ОУВС уу, Хятад уу

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж, эдийн засгийн хямралаас гарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Төвбанкныхан нэлээд ул суурьтай дүн шинжилгээ хийсний эцэст ийм дүгнэлтэд хүрсэн хэрэг. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Стэнд бай”-г хэрэгжүүлнэ гэж ам нээснээр төрийн бодлого нэг талдаа гарах шиг боллоо.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг бүрдүүлдэг. Тэд Олон улсын валютын сан, Дэлхийн банкны 2016 оны чуулганд оролцож байгаа. Монгол ОУВС-гийн гишүүн улс тул ээлжит хуралдаа оролцох нь зүй. Гэхдээ манай гурав зөвхөн хуралд оролцохоор Вашингтон хотыг зориогүй. Тэдний гол зорилго бол ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах санал тавих явдал.

Санал тавингуут цаадуул нь уухайн тас хүлээгээд авчихна гэж ойлгож болохгүй. Манай эдийн засгийн нөхцөл, үзүүлэлтийг сайтар нягтална. Тэгээд шаардлагуудаа тавина. Өөрөөр хэлбэл, тохиролцоо хийнэ гэсэн үг. Аль нэг тал нь зөвшөөрөхгүй бол хөтөлбөр хэрэгжихгүй. Хэрэв хөтөлбөр хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээгээ харилцан хүлээн зөвшөөрвөл ОУВС-гийн гүйцэтгэх захирлуудын зөвлөлд танилцуулга хүргүүлдэг.

Тус зөвлөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг зөвшөөрсний дараа зээлийн хөрөнгө манайх руу орж ирнэ. Гэхдээ бүх мөнгөө нэгмөсөн шилжүүлэхгүй, хөтөлбөрийн явц, биелэлттэй уялдуулж шат дараатайгаар өгнө. Манайхан тохиролцооноосоо өөрөөр ажиллавал хөтөлбөрөө зогсооно. Тэгэхээр юу юугүй “Стэнд бай”-д хамрагдах нь гэж дүгнэхэд эрт байна.

“ОУВС-гийнхан хатуу шаардлага тулгавал татгалзах хэрэгтэй” гэж эрх баригчдын зарим төлөөлөл дуугарч эхлэв. Тэдэнтэй тохиролцоонд хүрэхгүй бол дараагийн хөзөр нь эрх баригчдын гарт бэлэн байгаа учраас “хатуу боорцог” дэвтээж идэхгүй гэж гөжиж буй нь тэр. Хэрэг бишидвэл хангалттай мөнгөөр тусална гэсэн хөрш гүрний амлалт тэдний нөөцөд бий.

Тэр мөнгөтэй айл бол Хятад. МАН-ынхан Хятадын Засгийн газраас зээл авах нь гэсэн явган яриа газар авсан. Манайх шиг жижиг эдийн засагтай улсыг төвөггүйхэн төвхнүүлчих чадал тэднийд бий. Гэсэн ч хятадаас цэрвэх монголчуудын үзэл тэднийхтэй “найзлах”-ыг хүлээн зөвшөөрөхгүй л болов уу.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтад Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ оролцсон. Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаад “Эдийн засаг чинь хүндэрвэл манайд хандаарай. Бид хангалттай тусламж үзүүлж чадна шүү” гэсэн гэх. Тэгвэл Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ манай Ерөнхий сайдад “Олон улсын жишгээ дагасан нь зөв шүү.

Хэрэв хөнгөлөлттэй зээл авах шаардлага гарвал ОУВС-даа хандаарай” гэж захиад явсан гэх. ОУВС-гийнхан хүчирхэг эдийн засагтай улсад нь тухайн бүс нутгийн ачааг үүрүүлдэг. Зүүн Азийн бүс нутгийн ачааны хүндийг Япон үүрдэг юм. Тэгэхээр манайхан “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэх, эсэх нь япончуудын оролцооноос ихээхэн хамааралтай. Эцсийн шийдвэр Японы бодлогоос шалтгаална гэж ойлгоход гэмгүй.

УИХ-ын дарга М.Энхболд энэ долоо хоногт МАН-ын даргын хувиар өмнөд хөршид айлчилна. Хоёр улсын эрх баригч намын дарга уулзах учраас харилцаа, хамтын ажиллагааны асуудал хөндөгдөхгүй өнгөрнө гэж юу байх вэ. Энэ айлчлалаар Хятад, Монголын ирэх жилүүдийн харилцаа, хамтын ажиллагааны чигийг тодорхойлно гэж харж байна.

Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийх айлчлал энэ өдрүүдэд давхцана. Тэр намаа биш, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх нь гарцаагүй. “Хоёр том”-ын айлчлалын дараа Монгол Улсын эдийн засгийн хэтийн явдал, хямралаас гарах гарц илүү тодорхой харагдах болов уу. Одоохондоо эрх баригчдын бодлогыг тийм гэж таамаглахад бэрх.

Сангийн сайд АНУ руу нисэхийнхээ өмнө 2017 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Улмаар хэвлэлийн бага хурал хийж, төсвийн бодлогоо тайлбарласан юм. Энэ үеэрээ “Хятадын Засгийн газраас 400, Өмнөд Солонгосынхоос 300 сая ам.долларын зээл авна” гэж ярив. Хятадуудтай хамтарч ажиллах нь эртнээс тодорхой байсан бололтой.

Мөн “Тавантолгой” төслийг хятадуудтай хамтарч хэрэгжүүлэхээр тохиролцсон, татварын урьдчилгаанд 450 сая ам.доллар авахаар болсон гэх “бор шувуу” МАН-ынхан дунд нисэж явна. Хятадаас авах мөнгөө юунд зарцуулах нь вэ? Гэтэл яагаад хажуугаар нь “Стэнд бай” хөтөлбөрт орохоор хөөцөлдөөд эхлэв. Хоёулангаас нь зээл авч, эдийн засгаа тэтгэх боломжтой юу? Өмнөд Хятадын тэнгисийн маргаанаас үүдээд Хятад, Японы харилцаа хөндий байгаа. Тэгэхээр энэ хоёр нэг тогоо руу мөнгө цутгах уу? Энэ мэт олон асуулт ар араасаа хөвөрнө.

Ирэх онд төсвийн алдагдлыг нөхөхөд 1.2, Засгийн газрын зээлийг дахин санхүүжүүлэхэд гурван тэрбум ам.доллар шаардлагатай. Нийт 4.2 тэрбум ам.доллар босгох даалгавартай гэсэн үг. Заавал мөнгө босгох албагүй л дээ. Засгийн газрын зарим зээлийн хугацааг хойшлуулах боломж бий. Гэхдээ Засгийн газрын авч буй зээлийг дотоодын эдийн засгаа тэтгэх, өрийн менежмент хийх гэж хоёр хувааж үзэх нь зүйтэй юм.

ОУВС-гаас 1-1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тооцоог Монголбанкныхан гаргасан. Үүгээр дотоодын эдийн засгаа тэтгэнэ, бусад зээлд өрийн менежмент хийнэ гэж таамаглаж байна. Эсвэл Хятадаас зээлсэн хөрөнгөөрөө дотоодын эдийн засгаа тэтгэх юм болов уу.

Уул уурхайн түүхий эдийн үнэ унасан, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурснаас үүдсэн төлбөрийн тэнцлийн хямрал эцсийн бүлэгт эдийн засагтаа халдварлалаа. Эдийн засаг хямарч байхад мөнгөний тэлэх бодлого баримталж, урсгал сөрөх ёстой. Гэтэл эдийн засаг агшиж, дефляц үүсчихээд байхад Монголбанк түүхэндээ хамгийн өндөр бодлогын хүү тогтоочихоод, урсгал дагаад хөвж явна.

Энэ бол валютын ханшийг өсгөж, төлбөрийн тэнцлийн хямрал гүнзгийрэхээс сэргийлж, амь тариа залгаж буй арга хэмжээ. Уг нь төлбөрийн тэнцлийн хямралын “эмчилгээ” нь ам.долларын урсгалыг нэмэгдүүлэх байв. Гэтэл манайхан “ногоон”-ы урсгалыг нэмэгдүүлж чадахгүй явсаар эдийн засгийн хямралтай золголоо.

Ам.долларын урсгалыг сайжруулах боломж хангалттай их байв. “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрт эхлүүлсэн, “Тавантолгой” төслийг “хөдөлгөсөн” бол гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, ам.долларын урсгал сайжрах байлаа. Томоохон төслүүдийн үржүүлэгч нөлөө эдийн засагт ашиг тусаа өгөх байв. Тохиромжтой цагт нь боломжоо ашиглаж чадаагүй учраас бид хямралтай учирчээ.

Хоёр жилийн өмнө “Стэнд бай” хөтөлбөрт орохгүйгээр амиа аврах боломж бидэнд байсан. Өнгөрснийг эргэн харвал, улстөрчдийн “зодоон” бүгдийг баллажээ. Одоогийн эрх баригчид ч бусдын хараа хяналтгүй, албадлагагүйгээр өмнөх алдааг засаж чадахгүй бололтой.

Үүнийг батлах нэгэн жишээ дурдъя. УИХ 2016 оны төсвийн тодотголыг батлахдаа өндөр өртөг бүхий 16 төсөл, арга хэмжээг шинээр тусгасныг эх сурвалж дуулгав. Төсвийн алдагдал өндөр байгаа өнөө үед шинэ төсөл, хөтөлбөр санхүүжүүлэхгүй гэсэн зарчмын байр суурь хаачсан бэ? Төсвийн сахилга батыг сахина гэсэн амлалтаа мартчихсан уу?

“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал төсвийн ил тод байдал, сахилга батыг сайжруулах, алдагдлыг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн бодлогын үр шимийг нэмэгдүүлэхийг шаардана. Энэ бол өөрийн эрх ашгаа өмнөө тавих дуртай, манай улстөрчдийн хийж чаддаггүй ажил.

Өөрсдөө толгойгоо ажиллуулаад хийж чадахгүй юм бол бусдын заавар зөвлөгөө, шаардлага дор “сайн зүг” рүү явъя. Товчхондоо “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан нь зөв гэж үзэж байна. Эдийн засгийн нөхцөл, Засгийн газрын бодлогын алдаанууд ингэхийг шаардлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)