​“Оумуамуа” гараг биш, станц байх магадлалтай


Канадын одон оронч Роберт Уэрик 2017 онд нарны аймгийн гараг хооронд “сэлгүүцэх”, гавана тамхи шиг хэлбэртэй нэгэн биетийг сансрын Pan-STARRS дурангаар илрүүлэн “Оумуамуа” гэж нэрлэжээ.

Тухайн үед дэлхийгээс 30 сая км зайтай зөрж өнгөрсөн эл биетийг манай нарны аймагт гаднын бүр тодруулбал, Вегас одны системээс ирсэн жижиг гараг гэж үзэх боломжтой байжээ. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн нарийн хэмжээс, үзүүлэлт зэрэг нь таарсан гэсэн үг. Нэрний хувьд Хавайн одон орны хүрээлэнгийн дурангаар илрүүлсэн учраас “Оумуамуа” гэсэн эл биетийн урт 400, өргөн нь 40 метр. Бүтцийн хувьд цул чулуу, эсвэл металл гэж дүгнэсэн байдаг.

Ямар ч гэрэл цацруулалгүй, секундэд 26.33 км хурдтайгаар гараг хооронд “дураар хөвж” яваа “Оумуамуа”-г сансрын станц, төхөөрөмж байх магадлалтай гэсэн таамгийг олон улсын судлаачид дэвшүүлсэн талаараа мэдээлэв. Учир нь өнгөрсөн оны аравдугаар сард нарны аймагт “зочилсон” тэр биет сүүлийн үед нэг л “зохисгүй авирлах” болжээ. Тодруулбал, өнгөрсөн сарын эхээр нарыг чиглэн хурдалж байснаа хэд хоногийн дараа чиглэлээ огцом өөрчлөн, дэлхийн тойрог замд ойртжээ. Ингээд секундэд 44 км хурдтай эргэлдэж байгаад 10-аад хоногийн өмнө цэнхэр гаргийг орхин холдож, нарны аймгийн хязгаар руу явжээ.

Энэ мэт сонин хөдөлгөөн хийж байгаа “Оумуамуа”-г солир, гараг гэхэд багадна гэж үзэж байгаа гэнэ. Магадгүй өөрсдөөс нь өөр соёл иргэншлийг хайхаар оддын аймгуудаар “тагнуул” хийж буй харийн хөлөг байхыг үгүйсгэхгүй гэсэн байна.


Э.Хана


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)