ОУПХ-ны төлөөлөгчид Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай уулзахыг хүсэв

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой асуудлаар Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид манай улсад ажиллаж байна. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, дээрх хэргийг судлах үүрэгтэй түр хорооныхон болон УИХ дахь АН-ын зарим гишүүн тэдэнтэй тус тусдаа уулзлаа. 

Хүний эрхийн хорооны дарга Александра Жерков УИХ-ын дэд даргатай уулзахдаа уг хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг дарамталж, хэрэг хүлээлгэж буй бичлэгийг үзэх боломжоор хангаж өгөхийг хүссэн байна. Мөн УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд нас барсан талаар анхааралдаа авч ажиллахаа тэмдэглэжээ. АН-ын гишүүн Д.Эрдэнэбат, талийгаачийн дүү П.Батсайхан нар тэдэнтэй уулзаж, уг хэрэгт холбогдох хүсэлтээ уламжилсан юм.

Түр хорооны дарга Ж.Батзандан, Л.Болд нар ОУПХ-ны төлөөлөлтэй ярилцсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бөгөөд тэд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай уулзахыг хүссэнийг уламжилсан. Түр хорооны зүгээс гурван шатны шүүхийн шийдвэртэй танилцах хүсэлтээ илгээгээд буй аж. Анхны шатны шүүхийн шийдвэр нууцын зэрэглэлгүй болсон. 

Харин бусад шатны шүүхийн зарим шийдвэрийг нууцын зэрэглэлээс гаргасан, эсэх нь эргэлзээтэй байгаа гэнэ. Улмаар эдгээрийг ОУПХ-нд танилцуулахаар төлөвлөж буй юм байна. Түүнчлэн уг хэргийн цорын ганц амьд гэрч Б.Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг ил гаргахаар бэлтгэж байгаа гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)