаатарыг санхүүгийн оффшор болгох санаачилга гаргаж байсан билээ. Гэтэл Монголд өдгөө өрнөөд буй оффшорын эсрэг “дайнаас” болж зарим компанийн хөрөнгө оруулалт ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдож эхэлсэн талаар бизнесийнхэн ярьж байна. Оффшор компани бол олон улсад хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн татварын хөнгөлөлттэй бүсэд бүртгэгдэж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй субъект. Ийм компани Монголд, ер нь аль ч улсад үйл ажиллагаа явуулсан ч тухайн оронд хөрөнгөө оруулахаас гадна хууль ёсны бүх татвар, хураамжаа төлдөг. Оффшор бүсэд бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулж буй орныхоо улс төрийн тогтворгүй байдлаас хараат бусаар бизнесийн хувьд эрсдэлгүй, тогтвортой байх орчноо л хамгаалж буй юм.

Оффшор гэдгийг хамгийн энгийнээр монголчилбол олон улсын бизнесийн зах зээл дэх эдийн засгийн чөлөөт байдал гэж ойлгож болно. Уг бүс дан ганц Панамд байдаггүй. АНУ, Англи, БНХАУ-ын Хонконг, Швейцарь, Нидерланд, Израиль болон чөлөөт эдийн засагтай Европын олон оронд 50 гаруй оффшор бүс бий. Ганц баялгаараа, уул уурхайгаараа хөрөнгө оруулагчдыг татах биш, дэлхийд эргэлдэж буй их мөнгөний урсгалыг татах замаар улсынхаа эдийн засгийг арвижуулахын тулд улс орнууд эдийн засгийн чөлөөт бүстэй болдог. Оффшор бүс, компани бол тухайн улс руу хөрөнгө татдаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөний “соронз” гэж ойлгож болно.

Монголчууд бид 20 орчим жилийн тэртээ эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчноо бүрдүүлж, мөнгөний “соронз”-той болохыг оролдсон. Алтанбулагийн чөлөөт бүс, Замын-Үүдийн чөлөөт бүсийн талаар сонсоогүй монгол хүн байхгүй. Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлалыг УИХ-ын 1995 оны 87 дугаар тогтоолоор баталж байв. Улмаар 2002 онд Чөлөөт бүсийн тухай хууль, 2002 онд Алтанбулагийн, 2003 онд Замын-Үүд, Цагааннуурын худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль баталжээ. Гэвч одоо хүртэл бид “оффшор буюу чөлөөт бүс”-ийн талаар мэдлэг, мэдээлэлгүй, гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулж, бизнес, санхүүгийн тогтвортой орчин бүрдүүлэх талаар ажиллаж чадсангүй. Эдгээр чөлөөт бүс өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засаг руу мөнгө цутгах биш, харин ч төсвийн хэдэн төгрөгийг элс шиг шингээснээс өөрөөр үр өгөөж өгсөнгүй. Харин эдийн засгийн чөлөөт бүсээ амжилттай хөгжүүлсэн улсад бүртгэлтэй оффшор компаниуд...

Үргэлжлэлийг уншина уу


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)