Оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулахыг хориглох төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны есдүгээр сарын 28-ны өдөр болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулахыг хориглохтой холбоотой  төслийг УИХ-д өргөн барина

Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа эзэмшсэн, банкны данс нээсэн тохиолдолд тэднийг авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, энэ хэрээр төрд итгэх иргэдийн итгэл буурч байна.

Иймээс Засгийн газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо.

Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан тушаалтанд оффшор бүсэд өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулах зэргийг хориглох, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг төсөлд тусгасан байна.

Хууль батлагдсанаар төрийн албан тушаалтны ёс зүй, хууль дээдлэх үүрэг, хариуцлага нэмэгдэж, иргэд, бизнесийнхэн төр, төрийн байгууллагад итгэх итгэл нэмэгдэн, авлигын эсрэг хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж Засгийн газар үзлээ.

Манай улсад 110 орны 13140 хамтарсан болон дагнасан хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэний 920 нь буюу долоон хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид юм байна. 1990-2015 оны хооронд Монгол Улсад нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орсны 10.8 тэрбум ам.доллар нь оффшор бүсийн улс орнуудаас хийгджээ.

Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч байхыг уриаллаа

Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг Засгийн газраас ард иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, хөрөнгө оруулагч, хувийн хэвшил, үйлдвэрлэгчдэд уриаллаа.

Уриалгад : “Улс орны эдийн засаг хүнд байгаа өнөө цагт Та бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн сонголт хийх нь хүндрэлээс гарч, өсөлтийг дэмжихэд ихээхэн хувь нэмэр болно.

Үндэсний үйлдвэрлэгчид олон жилийн турш хүчин чармайлт гарган ажиллаж, техник, технологио шинэчлэн сайжруулсны дүнд импортыг орлох бүтээгдэхүүний нэр, төрөл нэмэгдэж, чанар нь дээшлэн, дотоод, гадаад зах зээлд өрсөлдөх чадвар, нөөц, боломж бүрдлээ.

Иймд өрх гэрийн болон байгууллагынхаа хэрэгцээнд шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг сонгохдоо Монголдоо үйлдвэрлэснийг худалдан авч, хэрэглэн улс орныхоо эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна” гэжээ.

Засгийн газар үндэсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дараах үүргийг төсвийн ерөнхийлөн захирагч нар өглөө.

  • Засгийн газрын 2015 оны 336 дугаар тогтоолоор баталсан жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, жагсаалтад багтсан бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг судлан, санал боловсруулж танилцуулах
  • Стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогоор дэмжихийг судалж шийдвэрлэх
  • Үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх тохиолдолд сонгон шалгаруулалтад харгалзан үзэх хөнгөлөлтийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль тогтоомжид  нэмэлт, өөрчлөлт замаар тусгахыг судалж, санал боловсруулан танилцуулах
  • Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт хийсэн байгууллагыг урамшуулах, худалдан авахыг дэмжсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байх зэргийг үүрэг болголоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)